Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг маргааш УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн.
Уг хуулийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан “Хаврын тариалалтын бэлтгэл ажлаас энэ хуулийн үйлчлэл эхэлнэ. Засгийн газраас энэ жил үр тариа, хүнсний ногоог аль болох их хэмжээгээр тариалах чиглэлд шат дараатай арга хэмжээ авч буй. Мөн УИХ-д маргааш өргөн барих тус хуулиар эргэлтийн хөрөнгийн дэмжлэгийг гаргахаар шийдвэрлэж байгаа.
Түүнчлэн зарим бүтээгдэхүүний экспортод хязгаар тавих эрхийг ХХААХҮ-ийн сайдад олгосон. Тодруулбал, ОХУ-тай холбоотой үүссэн нөхцөл байдлын улмаас манай улс хойд хилийн бүс нутгуудад иргэдийн жижиглэнгээр авч гарах хүнсний бүтээгдэхүүнд хязгаарыг тогтооно.
Учир нь манайд зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн импортын хамааралтай. Тиймээс тухайн бүтээгдэхүүний экспортод тодорхой хэмжээний хязгаар тавих эрхийг энэ хуулиар сайдад олгож байгаа.
Иймд уг чиглэлд бид судалгаа хийж, чухам ямар бүтээгдэхүүнээ экспортод гаргахыг хориглох талаар төлөвлөгөө гаргана" гэлээ.