ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хамгийн сүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна. Түүнтэй сэтгүүлч Владимир Соловьев ярилцжээ.
-Владимир Владимирович, Сирид явуулсан Оросын ажиллагааг бусад орнууд маш их шүүмжилсэн. Тэр ажиллагаа зөв байсан уу?
-Ажиллагаа олон улсын хэм хэмжээнд, Арабын Сири улсын албан ёсны хүсэлтийн дагуу явагдсан. НҮБ-ын шийдвэргүй, Сирийн эрх баригчдаас зөвшөөрөл аваагүй учраас бусад бүх улсын ажиллагаа хууль бус. Лалын улс бүлэглэлийн эсрэг эвсэлд нэгдсэн 11 улс Сирийн газар нутгийг жилийн турш хаа сайгүй бөмбөгдөж байсан. Бид тэдэнд хамтрах санал тавьсан. Хамгийн энгийнээр бодоход, тэд бидэнтэй нэгдсэнээр дээрх замбараагүй бөмбөгдөлтөө хууль ёсны болгох боломж байсан. Харамсалтай нь, энэ асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй. Биднийг “Лалын улс”-ыг биш, сөрөг хүчнийг бөмбөгдөж байна гэсэн. Бид хариуд нь “Та бүхэн Сирид жил гаруй хугацаанд хууль бусаар байлдааны ажиллагаа явуулсан болохоор нөхцөл байдлыг биднээс илүү мэдэж байгаа шүү дээ. Бидэнд чиглэл өг, бид түүн дээр чинь ажиллая” гэсэн хүсэлт тавьсан.
-Татгалзсан уу?
-Тийм. Татгалзсан, ийм түвшинд хамтарч ажиллахгүй гэсэн. Ойлгомжгүй. Хэрвээ тэд үнэхээр нөхцөл байдлыг биднээс илүү мэддэг, бас тэгээд алан хядагчидтай тэмцэхийг хүсч байгаа юм бол нуугдаж байгаа газар, зэвсэг, хангамжийн баазыг нь зааж өг л дөө. Бидэнд бай зааж өг гэсэн. Харамсалтай нь, ингэж хамтрах хэмжээнд хараахан хүрсэнгүй. Гэхдээ итгэл алдрах болоогүй байна. Бидний зорилго бол хууль ёсны засаглалыг бэхжүүлж, улс төрийн гарц хайх нөхцөл байдлыг бий болгох.
-Та хууль ёсны засаглалыг цэргийн хүчээр бэхжүүлнэ гэж боддог уу?
-Мэдээж, цэргийн хүчээр. Сирийн нийслэлийг бүсэлсэн олон улсын алан хядагчид, босогчид эрх баригчидтай хэлэлцээр хийх огтхон ч сонирхолгүй байна. Ийм үед шууд хэлэлцээрт орох боломжгүй. Харин Сирийн арми алан хядагчидтай тэмцэх чадвартай гэдгээ харуулж чадвал улс төрийн буулт хийх магадлал мэдэгдэхүйц дээрдэнэ.
-Таны явуулсан ажиллагаа АНУ тэргүүтэй эвслийнхнийг бодвол илүү амжилттай, бөмбөгдөлт байгаа онож байсан. Ийм нарийн мэдээллийг хаанаас авсан юм бэ?
-Хамгийн гол нь, бид энэ байлдааны ажиллагаанд бэлдсэн юм. Хаана ямар объект байгаа, устгахад хичнээн хэмжээний зэвсэг орох гэдгийг тооцоолж, хиймэл дагуул, агаараас хангалттай хугацаанд тагнуул хийсэн. Манай жанжин штабын мэргэжилтнүүд, Сири болон бусад улстай хамтарсан мэдээллийн төвийг Багдад хотод байгуулж, эх сурвалжуудаас ирүүлсэн мэдээллийг боловсруулж байлаа. Эцсийн эцэст агаар-газар ажиллагаа сэтгэлийн хөөрлөөр хийсэн алхам биш, өмнө нь нарийн боловсруулсан төлөвлөгөө.
-ОХУ Сири дэх ажиллагааг эхлүүлсэн нь олон улсад гэнэтийн бэлэг болсон. АНУ-ын тагнуул ажиллахаа больчихсон юм болов уу?
-Тэд ажиллаж байгаа, бас дэлхий дээрх хамгийн шилдэг албадын нэг гэж би боддог. Тиймээс чулуу шидэх хэрэггүй. Тэд маш хүчирхэг, гэхдээ л бүгдийг мэдэж чадахгүй. Цаашдаа ч тийм байх болно.
-Ямар пуужин харвасан юм бэ?
-“Калибрь” гэдэг пуужин. Дөнгөж 2012 оноос л зэвсэглэлд нэвтэрсэн эд л дээ. 1500 километрийн тусгалтай. Онч сайтай, өндөр технолоигор бүтээгдсэн шинэ үеийн зэвсэг байгаа юм. Бид бүх армиа энэ пуужингаар зэвсэглэхээр төлөвлөж байна. Маш түвэгтэй, нарийн зэвсэглэл. Гэхдээ маш үр дүнтэй гэдэг нь туршилтаар батлагдсан.
-Хурд нь цэргийн нууц уу?
-Үгүй ээ, нууц биш. Тийрэлтэт онгоцтой ижил хурдтай. Манай хамтрагчид бүгд бидэнд ийм зэвсэг байгаа гэдгийг мэдэж байгаа.
-Энэ тал дээр барууныхан Оросоос илүү юу, дутуу юу?
-Би алдаж байж ч магадгүй, АНУ-ын усан флотод байрлуулсан пуужин 4500 километрийн тусгалтай гэж сонссон. Гэхдээ бидэнд ч бас 4.5 мянган километрийн тусгалтай пуужин бий.
-Бид өөрсдийнхөө нутгаас тийш нь цохилт өгөх боломжтой гэж үү?
-Яг тийм.
-Зэвсэглэлээр хөөцөлдөөд эхэлжээ?
-Үгүй, асуудал зэвсэглэлээр хөөцөлдөж байгаадаа биш. Зарим нь биднээс түрүүлж яваа, бид зөвхөн хоцрохгүйг л хичээж байна. Зэвсэглэлээ сайжруулах манай хөтөлбөр хэдэн жилийн өмнө, дэлхий нийтийн улс төрийн нөхцөл байдал тогтвортой байх үед батлагдсан. Учир нь, манай армийн зэвсэглэл хуучирч, зарим нь музейн үзмэр болох шахаад байсан юм.
-Барак Обама таны бүх үйлдлийг дэлхийн улстөрийн газрын зургийг өөрчлөх зорилготой гэж буруушааж байгаа. Бид ийм бодлого явуулах боломжтой юу?
-Тийм ээ. Гэхдээ асуудлын гол нь гадаад бодлогодоо биш. ОХУ-ын гадаад бодлого энх тайванч. Үүнд ямар ч хэтрүүлэг үгүй. Газрын зураг гаргаад харах юм бол бидэнд бусдын байгалийн баялаг, газар нутаг хэрэггүй гэдэг нь ойлгомжтой болно. ОХУ бол биеэ даасан улс. Бидэнд хэн нэгэнтэй байлдах, сөргөлдөх шаардлага байхгүй. Тэгж яривал 1990 онд ЗХУ задарч, станууд тусгаар тогтнох үйл явцыг гол санаачлагч хэрэгжүүлэгч нь ОХУ байсан шүү дээ. Тиймээс бидэнд ЗХУ-ыг сэргээн байгуулах хүсэл огт байхгүй. Гэхдээ бид ашиг сонирхлоо хамгаалах болно. Хамгаалж байсан, цаашид ч хамгаална. Батлан хамгаалах салбараа шинэ зэвсэглэлээр хангах шийдвэр олон жилийн өмнө гарсан гэж дээр хэлсэн. 10 жилийн өмнө бид нөхцөл байдлыг урьдчилан харж, төлөвлөгөө боловсруулсан юм. Зэвсэглэл гэдэг өндөр технологи. Хэрвээ бид энэ салбарт асуудлыг шийдэж чадвал зөвхөн салбар шинжлэх ухаан биш, үндсэн шинжлэх ухаан мөн адил хөгжинө. Бидний зорилго ч тийм. Тиймээс асуудлыг энэ талаас нь харахыг хүсч байна. Энэ сэдвийг хөндсөнийх, эдийн засгийн талаас нь бас ярьчихъя. Бид гадаадаас дэвшилтэт техник хэрэгсэл импортолж байгаа. Батлан хамгаалах салбарт ашиглагдах бараа бүтээгдэхүүнийг гаднаас худалдаж авах нь алсын хараагүй үйлдэл гэж харагдахыг үгүйсгэхгүй. Гэвч газрын тос, доллар байхад энэ бүхэн маш амархан. Шинжлэх ухаан, технологио хөгжүүлэх хэрэгтэй байна шүү дээ. Импорт бидэнд ийм боломж олгож байна. Тиймээс гаднаас өндөр үнэтэй техник авч мөнгө үрлээ гэхээсээ илүү өөрсдийнхөө технологийг хөгжүүлэх гэж байна гэж ойлгох хэрэгтэй.
-ОХУ-ыг шийтүүдийн талд орж, суннитуудын эсрэг байлдаж байна гэж ойлгуулахыг хичээж байна?
-Худал цуурхал. Бид шийт, суннитуудад ялгаатай хандаагүй. Манай улсын хүн амын 10 хувь нь лалын шашин шүтдэг. Тэд христ, үнэн алдартны шашинтнуудтай нэгэн ижил ОХУ-ын иргэд. Тиймээс буруу ойлгох хэрэггүй. Сирийн асуудалд бид шашин хоорондын зөрчилд оролцох гэж биш, хууль ёсны засаглалыг нь бэхжүүлэх л ганц зорилготой оролцож байгаа. Бурхны авралаар, бид лалын шашинт маш олон улстай найрамдалт харилцаатай. Тэдний дунд шийт, суннит аль, аль нь байгаа. Тэдгээр улсуудтай цаашид ч анд нөхдийн харилцаагаа үргэлжлүүлэх болно.
-АНУ-ыг та алан хядагчидтай сайн тэмцэж байгаа гэж боддог уу?
-Алан хядагчид бүс нутгийн маш олон оронд аюул занал учруулж байна. Нэг улсын удирдагч надад “Лалын улс бүлэглэл өөрсдөө аллага хядлагын эхний золиос болсон” гэж хэлж байсан удаатай. Тиймээс тэд алан хядагчидтай тэмцэхийг хүсч байна. Европ, АНУ-ын нөхөд маань тэмцэж байна гэж байнга ярьдаг ч тодорхой үр дүн алга. Тэр ч байтугай АНУ алан хядагчидтай тэмцэх дайчдыг бэлтгэж байсан 500 сая ам.долларын өртөгтэй хөтөлбөрөө зогсоочихлоо. Энэ мөнгөөрөө эхлээд 12 000 дайчин бэлтгэнэ гэж байсан юм. Дараа нь 6000-ыг бэлдэнэ гэсэн. Сүүлдээ 60-ыг л бэлдсэн. Үнэн хэрэгтээ “Лалын улс” бүлэглэлтэй 4-5 хүн л байлдаж байна. 500 сая ам.доллар зарцуулаад шүү дээ. Тэд ингэж байснаас тэр мөнгөө бидэнд өгихсөн бол дээр байсан юм. Тэгсэн бол бид олон улсын алан хядагчидтай хэрхэн тэмцдэгийг үзүүлээд өгөхгүй юу. Энэ бол “Хоёр хоёрын дөрөв” гэдэг шиг л тодорхой асуудал.