Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн их баяр наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд “Сүүж уул”-нд бэлтгэлээ эхлүүллээ

Илүү сартай зуны эхэн сар шувтарч, түүх соёлын цогц гайхамшиг болсон Монгол наадам айсуй. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөллөөс болж Ардын хувьсгалын түүхэнд тасарч үзээгүй Үндэсний их баяр наадам бүтэн нэг жилээр хойшилж, өнөө жил 100, 101 жилийн ойг давхар тэмдэглэн өнгөрүүлэхээр болж байна. Наадам дөхсөн энэ өдрүүдэд манай сонин уламжлал ёсоор бөх, морь, сурын галуудаар зочлон, ээлжит сурвалжилгуудаа бэлтгэн хүргэдэг билээ. Энэ удаад эрийн гурван наадмын нэг хүчит бөхчүүдийн галаар зочилсон сурвалжилгаа хүргэж байна. Улаанбаатар хотоос зүүн хойшоо 70 гаруй киллометрт Төв аймгийн Баянчандмань сумын ойролцоо орших Цагдаагийн Ерөнхий газрын харьяа “Сүүж уул”-нд гарсан хүчит бөхийн галаар зочиллоо. Энэ жилийн зуны эхэн сар нийт нутгаар сэрүүвтэр, хур бороо ихтэй учраас бөхчүүд яаран гал болж, бэлтгэл сургуулилтаа бүрэн эхлээгүй байгаа аж. Угтаа өдийд “Сүүж уул”-нд бөхийн зургаа, долоон гал гарчихсан бэлтгэл сургуулилалтаа хэдийнэ эхлүүлчихсэн байдаг аж. Харин биднийг очиход Ховд аймгийн “Ховд” бөхийн дэвжээ болон Завхан аймгийн “Даян” бөхийн дэвжээний бөхчүүд галын нээлтээ хийж байлаа.

Монгол Улсын заан Дасрангийн Мягмар, Чогсомын Батзориг, Цэдэвийн Мягмарсүрэн, улсын харцага Ганбатын Алтангэрэл нараар дасгалжуулсан улсын заан Баатархүүгийн Пүрэвсайхан, улсын харцага Оргихын Хангай, Баярхүүгийн Бат-Өлзий тэргүүтэй “Ховд” дэвжээний бөхчүүд болон Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын начин Бүдээбазарын Адьяахүүгээр дасгалжуулсан, Монгол Улсын хүчит гарди Батнасангийн Гончигдамба, улсын харцага Шүхэртийн Уламбаяр, аймгийн заан Мөнхтөрийн Лхагвагэрэл тэргүүтэй Завхан аймгийн “Даян” дэвжээний бөхчүүд ийн “Сүүж” ууланд хамгийн эхэнд гал болон бэлтгэл сургуулилалтаа эхлүүлээд байгаа ажээ.

Энэ үеэр Ховд аймгийн Чандмань сумын харьяат Монгол Улсын хүчит заан Ч.Батзориг: -Манай Ховдын бөхчүүд жил бүр л уламжлал ёсоор энэ сайхан хайрхныхаа өвөрт нэгдэн нийлж, бэлтгэл сургуулилтаа базаадаг даа. Олон жил ч болж байна. Миний багш Монгол Улсын заан Чадраабалын Бямбадорж хэмээх сайхан хүн намайг энэ л хайрхны хормойд бөхийн эрдмээсээ зааж, бөхийн өндөр амжилтад хүргэсэн хүн байж билээ. Тэр хүний эрдэм ухаанаар “Сүүж” хайрхны өврөөс улсын цолтой олон сайхан бөхчүүд төрөн гарсан даа. Одоо ч энэхүү уламжлал, заах арга зүй өөрчлөгдөөгүй. Энэ сайхан хайрхны хийморь, сүлдээр олон сайхан улсын цолтой бөхчүүд төрсөөр байна. Энэ

жилийн наадам ч гэсэн цолтой нь цолоо ахиулсан, шинэ цолонд хүрсэн, амжилтыг ар араасаа дагуулсан сайхан наадам болох байх аа. Улсын наадам, заал танхимын барилдаанд сайн барилдаж байгаа манай Ховд дэвжээний бөхчүүд олон бий. Ард түмэн улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага О.Хангай, Б.Бат-Өлзий, Н.Бат-Заяа нарыг цолоо улам ахиулан барилдаж, нутаг ус, аав, ээжийнхээ нэрийг өндөрт дуудуулж явах байх аа гэсэн итгэл дүүрэн байгаа. Дүү нарынхаа болон “Ховд” дэвжээний бөхчүүд, нийт бөхчүүддээ амжилт хүсье ээ. Уран мэхийг уралдуулан хийж, үнэн сэтгэлээр хүчийг үзэж, үзэгч түмнээ цэнгүүлэн барилдаарай. Удахгүй болох наадмын дараа баяртай мэдээгээр дахин уулзъя.

Монгол Улсын заан Ц.Мягмарсүрэн: -Олон жил шинэ залуу бөхчүүдэд бөхийн ёс, жудаг, барилдах арга, техникүүдийг зааж, сургаж байна. Үндэсний бөх гэдэг өөрөө их гайхамшигтай өв соёл. Бөхийн гал ч гэсэн тусгай журам, дэгтэй, өвлөгдөж ирсэн үнэт өв. Залуучууд, дүү нартаа хандаж бөхийн ёс жудгийг их дээдлэх хэрэгтэй гэж захимаар байна. Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн зарчим лугаа адил гэдэг шиг өв соёлоо мэдэхгүй хүн Үндэсний бөхөөр амжилт гаргана гэдэг хэцүү. Өөрөөр хэлбэл, дан ганц биеийн хүчний дасгал хийгээд амжилт гаргачихдаг зүйл биш гэсэн үг. Бие, сэтгэл, оюуны хүчээр л амжилтад хүрнэ шүү дээ. Тиймээс шавь нартаа, дүү нартаа бөхийн дасгал сургуулилтаа сайн хийхийн хажуугаар ёс жудаг, өв соёлоо ухаарч танин мэдэх хэрэгтэй шүү гэдгийг захья. Наадмаас наадмын хооронд бөхийн бэлтгэл тогтмол сайн байдаг болсон. Тэр нь энэ олон заал танхимын барилдаануудтай холбоотой байх. Нөгөөтэйгүүр наадмын бэлтгэл гэдэг бусад барилдааны бэлтгэлүүдээс тэс ондоо зүйл байдаг. Наадмын бөхийн од гэж манайхан их ярьдаг. Тэр нь угтаа наадмын бэлтгэлээ маш сайн базаасныг хэлж байгаа хэрэг. Наадмын бэлтгэл дан ганц биеийн хүчний дасгал хийхээс гадна сэтгэл санааны дасгалуудыг маш сайн хийж өгдөг. Тиймээс л наадмын бэлтгэл бусад бөхийн барилдааны эсвэл өдөр тутмын бэлтгэл сургуулилтаас өөр гэж хэлээд байгаа юм. Энэ жилийн улсын баяр наадам түүхэн ой тохиож байгаагаараа онцлогтой. Мөн тэгш ойн жил учраас 1024 бөх барилдана. Мэдээж 512 бөхийн барилдаантай харьцуулахад өөр л дөө. Улсын арслан цолтой бөх түрүүллээ гэхэд шууд даян аварга цолтон болно. Аймгийн цолтой юм уу эсвэл цолгүй залуу бөх түрүүллээ гэхэд шууд аварга цолонд хүрэх боломжтой. Ийм сонирхолтой, боломжоор дүүрэн наадам болох гэж байна. Тиймээс нутаг нутгийн бөхчүүд бэлтгэл сургуулилтаа маш сайн хийх нь гарцаагүй юм. Манай нутгийн бөхчүүд болон манай дэвжээний бөхчүүд ч гэсэн бэлтгэл сургуулилтаа эхлүүлж байна. Шавь нартаа нийт бөхчүүдэд цолонд хүрч өндөр амжилт гаргаарай гэж хүсье.

Монгол Улсын харцага Г.Алтангэрэл: -Ардын хувьсгалын түүхэн ойн жил өнөө жил тохиож байна. Улс аймгийн алдар цолтой 1024 бөх барилдахаар байгаа. Бөхчүүд эхнээсээ наадмын бэлтгэл сургуулилтдаа гарч байна. Шинэ залуу бөхчүүд ч дээшээ гарч барилдах боломж хэн бүхэнд л байдаг. Хамгийн гол нь бэлтгэлээ үр дүнтэй хийх нь чухал. Манай дэвжээнээс дээшээ явж барилдах бөхчүүд олон бий. Өнөө жилийн наадмын түрүү, үзүүрт яригдаж байгаа бөхчүүд ч бий. Ард түмнийхээ энэ их итгэлийг алдахгүйн төлөө л бөхчүүд маань хичээх хэрэгтэй. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэгчээр болоогүй байгаа наадмын өмнөөс ийм, тийм гэж ярих арай эрт л байна. Ямартаа ч наадмынхаа бэлтгэлд гарчихсан, бөхчүүдийн бэлтгэл дөнгөж эхэлж байна. Цар тахал гээд өнгөрсөн жилийн наадам хойшлогдсон. Тиймээс бөхчүүдийн хувьд энэ жилийн наадам их хүлээлтэй байгаа нь ойлгомжтой. Бөхчүүд ч гэлтгүй ард түмний хувьд ч энэ жилийн наадам үзүүштэй сайхан наадам болно гэсэн хүлээлт их байна. Тиймээс аль аль талдаа энэ монгол түмний их баяр наадмаа сайхан тэмдэглэн өнгөрүүлэх тал дээр анхаарч, аливаа маргаан, хар цагаан хэл ам холуур байх болтугай л гэж бодож сууна даа. Манай дэвжээний хувьд энэ жил улсын цолонд ойрхон яваа хэд хэдэн аймгийн цолтой бөхчүүд бий. Гэхдээ одоо нэр усыг нь хэлээд яах вэ. Тэртэй тэргүй ард түмэн бүгд мэдэж байгаа. Дахин хэлэхэд, бэлтгэлээ л үр дүнтэй маш сайн хийх хэрэгтэй л дээ.

Улсын манлай заан Б.Пүрэвсайхан: -Уламжлалт ёсоороо энэ сайхан хайрхныхаа дэргэд бэлтгэл сургуулилтаа эхлүүлж байна. Нутгийнхаа бөхчүүдтэйгээ гал болон гарч, бэлтгэлээ эхлүүлэх сайхан байдаг. Цар тахал гээд өнгөрсөн жилийн баяр наадам болоогүй. Тиймээс бөхчүүд болон үзэгчид, Монголын ард түмэн өнөө жил болох наадмаа тэсэн ядан хүлээж суугаа нь тодорхой байх. Юутай ч энэ жилийн наадмаар урамтай сайхан барилдаж, ард түмнийхээ итгэл, захиасыг алдахгүйн тулд хичээх болно. Намайг дэмждэг Монголынхоо нийт ард түмэнд талархаж, та бүхнийг монгол бөхийн босоо цагаан хийморь үргэлж ивээх болтугай гэж ерөөе өө.

Аймгийн начин Д.Балжинням: -Миний хувьд энэ жил аймагтаа зодоглохоор байгаа. Бэлтгэл сургуулилт Ховд нутагтаа үе тэнгийн залуучуудтайгаа харгүй сайхан барилдаж, сайхан наадна.

Бөх сонирхогчид, ард түмэн энэ жилийн наадмаар заал танхимын барилдаанд тогтмол дээгүүр барилддаг улсын заан Б.Пүрэвсайхан, Ховдын хоёр харцага хэмээн нэрлэгдээд буй Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Бат-Өлзий, Говь-Алтай аймгийн уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага О.Хангай нарыг цолоо ахиулан барилдаж, магадгүй түрүү, үзүүрт хүрч барилдах боломжтой гэж магтдаг. Ховдын цэнхэр хязгаараас улсын баяр наадмын түрүүг тэртээ 80 жилийн өмнө улсын арслан Шаравын Ванчинхүү авч байсан түүхтэй. Тиймээс өнөө жил ид барилдаж, түмэн олныг шуугиулаад буй Ховдын бөхчүүд Ардын хувьсгалын тэгш ойн баяр наадмын түрүүг авахгүй гэх газаргүй билээ.

Сүүж ууланд бэлтгэл гарсан Завхан аймгийн “Даян” дэвжээний бөхчүүд ч өнгөтэй харагдана. Улсын хүчит гарьд Б.Гончигдамба тэргүүтэй Завханы бөхчүүдээс өнөө жил улсын цолонд хүрч, улмаар цолоо ахиулан барилдах олон залуучууд байгааг бөх сонирхогчид андахгүй мэднэ. Тэдний нэг нь цэргийн хурц арслан М.Лхагвагэрэл билээ. Тэрбээр өнөө жилийн Бүх цэргийн баяр наадмаар хоёр дахь удаагаа түрүүлж хурц чимэг нэмсэн, Завхан нутгаас ид барилдаж яваа залуу хүчтэн юм. Тиймээс өнөө жилийн баяр наадмаар улсын цолонд хүрч улмаар цолоо улам дээшлүүлэн барилдана гэсэн ард түмний хүлээлт өндөр буй юм. Юутай ч нутаг нутгийн бөхийн галуудын үе үеийн бэлтгэл сургуулилтын бааз болсон “Сүүж” ууланд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн их баяр наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлээ эхлүүлээд байна.

Нийтлэлч: Энхтөрийн Мөнхтүвшин

Бурхан багшийн их дүйчин өдөр цээрлэх ёстой 10 үйлдэл
Бурхан багшийн их дүйчин өдөр цээрлэх ёстой 10 үйлдэл
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.