Засгийн газрын 2021 оны тавдугаар сарын 19-ний 146 дугаар тогтоолоор нийслэл Улаанбаатар хотоос улсын төсөвт төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийн орлогыг хотод үлдээж, хотын хөгжил дэвшилд, тодруулбал, түгжрэл бууруулах, төвлөрөл сааруулах, дагуул хотуудыг хөгжүүлэхэд зарцуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь Улаанбаатарын тулгамдсан асуудал болох түгжрэлийг бууруулах, улмаар нэг төвт хотоос олон төвт хот болон хөгжихийг дэмжсэн түүхэн шийдвэр байсан юм. Тэрхүү шийдвэрийн дагуу нийслэлээс 2022 онд 12 багц томоохон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна.
420 тэрбум төгрөг төсөвлөсөн бүтээн байгуулалтын ажил, төсөл арга хэмжээний задаргаанаас хамгийн өндөр санхүүжилттэй, богино хугацаанд их хэмжээний хөрөнгө зарцуулсан ажлын эхэнд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулахад зориулсан 100 тэрбум төгрөгийг нэрлэх байна. 2022 оны тавдугаар сард Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасны дагуу Засгийн газраас 100 тэрбум, нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөг гаргах үүрэг өгсөн. Энэ дагуу цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудыг хамран сургах тойрогт нь сургах, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах ажилд нийтдээ 100 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс зарцуулаад байна. Цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажил ирэх 2023 онд ч үргэлжилнэ.
Зарцуулсан хөрөнгийн хэмжээгээр удаалж буй нь газар чөлөөлөлт юм. Энэ ажилд нийт 390 тэрбум орчим төгрөгийн нөхөн олговор шаардлагатай байгаа ч энэ онд 30 орчим хувийг төсөвлөж, одоогийн байдлаар 75 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Гуравдугаарт нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийж, нийтдээ 600 орчим автобус шинэчлэхээр төлөвлөсөн. Одоогоор урьдчилгаа төлбөрт 77 тэрбум төгрөг зарцуулсан. Хөрөнгө оруулалт болоод ажлын далайцаар удаалж буй бүтээн байгуулалт бол шинээр тавьж буй авто зам, замын байгууламжууд. Улаанбаатар хотод 2022 онд 13 байршилд авто зам шинээр тавьж буй юм.
НИТХ-аас баталсан 414 тэрбум төгрөгөөс 322 тэрбум төгрөгийг дээрх дөрвөн төрлийн ажилд зарцуулаад байна. Бусад найман төрлийн хөрөнгө оруулалтын задаргааг доорх хүснэгтэд дэлгэрүүлэн буулгалаа.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР