2015 оны долдугаар сараас нийтийн тээвэрт ухаалаг үйлчилгээ нэвтрүүлж, иргэд карт ашиглан автобусаар зорчдог болсон. Энэ салбарт шинэчлэл хийсэн нь сайшаалтай. Гэвч улаанбаатарчуудын хөл дүүжлэх унааг ухаалаг болгосонтой холбоотой эргэлзээтэй зарим зүйл байсаар.
Харин “Улаанбаатар смарт карт”-ынхан дорвитой хариулт өгч чадахгүй байгаа нь харамсалтай. Бидний төлсөн мөнгө нийтийн тээврийн хөгжилд зориулагдана гэдэг ч үнэндээ хөгжөөд байгаа зүйл алга. Утаатай автобуснууд эвдэрч, шатах тохиолдол олон гарсан хэвээр л байна.
“Улаанбаатар смарт карт” компанийг 2014 оны арваннэгдүгээр сард 1.82 тэрбум төгрөгийн дүрмийн сантай, зургаан талын санаачилгаар байгуулжээ. Тодруулбал, нийслэлийн Засаг даргын Тамгын газар 438 сая (24 хувь), Өмнөд Солонгосын “Кореа смарт карт” нэг тэрбум (55 хувь), бусад дөрвөн компани 18.2-136.9 сая төгрөгийг дүрмийн санд нь оруулсан байна. Тус компанийн үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн эргэлзээтэй зүйл байгааг дор онцолъё.
ТӨХӨӨРӨМЖ ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ
Гэрээний хүрээнд БНСУ-аас 13 сая ам.долларын (тухайн үеийн ханшаар 25.3 тэрбум төгрөг) хөрөнгө оруулсны дийлэнхийг карт уншигч төхөөрөмжид зарцуулжээ. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар нэг автобусанд суурилуулсан тоног төхөөрөмжүүдийг 4400 ам.доллароор үнэлж автобус компаниудад өгсөн гэнэ.
Тэгэхээр жолоочийн удирдлагын төхөөрөмж, суух болон буух карт уншигч, бэлэн мөнгөний хайрцаг, буудал зарлагч лед дэлгэц, модем, GPS, дөрвөн камер нийлээд ийм өндөр үнэтэй болж таарах гээд байдаг! Үүн дээр суурилуулалтын зардлыг тооцсон ч энэ арай л “тэнгэрт хадсан” үнэ биш гэж үү.
Энэ талаар “Улаанбаатар смарт карт” компанийн Тээврийн хэлтсийн менежер Ц.Түвшинжаргалаас тодруулахад, “Хэлж мэдэхгүй байна. Ямартай ч БНСУ-ын хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжийг зах зээлийн үнээс хямдаар нийлүүлсэн. Зарим хүн “Alibaba”-гийн цахим хуудаснаас Хятадын программ авах үнэтэй харьцуулдаг, эсвэл нэг монгол залуу “Би хийх байсан юм” гэдэг. Хамгийн сүүлийн үеийн утсыг “Nokia”-тай харьцуулбал өрөөсгөл шүү дээ” гэв.
Зах зээлийнхээс хямд гэж буй атлаа хэдээр нийлүүлснийг мэдэхгүй хэмээж байгаа нь хачирхалтай. Тэгвэл нийслэлийн ИТХ-ын ажлын хэсгээс тус компанид шалгалт хийж, төхөөрөмж худалдан авах тухай гэрээ, төлбөрийн баримтыг удаа дараа шаардахад гаргаж өгөхөөс татгалзжээ. Ижил төстэй төхөөрөмжийн үнийг нийлүүлэгч байгууллагуудынхтай харьцуулахад тайланд тусгасан дүнгээс 4-5 дахин хямд байсан нь анхаарал татаж буй.
Тухайлбал, монгол залуусын санал болгосон төхөөрөмж одоо ашигладгаас гурав дахин хямд гэдгийг манай сонин өмнө нь мэдээлж байсан. Гэхдээ “Улаанбаатар смарт карт”-ынхан ганц ч үг ган хийлгүй өдий хүрчээ. Уг нь мэдээллээ ил болгочихвол хэл ам татлахгүй амар баймаар юм.
Эргэн сануулахад, өнгөрсөн оны гуравдугаар сард нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга манай сонинд “Оруулж ирсэн тоног төхөөрөмжийн талаар мэргэжлийн аль ч байгууллага дүгнэлт гаргаагүй” гэж ярьж байв. Мөн “Атибус” компанийн захирал “Тоног төхөөрөмжийн 50 хувь нь л ажиллаж байсан. Зуун хүн картаар үйлчлүүлэхэд 60 хүн тээвэрлэсэн гэж гарч ирсэн” хэмээн хэлж байлаа.
КОМПАНИУДЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ БҮРЭН ГАРДАГГҮЙ
“Улаанбаатар смарт карт” компанийн 24 хувийг нийслэлийн өмчлөлд үнэ төлбөргүй өгсөн гэж буй. Дээрх хөрөнгийг төсвөөс гаргаагүй, “Кореа смарт карт” оруулсны хариуд “Улаанбаатар смарт карт” оффисоо төлбөргүйгээр, ашиглалтын зардлаа өгөөд явж байгаа гэсэн. Тус компани хэдий хүртэл үнэгүй оффис ашиглахаа мэдэхгүй гэж хариулна лээ.
Нөгөөтэйгүүр, компанийн ТУЗ есөн хүний бүрэлдэхүүнтэй агаад хоёр нь л нийслэлийн ЗДТГ, харин олонх буюу тав нь “Кореа смарт карт” компанийн төлөөлөл байгаа юм. Төрийн үйлчилгээ үзүүлдэг гэдэг утгаараа хувь эзэмшиж, ТУЗ-д багтаж буй ч бие даасан шийдвэр гаргаж байгаа, эсэх нь эргэлзээтэй.
Картын системийг хөгжүүлж дуусаагүй, алдаа, доголдол ихээр илэрч байна. Буух карт уншигч ажиллаагүйгээс дамжин суухдаа 500 төгрөгөөр “шатдаг” тохиолдол гардаг нь наад захын жишээ. Картын систем доголдсоноос шалтгаалж тээврийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын гүйцэтгэлийн мэдээлэл бүрэн гардаггүй “гажиг” байгаа аж. Тиймээс ч систем доголдсон үед гүйцэтгэсэн ажлын мэдээллийг гар аргаар нөхөн оруулдгийг нарийвчлан шалгах шаардлагатай.
Зөвхөн нэг улирлын дүнгээр 44 сая төгрөг ийм байдлаар нэмж тооцсон жишээ бий. Гараар шивж оруулснаар ажил гүйцэтгээгүй байхад автобус явуулсан цагийн хэмжээг өсгөх, улмаар төсвөөс олгож буй зөрүү зардлыг нэмэгдүүлж болзошгүй гэж хардах ч үндэслэлтэй. Машин цагийн зөрүү олговрын хэмжээ байнга өсөж буй учраас тэр. 2015 оны сарын дундаж гүйцэтгэл нь 4.2 тэрбум төгрөг байсан зөрүүнд олгосон татаас 2017 оны дүнгээр 5.6 тэрбум болж нэмэгджээ.
Энэ тухай Ц.Түвшинжаргал “Цагдаа зохицуулах, бүх нийтийн гүйлт, зам засварын ажил гээд зам хаах үед автобус хүлээж зогссоныг ажил хийгээгүй гэж системд автоматаар бүртгэдэг. Арван цаг ажиллах ёстой автобусыг есөн цаг 30 минут ажилласан, 30 минут зогссон гэж гарч ирэхэд зорчигч тээврийн аж ахуйн нэгжээс бичиг ирүүлдэг. Тээврийн газраас хассан цагийг нь буцааж сэргээ гэсэн бичиг ирүүлсэн тохиолдолд гараар шивж оруулан сэргээдэг.
Систем доголдсоноос болж гараар шивж оруулсан тохиолдол байхгүй” гэж үгүйсгэсэн нь үнэмшилгүй санагдсаныг нуух юун. Мөн тэрбээр төлбөр тооцооны системийн хувьд ямар нэг алдаа доголдол, серверт халдсан тохиолдол байхгүй гэсэн юм. Гэтэл нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар “Өмнөх саруудад нөхөн олговор, машин цагийн зардлыг хэвийн олгож байсан.
Харин энэ удаа программд алдаа гарсан учраас зайлшгүй нягтлах шаардлага тулгарсан” гэж ярьсан нь долоо хоногийн өмнөх хэвлэлд нийтлэгджээ. Ер нь машин цагийн санхүүжилт болон нөхөн олговрын мөнгө хугацаандаа орохгүй байгаа нь тээврийн компаниудад хүндрэл учруулж буй бөгөөд ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүрдэг юм. Дээрээс нь мэдээллийн хамгаалалт маш сул, хакерт өртдөг нь нийслэлийн ИТХ-аас хийсэн шалгалтаар тогтоогджээ.
ҮҮРГЭЭ ХАРИУЦУУЛСНЫ УЧИР ЮУ БАЙВ
Өнгөрсөн оны долдугаар сарын 21-нд нийтийн тээврийн үйлчилгээний бүртгэл, хяналт, мэдээлэл, төлбөр хураалтыг гүйцэтгүүлэх гэрээг нийслэлийн Тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” компанитай байгуулжээ. Уг гэрээний дагуу нийслэлийн Тээврийн газар нь “Улаанбаатар смарт карт”-д бүх орлогыг хураан авах, доголдож буй үйл ажиллагааг бүх шатанд нь сайжруулах чиглэл бүхий гэрээ хийн, өөрийн бодлого гаргах, төлбөр тооцоог хураан авах болон хяналт шалгалт хийх чиг үүргээ хариуцуулсан нь тендерт шалгаруулсан компанидаа найр тавьсан хэрэг биш гэж үү.
Нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн төлбөрийг бүрэн хянаж чадахгүй, орлого хумигдсаар байна. Ер нь нийт зорчигчийн 40 орчим хувь нь үнэ төлбөргүй зорчих нөхцөл үүсчээ. Үүнийг “Улаанбаатар смарт карт”-ынхан хүлээн зөвшөөрсөн агаад тэдний тооцож буйгаар зорчигчдын 20 гаруй хувь нь үнэ төлбөргүй зорчиж байна.
Тодруулбал, дутуу, канондсон мөнгө иргэд хийдгээс үүдэн орлогын найм, жолооч нар хулгайлдгаас 15 гээд нийт 23 хувийн орлогоо алдаж байгаа хэмээн үзэж буй гэсэн. Бас жолооч нар камерын бараг 70 хувийг эвдэлсэн гэж байсан юм. Тэгвэл жолооч нар хэрээс хэтэртэл хардуулж буй учраас бүх зорчигчийг карт ашигладаг болгохыг шаардсан юм билээ.
Ямартай ч 2015 оны сарын дундаж гүйцэтгэл нь 4.4 тэрбум төгрөг байсан шугамын орлого энэ оны дүнгээр 3.4 тэрбум болж доошилжээ. Сонирхуулахад, картын системд шилжихээс өмнө автобус компаниуд өдөрт дунджаар 850.000 хүн тээвэрлэдэг байсан бол шилжсэнээс хойш 600.000 болж буурсан дүн гарсныг албаныхан дуулгаж байгаа юм. Үүнийг нийтийн тээврийн компанийнхан эсэргүүцсээр ирсэн тухай нэг хэвлэлд хэдхэн хоногийн өмнө тэмдэглэжээ.
“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ 2014 онд 300 автобус, троллейбустай байсан бол өнгөрсөн онд 370-д хүрсэн байна. Гэтэл тус газрын шугамын орлого 2014 онд 20.7 тэрбум төгрөг байсан ч 2016 онд 13.5 тэрбум болж “урууджээ”. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийн тоо 23 хувиар нэмэгдсэн ч шугамын орлого нь даруй 35 хувиар багассан гэсэн үг.
“Зорчигч тээврийн нэгтгэл” орлогоороо зардлаа нөхөж чадахгүйн улмаас 2015 оноос нийслэлийн төсвөөс зардлын санхүүжилтдээ жилд дунджаар 17.5 тэрбум төгрөгийн татаас авч байгаа гэсэн дүн бий. Нөгөөтэйгүүр, нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг 20 аж ахуйн нэгжид өндөр настан, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цагдаа, цэргийн алба хаагчдад зориулсан нөхөн олговроор жил бүр Улаанбаатар хотын төсвөөс 88.3 тэрбум төгрөг олгож буй. Тэдгээр 20 аж ахуйн нэгжийн 740 орчим шалгагчийн цалинд долоон тэрбум төгрөгийг зарцуулдаг.
Тэднийг нийтийн тээвэр эрхлэгч аж ахуйн нэгжээс томилж байгаа тул “өөрөө өөрийгөө” шалгадаг тогтолцоотой гэхэд хилсдэхгүй учраас хяналт шалгалтыг хангалттай хийж байгаа, эсэх нь эргэлзээтэй. Тэгвэл шугамын орлогын талаар Ц.Түвшинжаргал “Нийслэлийн Тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” хамтран хариуцаж байгаа. Картаар зорчиход орлого нь Худалдаа хөгжлийн банкны дансанд төвлөрч, маргааш нь аж ахуйн нэгжүүдэд хуваарилагддаг.
Орлогыг “Улаанбаатар смарт карт” хараад, бусад нь үздэггүй зүйл байхгүй. Төрийн байгууллагууд бүх дансыг шалгаж, үзэх боломжтой. Дүнг “Улаанбаатар смарт карт”, нийслэлийн Тээврийн газар, аж ахуйн нэгжүүд нэвтрэх эрхээрээ хардаг. Аж ахуйн нэгжүүдэд цугласан бэлэн мөнгийг “Улаанбаатар смарт карт”, тухайн компанийн тус бүр нэг хүн гарч, хоёр талын хяналт дор хайрцгийг задалж, тоолдог” хэмээв.
Нөгөөтэйгүүр, зорчигчдод карт худалдах, дансыг нь цэнэглэх гэрээт цэгүүд бий. Тэдгээр цэг бүрт банкны харилцах данс нээсэн юм байна. Худалдаа хөгжлийн банкинд нийт хэдэн данс нээлгэсэн тоог мэдэх боломжгүй байгаа гэнэ. Хэдэн төгрөгийн орлого орж байгааг хянах боломжгүй байгаа тул данснуудын тоог тогтоох, гүйцэтгэлд нь аудитын дүгнэлт гаргуулах нь зүйтэйг нийслэлийн ИТХ-аас хийсэн шалгалтын мэдээлэлд тэмдэглэжээ.
Удаа дараа шинэчилсэн гэрээнүүдийн дүнд “Улаанбаатар смарт карт” үйлчилгээний шимтгэл болгон бэлэн мөнгөний орлогоос 9.8 хувийг нь авч буй. Үүнд тулгуурлан 13 сая ам.долларын хөрөнгөө олж авахыг гэрээнд тусгасан байна. Тус компанийн гүйцэтгэх захирал өнгөрсөн оны гуравдугаар сард “Бид өөрийн нэвтрүүлсэн систем болон тоног төхөөрөмж, программ хангамж, сүлжээ дэд бүтэц, тээврийн хэрэгсэлд суурилуулсан тоног төхөөрөмжөөрөө дамжуулан нийтийн тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг бодит цагаар харж, байнгын хяналт, удирдлага, зохицуулалтаар хангаж, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний орлогын төвлөрүүлэлт, хураалт, хуваарилалтыг гүйцэтгэсний шимтгэлд нийслэлийн ЗДТГ-тай гэрээ байгуулсны дагуу уг мөнгийг авдаг.
Нэг хүний зорчих 500 төгрөгийн 50-ийг нь авдаг” гэж өгүүлсэн нь манай сонинд хэвлэгдэж байв. Тэгвэл Ц.Түвшинжаргал “БНСУ-ын тал хөрөнгө оруулалтаа нөхөж эхлээгүй байгаа” гэсэн юм. Дашрамд дурдахад, 9.8 хувь гэдэг нь олон улсын санхүүгийн үйлчилгээний жишигтэй харьцуулахад 2-3 дахин өндөр хэмжээ аж. Яагаад гэрээг өөрчлөн, хувь хэмжээг нэмэх шийдвэрийг албан тушаалтнууд гаргасан юм бол? Тус компани шугамын орлогоос гэрээний дагуу 2015-2016 ихээхэн хэмжээний шимтгэлийг эргэн төлөлтөөр буцааж авсан юм билээ.
Улаанбаатарын нийтийн тээвэрт шинэ систем, ноу-хау нэвтрүүлснийг үгүйсгэх, хөрөнгө оруулагчийг хөөж гаргах гэсэнгүй. Гагцхүү энэ мэт эргэлзээтэй зүйлсийг тодруулж, нээлттэй байхыг шаардаж байна.