Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ө.Сумъяабаатар: Гэмтлийн эмнэлгийн 1.5 км замыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4 эгнээ болгож, өргөтгөн шинэчлэх ажил эхэллээ

Баянгол дүүргийн 7, 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж буюу Чингүнжавын гудамжнаас Гэмтлийн эмнэлгийн урдуур Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 1,566 км замыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх ажил эхлээд байна.

Үүнтэй холбоотойгоор өнөөдөр (2022.06.21) Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, ахлах дэслэгч Ш.Батмөнх, Зам тээврийн хөгжлийн төв болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныхан мөн “Хөвчийн зам” ХХК-ийн удирдлагууд зам засварын ажил хэрхэн хийгдэх талаар мэдээлэл өглөө.

Чингүнжавын гудамжнаас Гэмтлийн эмнэлгийн урдуур Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 1,566км зам нь 3 метр өргөнтэй 4 эгнээ авто зам, 2 талдаа гэрэлтүүлэгтэй 1,5 м өргөнтэй явган замтай байхаар зураг төсөв нь хийгдсэн бөгөөд замын трассын дагуу нийт нөхөн олговортой чөлөөлөгдөх 18 нэгж талбар байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныхан газар чөлөөлөлтийн ажил дээр иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудтай зөвшилцөх, үнэлгээ хийх ажлыг үе шаттайгаар хийж байгаа юм.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Баянгол дүүрэгт 2021-2022 онд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын талаар товч мэдээлэл өглөө.

зураг

Тэрбээр “Баянгол дүүрэгт 2021 онд Улсын төсвийн 28,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 6 багц замын ажил хийгдэж эхэлсэн. Энэ төсвийг манай дүүргээс УИХ-д сонгогдсон Ж.Ганбаатар гишүүн Улсын төсөвт суулгуулж өгсөн. 2021 онд эхэлсэн 6 багц замын ажил өнгөрсөн онд 70 орчим хувийн гүйцэтгэлтэй хийгдсэн бөгөөд гэр хороололд 3 км орчим, орон сууцны хороолол дунд 9 км орчим, үлдсэн 10 км замыг өргөтгөж засах ажилд зарцуулсан. Мөн өнгөрсөн онд дүүргийн хэмжээнд 11,000м2 автомашины зогсоолыг байгуулсан бөгөөд үлдсэн ажлууд он дамжин хийгдэж байна.

Яг одоо хийгдэж байгаа Чингүнжавын гудамжнаас Гэмтлийн эмнэлгийн урдуур Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх энэ замын ажил 1,5 км бол өнгөрсөн жил Модны 2-т хийгдсэн дөрвөн эгнээ зам нь 1,1 км урттай. Гэмтлийн зам ашиглалтад орчихвол өнгөрсөн онд хийгдсэн Модны-2-ын замтай нийлээд манай дүүрэг 2,7 орчим км, дөрвөн эгнээ шинэ замтай болж байгаа юм. Үүнийг дагаад Энхтайваны өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөөний хөдөлгөөний ачаалал, түгжрэл буурна” хэмээн онцолсон юм.

зураг

Мөн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, ахлах дэслэгч Ш.Батмөнх мэдээлэл өгсөн. Тэрбээр “Замын бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байгаатай холбоотойгоор Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн албаны холбогдох байгууллагуудтай хамтран зөвшилцсөний үндсэн дээр цаг тухай бүрд нь холбогдох арга хэмжээг авч ажиллана.

Тухайлбал, замыг бүтэн хаавал бусад төв болон туслах замуудад ачаалал өгөхөөр харагдаж байгаа учраас Чингүнжавын гудамжнаас Гэмтлийн эмнэлгийн урдуур Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 1,566 км замыг хэсэгчилж хаахаар төлөвлөж байна. Өдрийн цагаар хаалаа гэхэд жолооч нарт аль болох ачаалал үүсгэхгүйгээр 24-48 цагаас хэтрүүлэхгүйгээр хэсэгчилж хаана. Ингэхдээ иргэдэд хүндрэл учруулахгүйгээр тэмдэг тэмдэглэгээ тавьж хөдөлгөөнийг зохицуулах болно” гэсэн юм.

зураг

Ташрамд мэдээлэхэд, дээрх ажлын хүрээнд замын трасст орсон зөвшөөрөлгүй барьсан газрын зөрчлүүдийг чөлөөлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Чингүнжавын гудамж талаас 700 метр орчим хайс хашааг татуулж барилгын ажлын талбайг бэлтгэж байна.

Мөн гүйцэтгэгч компанийнхан Жамсранжавын гудамжны өргөтгөл шинэчлэлтийн ажлыг график төлөвлөгөөний дагуу есдүгээр сарын 30-ны дотор хүлээлгэж өгөхөөр захиалагч, гүйцэтгэгч талууд зөвшилцөн гэрээт ажлыг хийх юм.

Эх сурвалж: Баянгол дүүрэг

Математикийн шилдэг багш нар нэгдэж өдөрлөг зохион байгуулна
Математикийн шилдэг багш нар нэгдэж өдөрлөг зохион байгуулна
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.