Эрүүл мэндийн яам,Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо, Хувийн хэвшлийн эмнэлгүүдийн холбооны төлөөлөл бүхий “Эрүүл мэндийн салбарын хэмжээнд 2017-2018 оны хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр” энэ сарын 17 ны 15 цагт Эрүүл мэндийн яамны Б танхимд эхэллээ.
Хэлэлцээрт талууд тус бүрээс 9 төлөөлөгч оролцож байгаа ба ЭМЯ-ны төлөөлөгчдийг Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, ажилтны төлөөлөгчдийг Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, ажил олгогдыг төлөөлж Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Б.Даш-Яндаг нар ахалжээ.
Энэхүү хэлэлцээрээр эрүүл мэндийн салбарын ажиллагсадын хөдөлмөр, цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй зэрэг асуудлуудыг тусгасан 7 бүлэг 81 заалт бүхийн саналыг Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос Эрүүл мэндийн яам, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбоодод хүргүүлж, хэлэлцээрийг өнөөдөр эхэлж байгаа юм.
2017-2018 онд хэрэгжүүлэхээр байгуулах гэж буй энэхүү хэлэлцээрийн төслийг МЭАМҮЭХ-ноос санаачлан боловсруулжээ. Тэд уг хэлэлцээрийн төсөлд салбарын ажилтнуудын цалин хөлсийг ирэх сарын 1-нээс 10 хувиар нэмэгдүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлж 360 мянган төгрөг болгох, элэгний C вирусын халдвартай эрүүл мэндийн ажилтнууддаа Харвони эмийг үнэ төлбөргүй олгох асуудлыг энэ оны тавдугаар сарын нэгний дотор шийдвэрлэнэ, төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудыг хувьчлахгүй байх зэрэг салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, тэдний эрүүл мэндийг хамгаалах талаар тодорхой саналыг тусгажээ. Тэдний дэвшүүлж буй эдгээр асуудлаар талууд байр сууриа илэрхийлэв.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат: УИХ-аас баталсан төсвийг өөрчлөх боломжгүй.Засгийн газар, МАОЭНХ, МҮЭХ хооронд байгуулсан хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт цалин нэмэгдүүлэх тухай заагаагүй. Бид салбарын ажилтны ажлын ачаалал, цалин хөлс нийгмийн асуудлыг ойлгож байгаа. Гэвч бид салбарын хэлэлцээртээ хуулиас давсан заалт оруулж болохгүй” хэмээсэн.
МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг салбарын ҮЭ-ийн холбооноос үндэсний хэмжээнд зохион байгуулсан “Эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах талаар эрүүл мэндийн сайдтай хийсэн зөвлөлдөх уулзалт”-ын үеэр цалин хөлсийг нэмэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломж бий. Яагаад та нар минь ийм итгэл муутай байна вэ. яам та нарыг сонсч шийдвэрлэх гэж багаараа ирлээ. Боломж бий, шийдвэрлэнэ” гэж хэлсэн. Мөн надтай ажил хэргийн 2 удаагийн уулзалтаараа он гарангуут цалин нэмэх боломж байна гэж хэлж байсан. Гэтэл ЭМЯ-наас 2017-2018 онд салбарын ажилтнуудынхаа цалин хөлсийг нэмэгдүүлэх саналуудыг хүлээж авахгүй хэлэлцээрээс хасах санал ирүүлснийг шүүмжилж, 2018-2019 оны төсвийн хүрээний мэдэгдэлд ч цалин нэмэх асуудал тусгагдаагүй гэсэн хариуцлагагүй тайлбар ирүүлснийг эрс эсэргүүцэж байна. Ажил ам хоёроо зөрүүлэхгүй ажиллах хэрэгтэй. Энэхүү хэлэлцээрийн төсөлд бид Төрийн нарийн бичгийн даргын хэлж байгаа шиг хууль зөрчсөн нэг ч заалт оруулаагүй. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар зохицуулж болох, шаардлагатай, салбарын 40 мянган ажилтны хувьд амин чухал хүлээлт болсон чухал асуудлуудыг тусгасан. Ийнхүү тусгахдаа 4 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл бидний гаргаж байгаа санал Эрүүл мэндийн салбарын ажлыг үүрч дүүрч яваа гол хүч болсон ажилтан бүрийн төрөөс хүлээж хүсч байгаа тулгамдсан, зайлшгүй хэрэгцээ юм шүү. Тиймээс бид цалин нэмэгдүүлэх, эмч эмнэлгийн ажилтны эрүүл мэнд амь нас, ажлын байрны аюулгүй байдлыг хамгаалах зорилт бүхий зарчмаа хатуу барина. Цаашид хамтын маргаан үүсгэх эрх зүй, 40 мянган ажилтны тэмцлийг мохоох эрх төрд байхгүй. Мөн МХЕГ-аас хийсэн тандалт судалгаагаар халдварт, төрөх, эмэгтэйчүүд, мэс заслын тасгийн ажилчдын 30 хувьд нь В, С вирус илэрсэн, 13 хувь нь ямар нэг халдварт өвчнөөр өвдсөн, 84 хувь нь ажиллах үед эрүүл мэндийн зовиур илэрдэг, 26 хувь нь хөдөлмөрийн чадвараа түр алдаж байна. Эмч ажилтнууд ажлаа хийж байхдаа өвчтэй хүн, эд юмс, эмгэг төрөг нян тээгчээс халдвар авдаг гэсэн үг шүү дээ. Ийм байхад Харвони эмийг үнэгүй олгох асуудлыг хөнгөлөлтэй олгоно гэсэн санал гаргасныг хүлээж авах боломжгүй. Эмч ажилтнуудын багагүй хувь нь ажлаа хийх явцдаа сүрьеэ өвчнөөр өвдөж, эндэж байна. Нөхцөл байдал санаснаас хүнд байгааг ойлгох хэрэгтэй. Тиймээс Эрүүл мэндийн яам энэ талаар дотооддоо асуудлаа ярилцаж гарцаа тодорхойлж, дахин санал гаргаж завсарлага ав” гэлээ. Үүний дараа тус яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Цалин нэмье. Яаж гэдгээ бид завсарлага авч ярилцъя”гэлээ.