УИХ-ын гишүүн А.Тлейхан нарын гишүүд өчигдөр "1000 оюутны байр”-ны барилгын үйл явцтай танилцсан. Түүнтэй уулзаж зарим асуудлын талаар ярилцсан юм.
-Оюутны байрны асуудлыг хөндөж, санаачилснаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Эхний барилгуудыг удахгүй ашиглалтад өгөх тухай яригдаж байна. Гэхдээ өнгөрсөн гурван жилийг хэр үр дүнтэй үдэв?
-Анх УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ, Ц.Сэдванчиг, Ц.Даваасүрэн нартай хамтарч "20000 оюутны байр” төслийг санаачилж байсан. Түүний эхний 1000 оюутны байр барих хөрөнгийг 2010 оны төсөвт суулгаж байлаа. Хэдийгээр удаашралтай ч өнөөдөр энэхүү ажил дуусах гэж байгаа нь сайшаалтай хэрэг.
Бидний хүсч байснаар оюутнуудад зориулсан орчин үеийн тохилог сууц болж байгаад баяртай байна. Энэ ажил хоёрхон барилгаар хязгаарлагдахгүй. Цаашид ч үргэлжлээд явна. Түүнчлэн хуучин байрнуудыг ч засч тохижуулан өнөөгийн байртай адилхан орчин үеийн стандартад нийцүүлэх ёстой.
-Гэхдээ оюутны хотхоныг Багануур дүүрэгт цогцолбор хэлбэрээр шийднэ гэсэн шүү дээ. Тэр тохиолдолд яах вэ?
-Зарим хүн эдгээр байрыг үхмэл хөрөнгө болчих мэт ярьж байгаа. Хэрвээ оюутны хотхоныг нүүлгэхээр бол эдгээр байрыг залуу гэр бүлд зориулсан орон сууц хэлбэрээр ашиглах боломжтой.
-Төсвийг нь аль 2010 онд шийдвэрлэхээр болсон гэж байна. Тэгэхэд яагаад өнөөг хүртэл бүтэн гурван жил хүлээгдсэн юм бол?
-Захиалагч, гүйцэтгэгчдийн ажлын уялдаа холбоо, зохион байгуулалтаас шалтгаалсан асуудал бий. Мөн барилгын зурагт өөрчлөлт орсон, орчны кабелийн шугамууд чөлөөлөх болон хөрөнгийн дутагдал гарсан гэж холбогдох хүмүүс тайлбарлаж байна.
Дутагдаж буй нэмэлт нэг турбум гаруй төгрөгийг энэ оны төсөвт суулгасан мөртлөө Засгийн газраас төсөвт өртөгт суугаагүй гэдэг байдлаар гаргаж өгөөгүй байгаа юм.
Нэгэнт бид өнөөдөр ажлын явцтай танилцаж, тулгарч буй асуудлуудыг мэдсэн учраас холбогдох яамдаас шаардаж, засч, залруулан ирэх есдүгээр сард ашиглалтад оруулах хэрэгтэй.
-Танай намынхан УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг шаардаад байгаа. Эрх баригчид ажил урагштай байна гэж байнга шахам ярьдаг. Тэгэхээр эдийн засаг хямарсан гэдэг шаардлагыг тань хүлээж авах уу. Яагаад эдийн засаг хямарсан гэдэг дүгнэлт гаргаад байгаа юм бэ?
-Хүлээж авах эсэх нь эрх баригчдын л асуудал. Бидний зүгээс байгаа байдалд дүгнэлт өгсөн. Улс орны эдийн засаг хямарлаа, ингэснээр ард түмний амьдрал хүндэрнэ гэдгийг хэлсэн.
Өнөөдөр 17 хувьтай байсан эдийн засгийн өсөлт долоон хувь буурч, төсвийн орлого 500 тэрбумаас дээш төгрөгөөр тасарчихсан, Оюу толгой зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил зогсож байна.
Нүүрсний бололуулалт бүр байхгүй гэхэд ч болохоор хэмжээнд хүрчихэж. Энэ жил 33 сая тонн нүүрс борлуулж, 2.4 их наяд төгрөг олох ёстой.
Гэтэл өнөөгийн байдлаар найман сая орчим тонн л нүүрс гарсан байна. Эдгээр чинь энгийн жишээ. Нураана, хураана гэж айлгасаар гадаадын хөрөнгө оруулалт 60 орчим хувиар буурсан. Цаашлаад дэлгэрэнгүй ярьвал хэр хүнд байдалд орсон нь хүн бүрт ойлгомжтой болно.
Зарим барааны үнийг тогтворжуулна гэдэг нэрээр Засгийн газар, Монголбанк хоёр хамтарч хоёр их наяд цаасан мөнгө хэвлэж гаргасан. Энэ нь үнийг бууруулах биш бүр өсгөчихлөө.
Тухайлбал орон сууцны үнэ бодит жишээ болохоор ил харагдаж байна. Ямар ч үр дүнгүй цаасан мөнгө гаргасан нь үнийг хөөрөгдөж, инфляцийг өсгөхөөс өөр ач холбогдолгүй байлаа.
-Энэ бүх хямралын эхлэл, суурийг нь МАН-ынхан төрийн эрх барьж байх даа тавьсан юм биш үү?
-Ерөнхий сайд Оюу толгой, Таван толгойгоос баахан зээл авсан гэж ярьсан байна лээ. Тэр бол хамтарсан Засгийн газрын үед авсан зээл гэдгийг сайн санах хэрэгтэй. Хамтарсан үедээ аваад "Эх орны хишиг” гээд тараачихсан. Дан ганц МАН дур мэдсэн юм биш. Хэрвээ ингэж зөвхөн МАН-ынхан авсан мэтээр яривал олон нийтийн дургүйг хүргэхээс хэтрэхгүй.
Тэгээд ч энэ зээлүүдийг урт удаан хугацаанд хуваарийн дагуу төлөх учиртай. Тухайн оны төсөв төлөвлөгөөний дагуу явахаар тохирсон. Үүнийг иргэд мэдэхгүй юм шиг гэнэт бөөн өр тавьсан мэтээр ярьж болохгүй.
Өнөөгийн хүнд байдалд хүрсэн нь одоогийн эрх барьж буй хүмүүсийн нэг жилийн дотор бий болгосон алдаатай бодлогын уршиг гэж хэлэхээс аргагүй.
Хариуцлага алдаж байгаа хүмүүстэй ч гэсэн хатуухан ярих хэрэгтэй. Юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй эдийн засгийн байдлыг ийм байдалтай болгож байгааг нь таслан зогсоохгүй бол Монгол Улс хямралд орох нөхцөл рүүгээ явж байна.
-Валютын үнэ өссөн ч өргөн хэрэглээний барааны үнэ харьцангуй тогтвортой байгаа. Үүнийг зарим эдийн засагчид хэт хатуу барьж байгаагаас улбаатай. Эдийн засгийг хүчээр барих нь хэсэг хугацааны асуудал гэж тайлбарлаж байгаа. Харин таны хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Валютын үнийг тогтворжуулахын тулд Монголбанкнаас интервенц хийх замаар барьж байна. Энэ бол буруу бодлого. Гадаад валютын нөөц дөрвөн тэрбум доллар байсан. Гэтэл хэдхэн сарын дотор 2.3 тэрбум болсон байна. Энэ хэвээр, хүчээр барьвал аюулд орно.
Үүний оронд бодит эдийн засагт тулгуурлан гадаад, дотоод хөрөнгө оруулалтыг татах замаар тогтоох ёстой.
Өмнө нь 2008 онд дэлхий нийтийг хамарсан хямралын үед олонх, цөөнх гэлгүй бүгд УИХ, Засгийн газартайгаа хамтарч хэлэлцэж байж асуудлыг амархан шийдвэрлэж, монголчууд хүнд байдлыг хялбархан давсан.
Тиймээс энэ ярилцаж шийд гэдэг үүднээс ээлжит бус чуулганыг хуралдуулахыг шаардсан.
-Гэхдээ ээлжит бус чуулган гэдэг нь үндсэндээ улстөрийн шоу юм биш үү. МАН-ынхан шаардахаас өмнө Ерөнхийлөгч зөвлөмж өгчихсөн байсан шүү дээ?
-Хэн ч юу ч гэж ойлгож болно. МАН-ынхан чуулган зарла гэж хэлэнгүүт үгээр нь болох ч юм уу бүү мэд. Ямартай ч бид сөрөг хүчний үүргээ биелүүлэх нь зайлшгүй. Бодит байдалд дүгнэлт хэрэгтэй. Энэ хэвээрээ аравдугаар сарын 1 хүргэх аваас байдал улам бүр хүнд болно.
-Үндсэндээ ээлжит бус чуулганыг хуралдуулахыг шаардсанаар МАН-ынхан хүчтэй сөрөг хүчний дүр эсгэх гээд байгаа юм биш үү?
-Чуулган хуралдуулахыг шаардсанаар намын нэр хүнд яригдах нь юу л бол. Яах вэ, чуулганыг хуралдуулахгүйгээр эдийн засгаа сайжруулж чадна гэж байгаа бол сайн хэрэг.