"Би өнөөдөр цагтай", "Яг одоо би цаганд явж байна", "Уучлаарай, та надад цаг өгөөч", "Маргааш би баахан цагтай" гэх мэт яриаг монголчууд маань сайн ойлгохгүй байх. Энэ нь ямар нэг цаг товлосон уулзалтуудын тухай л яриад байгаа хэрэг. Европын аль ч улсад хувь хүн ч бай, албан байгууллага, эмч, эмнэлэг зэрэг газруудад ганцаарчлан уулзах бол урьдчилж заавал цаг авдаг. Энэ нь ирэх өдөр саруудынхаа ажлыг урьдчилан төлөвлөхөд маш хялбар болгочихож байгаа юм. Орой унтахын өмнө эсвэл өглөө сэрээд хүмүүс маргааш болон өнөөдрийн цагийн дэвтэр, хуанлиа заавал сөхөж хардаг зуршилтай болно. Ингэснээр өглөө хэдэн цагт босох, ямар маршрутаар хааш хаашаа явахаа бүрэн төлөвлөх боломжтой. Тэр ч бүү хэл хэдэн цаг хэдэн минутад гарвал ямар дугаарын автобус, галт тэргэнд суугаад хэдэн минут алхаад очихыг зарим байгууллага сануулах буюу бүр хотын план зураг дээр тодруулж зураад өгөх нь ч бий.
Анх энэ олон цаг, энэ толгой эргэм төлөвлөлтүүдийн дунд маш их будилж, ихэнхийг нь мартаж, гэнэт санаад хоцорч очих, хүлээж авахгүй гэвэл "Ямар сүртэй юм бэ?" гэж ундууцах зэргээр монгол араншингаараа нэлээд хайнга ханддаг байв. Харин одоо бол сурч байна. Ер нь л цаг товлоогүй гэнэтийн уулзалт, урьдчилан болзоогүй санамсаргүй үйлдлүүдийг бараг л гайхчих шахдаг болж. Яагаад гэвэл тухайн үед ямар нэг товлосон цагтай, хөөцөлдөх ажилтай давхцаж мэдэх тул үүнийг үл ойлгох хүн байна гэхээр санаанд багтамгүй шахам болж хувирчээ. Амралтын өдрүүдэд ч бас төлөвлөсөн аялал, уригдсан зоог эсвэл угаалга цэвэрлэгээний товлосон ажлуудтай болж таардаг тул мөн л урьдчилан ярьж тохирсон, болзсон цагийн хувиараар ямар нэг үйл явдлууд хөвөрнө.
Бага, дунд сургуулиуд өглөө 8.30-аас хичээлээ эхэлдэг тул албан газрууд ийм насны хүүхэдтэй хүмүүст заавал хичээл эхэлснээс хойш эсвэл хичээл тарахаас өмнө цаг өгнө. Шууд л тийм ийм өдөр цаг өгье гэхээсээ өмнө "Ийм ийм өдрийн тийм цагууд сул байна. Та авах уу эсвэл өөр цаг гарахыг хүлээх үү?" гэж асууна. Хүн чөлөөтэй цагаа харж байгаад сонголтоо хийдэг тул уг нь нэг их хүндрэл байхгүй. Хэрвээ товлосон цагтай давхцаад яаралтай гэнэтийн ажил гарвал утсаар урьдчилж хэлээд цагаа нааш цааш болгоно. Ингэж хэлээгүй тохиолдолд тухайн албан байгууллага таныг ажил үүргийг нь хүндэтгэсэнгүй гэж үзээд дахин цаг өгөхөөс татгалзаж ч мэднэ. Эсвэл нэлээд үнэмшилтэй тайлбар хүлээн авч байж шинэ цаг өгөхийг зөвшөөрдөг.
Ийм төлөвлөсөн амьдралаар нийгмийг зохицуулж, иргэд ч үүндээ дассан, албан байгуулагууд ч ажил үүргээ хуваарийн дагуу хийж сурсан байдаг тул хэл ам, гомдол чирэгдэл тэр бүр тохиогоод байдаггүй. Энд би ганц ч удаа аль нэг газрын ажилтан ажилчид нэг нэгнийхээ өрөөнд 2, 3-аараа цуглаад дэмий буу халж цаг нөгцөөж суухтай таарч байсангүй. Мөн аль нэг дэлгүүрийн нэг ч кассчин мэндлэхгүйгээр үйлчлүүлэгчийнхээ барааг бичиж, тооцоо хийхийг хараагүй. Уулзалт дуусаад БАЯРТАЙ гэж хэлэхгүй дүмбийгээд хоцордог ганц ч болзогчтой учирч үзсэнгүй. Албан тушаалтан ч бай, хувь хүн ч бай, орцны цэвэрлэгч ч бай, хөршийн хүмүүс ч бай бүр аль нэг газрын хүлээлгийн сандал дээр зэрэгцэн суусан танихгүй хүн ч бай бүгд мэндлэн уулзаад өдрийг эсвэл оройг сайхан өнгөрөөхийг ерөөгөөд сална.
Автобус, трамбайнууд ч бас тодорхой заасан цагийн хуваариар буудлууддаа ирж зогсдог тул гэнэтийн осол, ажил хаялт, техникийн саатлаас өөр тохиолдолд хүмүүс гэрээсээ гараад буудал хүртэл алхах цагаа ч төлөвлөн тооцдог. Нийтийн тээврийн үйлчилгээний маршрут, цагийн хуваариуд улирал, жилээрээ хэвлэгдэн гарч үнэгүй тараагддаг тул оюутан, сурагч, албан хаагчид хэвлэмэлийг хаалганыхаа дэргэд хадчихаад байнга харж заншсан байдаг юм билээ. Зарим өдөр "Маргааш ямар ч цаггүй" гэж бодохоор нэг их сайхан дуу аялмаар ч юм шиг, унталгүй шөнөжин юм бичиж, хэн нэгэнтэй буу халж үүр цайтал тонгочоод үд болтол унтмаар ч юм шиг тийм их амсхийлт мэдрэгддэг бол "Маргааш дараалсан хэд хэдэн цагтай" гэсэн өдрүүдэд маш хянуур байж, хуваариа нягт төлөвлөж биеэ бэлдэхийн тулд бараг л нар жаргахтай уралдан орондоо орох дөхнө.
Цагтай амьдралд бүрэн зохицож, нэгэн бүхэл болохын тулд надаас маш их тэвчээр, анхаарал, хариуцлага шаардагдаж байгаа тул одоогоор жаахан стресстэж л байна. Мартахын манан, хэнэггүй хайнга зан, буруу зөрүү ойлгож будилахын эргүүлэг дотор живчихэлгүй дасан зохицож чадвал гэр бүл болон хүүхдүүдийнхээ ирээдүйн нэг ч гэсэн асуудлыг эерэгээр шийдэж чадах юм даа гэсэн бодол л энэ олон тооны учрыг олчих ганц хүч болж байна даа. Угаасаа тоо тоолуурны харшилтай хүнд нэг centime-ын тооцоог ч бодож сууна гэдэг тийм ч амар ажил биш аж. Гэвч амьдрал угаасаа л цаг хугацаа, тоо бодлогын эрхшээл дор байдаг хойно, яая гэхэв.