Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческиг нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.
Хотын дарга эрхэм Элчин сайдыг нутаг буцахаас өмнө хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. Мөн Монгол Улс, АНУ хоорондын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлж, Монгол Улс төдийгүй Улаанбаатар хотын хөгжил дэвшилд цаг ямагт онцгой ач холбогдол өгч дэмжин ажиллаж ирсэнд талархлаа илэрхийлсэн юм.
Хоёр улсын хооронд хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн нэг нь Монгол Улсын Засгийн газар АНУ-ын МСК-тай байгуулсан хоёр дахь Компакт гэрээ юм гэдгийг онцолж байлаа. Саяхан шав тавих ёслол нь болсон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Улаанбаатар хотын ариутгах татуургын сүлжээгээр цэвэрлэгдэн ирж, байгальд нийлүүлдэг байсан уснаас тодорхой хувийг дахин боловсруулж, дахин ашиглаж, тэр дундаа Улаанбаатар хотын Дулааны цахилгаан станцуудын техникийн усны зарим хэрэглээг хангах боломж бүрдэх юм гэдгийг АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески онцолж байлаа.
Уулзалтын төгсгөлд Хотын дарга хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд идэвх санаачлагатай ажиллаж, чухал хувь нэмэр оруулсан болохыг илэрхийлж, цаашдын үйл хэрэгт нь амжилт хүслээ.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР