ХБНГУ-ын канцлер Олаф Шольц ням гарагт тус улсын олон нийтийн “ARD” телевизэд өгсөн ярилцлагадаа, “Герман улс холбоотнуудтайгаа дайны дараах хугацаанд Украины аюулгүй байдлын баталгааг хангах талаар хэлэлцэж байна. Гэвч эдгээр баталгаа нь НАТО-гийн гишүүн орнуудын нөхцөл байдалтай нийцэхгүй байна” гэжээ.
Энэ оны 4 дүгээр сард Украин улс АНУ, Их Британи, Франц, ХБНГУ, Турк зэрэг улсуудад аюулгүй байдлыг хангах талаар саналаа хүргүүлсэн бөгөөд хожим нь Энэтхэг улсыг мөн эгнээндээ нэгдэхийг урьсан.
Өнгөрсөн сарын 27-ны өдөр “Долоогийн бүлэг”-ийн орнуудын удирдагчид Украины талд зогсохоо амласан ба ОХУ-ын санхүүгийн орлогыг бууруулах шинэ хориг арга хэмжээ авах, дайны дараа Украины аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээнүүд багтжээ.
“Долоогийн бүлэг”-ийн орны удирдагчид уулзалтын дараа хийсэн хамтарсан мэдэгдэлдээ, “Бид Украины талд зогсож, шаардлагтай үед санхүү, хүмүүнлэг, цэрэг, дипломатын дэмжлэг үзүүлсээр байна” гэсэн юм.