Энэ мэдээ хуучирсан буюу 2016/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коксжих нүүрсний үнэ 80%-иар өсч 140 долларт хүрэв

Ган үйлдвэрлэлийн гол түүхий эд болох коксжих нүүрсний үнэ олон улсын зах зээл дээр өнгөрсөн хоёрдугаар сараас хойш 80%-иар өсч 140 ам.долларт хүрээд байна. Өнгөрсөн наймдугаар сард буюу ердөө ганцхан сарын хугацаанд Австралийн коксжих нүүрсний үнэ 40%-иар өссөнийг Metal Bulletinзах зээл судалгааны байгууллага мэдээлжээ. Коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсний үнэ сүүлийн саруудад ихээхэн өсөлттэй байгаа нь шинжээчдийн дэвшүүлж байсан төлөвөөс хавьгүй эерэг үзүүлэлттэй байна.

Австралийн коксжих нүүрсний үнэ 2011 онд нэг тонн нь 330 ам.долларын оргил ханшид хүрч байсан бөгөөд түүнээс хойш ханш нь тасралтгүй суларсаар өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар 80 ам.доллараас ч бага үнэтэй болоод байсан юм. Дэлхийн зах зээлд уг түүхий эдийн эрэлтийн өсөлт саарч нийлүүлэлт нэмэгдэх тул үнэ ханш цаашид доогуур түвшинд хадгалагдана гэж шинжээчид тооцоолж ирсэн. Нөгөөтэйгүүр коксжих нүүрсний үнэ ийнхүү өсч байгаа ч ханшийн өсөлт урт хугацаанд хадгалагдах эсэх нь эргэлзээтэйг шинжээчид сануулж байгаа юм.

Ийнхүү ханш өсөхөд Хятадын Засгийн газрын хэрэгжүүлж буй нүүрсний ашиггүй уурхайнуудыг хаах бодлого болон уурхайнуудын жилийн ажиллах хоногийг 330 өдөр байсныг 276 өдөр болгож цөөрүүлэх шийдвэр голлон нөлөөлж байна гэж шинжээчид тайлбарлаж байна.

Харин Монголын нүүрсний хувьд зах зээлийн үнийн өсөлтөөс үүдэн экспортын ханш өсөх байдал төдийлөн харагдаагүй хэвээр. Энэ нь Монголын нүүрс ихэвчлэн Хятадын хойд хэсэг буюу Өвөрмонголын харьцангуй хямд үнэ ноёлсон зах зээлд нийлүүлэгддэгээс гадна нүүрсний худалдааны гэрээг улирлаар эсвэл түүнээс дээш хугацаагаар хийдэгтэй холбоотой. Түүнчлэн нүүрсний худалдааны нэг сувагтай болохгүй бол дотоодын уурхайнуудын “үнэ ханшаа буулгадаг” өрсөлдөөнөөс үүдэн нүүрсний үнэлгээгээ өсгөх нөхцөлийг хязгаарлаж буй нь үнэн. "Энержи Ресурс" компанийн Гүйцэтгэх захирал Г. Батцэнгэл өөрийн твиттерт “Олон улсын зах зээлийг дагаад нүүрсний үнээ 15 ам.доллараар өсгөх гэж үзлээ. Гэтэл "Эрдэнэс Тавантолгой" улирлаар нь үнээ 25 доллар дээр фикс хийцэн гээд "янаглаж" байна даа.” “Хятадын нүүрсний ченжүүд Монголд орох орлогоос "хусаад" байна гэж хэдэн жил хэллээ. Эрдэнэс Тавантолгойнхон ойлгох болоогүй юу?” хэмээн жиргэжээ.

Үнэхээр ч нүүрсний худалдааны салбарт дагнаж ажилладаг Winswayкомпани өчигдөр мэдээлсэн оны эхний хагасын тайландаа Монголоос нүүрсийг тонн тутмыг дунджаар 296 юаниар аваад Хятад руу борлуулахдаа дээр нь 199 юань нэмж 495 юаниар худалдсанаар ашгийн хэмжээ ихээхэн нэмэгдсэн тухайгаа тэмдэглэжээ. Өмнөх оны эхний хагаст Winsway компани Монголоос авсан нүүрсээ цааш борлуулахдаа тонн тутамд 65 юань нэмж байжээ. Winsway (нэрээ саяхан E-Commodities Holdings болгож өөрчилсөннь тайлант хугацаанд Монголоос нийтдээ 2.17 сая тонн нүүрс тээвэрлэн авч(үүний 90% нь Тавантолгойн нүүрс), үүний 1.78 сая тонныг эцсийн хэрэглэгчдэд борлуулсан байна. Өнгөрсөн оны мөн үед тус компани Монголоос ердөө 0.33 сая тонн нүүрс авч байжээ. Ийнхүү өмнөх оны эхний хагаст 1.78 тэрбум хонконг долларын алдагдал хүлээсэн Winsway энэ оны эхний хагас 4.7 тэрбум хонконг долларын орлоготой, 2 тэрбум хонконг долларын ашигтай ажилласнаа дуулгалаа.


/Winsway-ийн Монголоос авсан нүүрсний биет хэмжээ сүүлийн гурван жилийн оны эхний хагасын харьцуулалт/


/Winsway-ийн Монголоос авсан нүүрсний нийт үнэлгээ сүүлийн гурван жилийн оны эхний хагасын харьцуулалт/

Гэхдээ олон улсын зах зээлд коксжих нүүрсний үнэ өндөр хэвээр байвал Монголын нүүрсний компаниудын экспортын үнэ ирэх саруудад тодорхой хэмжээгээр өсөх найдвар харагдаж байна. Монголын нүүрсний компаниудын бүтээгдэхүүн экспортын биет хэмжээ өсч байгаа ч, одоо тэдэнд үнээ өсгөх асуудал нэн тулгамдаж байна.

 

 

Б.Төгс

Улаан-Үд хотын  түүхт ойн баяр эхэллээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.