Энэ мэдээ хуучирсан буюу 2017/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МОНГОЛЫН ОФФШОРЧДЫГ ХАШРААХ ЦАГ АЙСУЙ

МОНГОЛЫН ОФФШОРЧДЫГ ХАШРААХ ЦАГ АЙСУЙ-Хууль батлагдсаны дараа оффшор бүсэд хөрөнгөө нуусан, хувьцаа эзэмшиж байгаа, хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан, албан тушаалаа ашигласан этгээдүүдийн хөрөнгийг Монгол Улсад оруулж ирэх, үгүй бол хариуцлага тооцно гэв.

Оффшортой холбоотой асуудал 2013 оны намраас монголчуудын анхаарлыг татаж эхэлсэн түүхтэй. Тухайн үед УИХ-ын дэд дарга асан С.Баярцогт гадаад дахь оффшор дансандаа нэг сая ам.доллартай гэсэн асуудал гарч ирснээр тэр үеийн УИХ-ын 

Тамгын газар, нэр бүхий гишүүд захиалга өгч, судалгаа хийлгэж байсан гэдэг. Дэлхийн олон улс оронд, тухайлбал Виржиний арлууд, Бермуд, Кипр гэх мэт газарт оффшор бүс байрладаг. 1990-2015 онд Монгол Улсад 14 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирснээс 10.8 тэрбум нь оффшор бүсийн улс оруудаас орж ирсэн гэдэг албан ёсны тоо баримт байдаг аж. Мөн гадаадын 110 улсаас 13000 ААН манайд үйл ажиллагаа явуулж байгаагаас 913 нь оффшор бүсээс үйл ажиллагаа явуулж байна гэсэн тоо байна.


Олон улсын сэтгүүлчдийн эрэн сурвалжлах багийнхны хамгийн эхний илрүүлэлтээр манай улсын 40-50 иргэний нэр оффшорт бүртгэлтэй байсан. Тэгэхдээ төрийн өндөр дээд албаныхан ихэвчлэн эхнэр хүүхэд, ах дүү, хамгийн ойр дотны хүмүүсийнхээ нэр дээр оффшор данс нээлгэх буюу компани бүртгүүлсэн аж. Өөрөөр хэлбэл, тэд хөрөнгө орлогын мэдүүлэг, татвараас зайлсхийж, гэр бүл, хүүхдүүд, ах дүү нарынхаа нэр дээр данс нээснээрээ олны дунд дуулиан шуугиан тарьж эхэлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор ард түмэн Монголоос зарлагдсан 49-50 хүнийг хэний хэн, хаана, ямар ажил эрхэлдэг, тэр их мөнгийг яаж олж авсан, хөрөнгийн ямар эх үүсвэрээс мөнгө босгосон бэ зэргийг нэг бүрчлэн шалгаж, олон түмэнд ил тод мэдээлэхийг шаардсаар байгаа юм.

Энэхүү бүдэг бадаг, таамаг бүхий зүйлийг нэг бүрчлэн цэгцлэх зорилгоор энэ сарын 6-нд эхлэх УИХ-ын хаврын чуулганаар Оффшорчдод хариуцлага тооцох тухай хуулийн төслийг дахин өргөн барихаар зэхэж байна. Тодруулбал, УИХ-ын дарга М.Энхболд “Оффшор данстай хүн Монгол төрийн албанд ажиллахгүй байхаар хуульчилна” хэмээн өнгөрсөн сарын сүүлчээр мэдэгдсэн. Мөн Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт “УИХ-аас оффшорчдод хариуцлага тооцох тухай хууль батлагдвал тэдэнд хариуцлага тооцох эрх зүйн боломж бүрдэнэ. Хууль батлагдсаны дараа Засгийн газраас оффшор бүсэд хөрөнгөө нуусан, хувьцаа эзэмшиж байгаа, хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан, албан тушаалаа ашигласан этгээдүүдийг “Хөрөнгөө Монгол Улсад оруулж ир. Оруулж ирэхгүй бол хариуцлага тооцно” гэсэн асуудлыг ярина. Оруулж ирэхгүй бол илрүүлэн хүчээр хурааж, Монгол Улсад оруулж ирэх арга хэмжээ авна” хэмээн жинтэйхэн дуугарч, зарим нэг хүний цус харвуулах шахсан билээ.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “Монгол Улс хямраагүй. Оффшор данстанууд хулгай хийж, хувааж идэж хямруулсан” хэмээн хэлж байсан удаатай.

МОНГОЛЫН ТҮҮХЭНД ТОДООС ТОД БИЧИГДЭХ ХОЁР ЭРХЭМ

Ямартай ч Монголын төрд ажиллаж байгаа нөлөө бүхий хоёр эрхэм оффшор дансны асуудлыг сүүлийн үед эрчимтэй хөндсөнөөс үүдэн ТББ-ууд, Иргэний хөдөлгөөнүүд эрчимжиж, хууль бусаар хөрөнгөжиж баяжсан оффшортнуудад хариуцлага тооцох, хөрөнгийг нь хураах хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн тайван жагсаал хүртэл зохион байгууллаа. Өнгөрсөн баасан гарагт Сүх жанжны талбай дээр болсон энэ жагсаал олон мянган иргэнийг хамруулж чадсан билээ. Юутай ч Хууль зүйн сайд С.Бямбацогт өнөөдөр энэ зэргийн юмыг хийчих эрх мэдэл өөрт нь бий учраас ийнхүү зоримог хэлж олон ч хүнийг хөдөлгөөнд оруулаад эхэллээ. Тэгэхээр УИХ-ын Хаврын чуулган эхэлсэн өдрөөс л ард түмэн оффшорчдод хариуцлага тооцох тухай хуулийг хэзээ баталж эцэслэх вэ хэмээн нэхэх нь ойлгомжтой. Эдийн засаг нь ядарч, гадна, дотноос мөнгө бадарчилж буй энэ үед ард түмэнд энэ хууль юу юунаас илүү хамгийн хэрэгтэй хууль болчихоод байгаа юм.

Ийнхүү нөлөө бүхий хоёр эрхмийг хэлсэн амандаа хүрч, бусад хуулиудас урьтаж оффшортнуудад хариуцлага тооцох хуулийг батална хэмээх хүлээлт үүсч эхэллээ.

Зарим хүмүүс “Оффшор данстай улстөрчид, төрийн албан хаагчдад аюулын харанга дэгдсэн хууль батлагдаж магадгүй боллоо. Өөрөөр хэлбэл, хөрөнгө, орлогоо мэдүүлдэг албан тушаалтан оффшор бүсэд данс эзэмших, компани байгуулахыг хуулиар хориглож, улмаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар хуульд тусгаж өгөхөөр болсон. Тухайлбал, өнгөрсөн арванхоёрдугаар сард Засгийн газрын хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцээд, Хууль зүй, дотоод хэргийн сайдад төслийг боловсруулан Засгийн газарт оруулж ирэхийг даалгасан. Тус нэмэлт өөрчлөлтийн гол санаа нь хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх болон нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвших үедээ оффшор бүсэд өөрийн нэр дээр банкинд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох тухай тусгасан. Үүнээс гадна төрийн өндөр албан тушаал хашиж буй хүмүүс эхнэр хүүхэд, ах дүү, хамгийн ойр дотны хүмүүсийнхээ нэр дээр данс нээхийг хориглоно гээд заачихвал энэ төгс хууль болж оффшорчдыг бүтэн нойртой хонуулахгүй” хэмээн хэлсэн юм.

Ямартай ч тус хууль батлагдсан тохиолдолд төрийн өндөр дээд албан тушаалд томилогдсон оффшор данстанууд ямар цочроо авч, хөрөнгөө Монгол Улсад оруулж ирэх эсэх нь чухал. Эцэст нь хэлэхэд тус хууль батлагдаж, оффшор дансанд байгаа их хэмжээний мөнгөний урсгал Монгол руу цунами мэт давалгаалан орж ирвэл мэдээж энэ бүхэн М.Энхболд, С.Бямбацогт гэх эрхмүүдийн хийсэн ажил хэмээн Монголын түүхэнд тодоос тод бичигдэн үлдэх нь лавтай.

Өглөөний сонин
Р.Саруул

51% хэнийх вэ? Сонирхолтой таамаглалууд
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.