Монголын иргэний агаарын тээврийн ололт амжилт үе үеийн ур чадвар, туршлагатай нисгэгч, мэдлэгтэй инженер техникийн ажилтнуудтай салшгүй холбоотой. Ур чадварын хувьд дэлхийд Монголын нисгэгч толгой цохидог гэдгийг мэдэх хүн олон.
Монгол нисгэгчид нислэгийн үүрэг даалгавар гүйцэтгэж байх үед онцгой тохиолдол цөөнгүй удаа таарч, тэр бүх нөхцөл байдлаас зөвхөн ур чадвар, туршлагын хүчээр гарч байсан жишээ олон бий.
Гурван хөдөлгүүрээр нисдэг Боинг 727-200 агаарын хөлгийг хоёр ч удаа хоёр хөдөлгүүрээр нь нисгэж, Сөүл, Осака хотод засварт хүргэж байсан баатарлаг үйл бүхнийг дурдвал барагдахгүй.
Тэдний нэг Монгол Улсын шилдэг нисгэгч Гавьяат нисгэгч, багш Рословын Бат-Эрдэнийг дурдахгүй өнгөрч болохгүй.
Тэр 1986 оноос эхлэн тасралтгүй 27 жил ажиллаж, агаарт нийт 15.500 цагийн нислэгийг ямар нэг зөрчилгүй үйлдсэн, дадлага туршлагатай багш нисгэгч юм.
Тэрээр анх Ан-24, Ан-26, Ту-154, дараа нь Монголын иргэний агаарын тээвэрт техник технологийн шинэ ололт болж орж ирсэн Боинг 727-200, Эйрбас 310-300, Боинг 737-800, Боинг 767-300 гээд бүх төрлийн агаарын хөлгийн дарга, багш, шалгагч нисгэгчээр ниссэн.
Ер нь нисгэгчдийг “Улсын алтан фонд” гэх нь бий. Хүссэн бүхэн нисгэгч болчихдоггүй.
Асар өндөр үнээр бэлтгэдэг, дадлага туршлагатай болоход маш их цаг хугацаа шаарддаг, тэр хэрээр өндөр хариуцлага хүлээдэг хүмүүс бол нисгэгчид.
Гавьяат нисгэгч Р. Бат-Эрдэнэ нь Ту-154, Б727-200, А310-300, Б737-800, Б767-300 агаарын хөлгийн багш болсноор компанидаа нисгэгчдийг бэлтгэх, дадлагажуулахад асар их хувь нэмэр оруулж буй бөгөөд мөнгөөр тооцож үзвэл асар их тоо гарна.
Зөвхөн нэгэн жишээ дурдахад, ХБНГУ-ын Люфтханза компанийн багш нисгэгчдийг буцсаны дараа Р.Бат-Эрдэнэ Эйрбас агаарын хөлгийн дарга 10, хоёрдугаар нисгэгч 15-ыг богино хугацаанд маш бага зардлаар бэлдэж, компанийнхаа санхүүд төдийгүй Монголын иргэний агаарын тээврийн салбарт ч үнэтэй хувь нэмрээ оруулсан байдаг.
Р. Бат-Эрдэнэ багш, шалгагч нисгэгчээр 5271 цаг ниссэн нь үүний тод жишээ. Тэр дагалдуулан бэлтгэсэн 100 гаруй шавьтай.
Өнөөдөр түүний бэлтгэсэн шавь нисгэгч нар МИАТ ХК-ийн нийт нисгэгчдийн 90 хувь, мөн бусад авиа компанид амжилттай нисч байна.
Монголдоо хувийн нисэх онгоцтой төдийгүй түүгээрээ шавь нараа гардан сургаж, засвар үйлчилгээнд дадлагажуулж залуу хойч үе нь бэлтгэгддэг юм билээ.
Ур чадвар, олон жилийн туршлага, мэдлэгээрээ агаарын тээврийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн цөөн хүний нэг.
Дашрамд дуулгахад МИАТ ХК-ийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрыг дэлхийд хүлээн зөвшөөрүүлэхэд түүний хүсэл, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд нөлөө асар их бий.
Саяхан л гэхэд МИАТ” ХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын инженер, техникийн ажилтнууд Саудын Араб улсад нислэг үйлддэг онгоцонд засвар үйлчилгээ хийжээ.
Тэд Тайланд улсын “Orient Thai” компанийн HS-BKA бүртгэлийн дугаартай “Saudi Arabian Airlines” компанид түрээслүүлдэг В767-300 агаарын хөлөгт С12 хүнд хэлбэрийн техник үйлчилгээг долоодугаар сарын 15-наас наймдугаар сарын 29-ний хооронд ажлын 34 хоногт хийж дуусгасан анхны тохиолдол ажээ.