Энэ мэдээ хуучирсан буюу 2016/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийтийн тээврийн цахим төлбөрийн карт авах, сунгах оюутнууд өөрийн сургуульдаа хандана

 

Их, дээд сургууль, коллеж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт хэрхэн олгох талаар өнөөдөр нийслэлийн Боловсролын газар, эийслэлийн Хөдөлмөрийн газар болон “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн төлөөлөл мэдээлэл хийлээ. НИТХ-аар баталсан “Их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн сурагч оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журам”-ын дагуу хөнгөлөлттэй зорчих эрх бүхий оюутанд карт олгох ажлыг 2016-2017 оны хичээлийн жилд дараах байдлаар зохион байгуулахаар болжээ.

Шинээр цахим карт олгох:
Шинээр хөнгөлөлттэй зорчих карт авах эрх бүхий оюутан өөрийн сургуульдаа хандан захиална. Сургуулиуд төрийн сангаас тогтоосон хяналтын тоонд багтаан шинээр карт авах оюутнуудын мэдээллийг хянаж баталгаажуулан ирүүлснийг үндэслээд их, дээд сургуулиудад Нийсэлийн Боловсролын газар, МСҮТ, коллежуудад Нийслэлийн Хөдөлмөрийн газар шинээр олголт хийх юм.

Цахим төлбөрийн карт сунгах:
Өнгөрсөн хичээлийн жилд нийтийн тээврээр зорчих карт авсан, 2016-2017 оны хичээлийн жилд үргэлжлүүлэн ашиглах нөхцөлийг хангасан оюутнууд картаа сунгуулан ашиглана. Карт сунгуулах оюутнууд мөн өөрийн сургуульдаа хандаж, хураалгана. Цуглуулсан картуудыг жагсаалтаар баталгаажуулаад их, дээд сургуулиуд Нийсэлийн Боловсролын газар, МСҮТ, коллежууд Нийслэлийн Хөдөлмөрийн газарт хандан сунгалт хийлгэнэ.

Карт шинээр авахдаа өмнөх жилийн адил 3600 төгрөгийн хураамж төлөөд бүтэн жил ашиглах бөгөөд нийт 44 удаагийн эрхийг суулгаж өгсөн байна.  Харин сунгалт хийлгэхэд 1000 төгрөг төлөх юм.

Цахим карт олгох ажлын талаар Нийслэлийн Боловсролын газрын Хуулийн зөвлөх Ц.Ууганбаяр “Нийслэлийн Боловсролын газар 2016-2017 оны хичээлийн жилд шинээр элссэн болон анги дэвшин суралцах оюутнуудад зорчих эрхийн карт олгох, сунгах ажлыг “Улаанбаатар смарт карт” ХХК-тай хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлаа бүрэн хангаж дууслаа. Өнгөрсөн хичээлийн жилд нийт 57 мянга 681 оюутанд шинээр карт олгосон. Энэ жил 2 дахь жилдээ олгох гэж байна. Хичээлийн шинэ жил эхэлсний дараа цахим карт олгох үйл ажиллагааг зохион байгуулж байгаа нь бүх оюутанд тэгш боломж олгох зорилготой гэдгийг хэлье. Өнөөдрөөс карт олгох, сунгах ажил хэвийн үргэлжилнэ” гэлээ.

Нийслэлийн хөдөлмөрийн газрын Оюутны хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Л.Амаржаргал “Өнгөрсөн хичээлийн жилд НХГ Улаанбаатар бүсэд оршдог 32 МСҮТ, коллежийн захиалга авсан. Нийтдээ 13 мянга 200 гаруй оюутан суралцсанаас 12 мянга 400 орчим картыг оюутнуудад олгосон. Энэ жил мөн 32 МСҮТ, коллежийн 12 мянга орчим оюутны картыг сунгах, шинээр олгох болон алга болсон картыг дахин олгоно гэсэн төлөвлөгөөтэй байна” гэсэн юм.

“Улаанбаатар смарт карт” ХХК-иас мөн мэдээлэл өглөө. Тус компанийн Тээврийн хэлтсийн ахлах менежер Ц.Түвшинжаргал “Сунгалт болон карт шинээр олгох ажил тухайн сургуулиудаар дамжуулан хийгдэнэ. Тэгэхээр оюутнууд сургуулийн захиргаандаа хүсэлтээ гаргах хэрэгтэй юм. Өнгөрсөн жил төгссөн оюутнуудын хувьд картаа энгийн картаар үргэлжлүүлэн ашиглах боломжтой. Энэ хичээлийн жилд оюутнууд нийтийн тээврээр зорчих төлбөрийнхөө талыг нь өөрсдөө төлөх эсэх талаар оюутан, эцэг эхчүүд биднээс асууж байнагаа. Одоогоор ийм шийдвэр бидэнд ирээгүй учраас журмынхаа дагуу оюутан 3600 төгрөгөө төлөөд бүтэн жил зорчих эрхтэй хэвээр байгаа” гэж тайлбарлалаа
Хараа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуулийн сургалтын орчинг сайжруулахад онцгой анхаарна
Хараа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуулийн сургалтын орчинг сайжруулахад онцгой анхаарна
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.