НАМЗХ-ны 25 жилийн ойн ээлжит бус Их хурал өнөөдөр /2022.04.02/ Олон улсын хүүхдийн Найрамдал төвд албан ёсоор эхэллээ. Энэхүү хурлаа "Шинэ үе-Шинэ сэргэлт" уриан дор хоёр өдөр зохион байгуулах бөгөөд хуралд 462 гишүүд, төлөөлөгч оролцож байгаа юм.
Хурлын нэг онцлох үйл явдал нь, НАМЗХ-г энэ цаг үед манлайлж байгаа залуучууддаа зориулж академик сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд залуус дэвшилтэт үзэл санаа, сайн дурын байгууллагын менежмент болон хувийн ур чадвар хөгжүүлэх хэрэгцээт сургалтууддаа хамрагдах юм. Мөн Их хурлаар холбооны өнөө цагийн өөрчлөлт шинэчлэлт, урт хугацааны зорилтуудаа тодорхойлох юм.
"Шинэ үе-Шинэ сэргэлт" академийг нээж УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учрал үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн тэрбээр "МАСЗХ-ноос өнөөдрийн НАМЗХ хүртэлх 25 жилийн хугацаанд манай байгууллага залуучуудын хүсэл эрмэлзэл, тэмүүлэл, эрч хүчний ундарга болж өдрөөс өдөрт өсөн дэвшиж өнөөдрийн амжилтад хүрээд байна. МАН 30 дахь Их хурлаар "Шинэ зуун-Дэвшилтэт бодлого"-ыг танилцуулж, "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг тодорхойлж, намын үзэл баримтлалаа албан ёсоор "Социал демократ" гэдгээ зарласан. Энэхүү бодлогын хүрээнд НАМЗХ-г энэ цаг үед манлайлж буй залуучууддаа зориулан “Шинэ үе-Шинэ сэргэлт” академийг зохион байгуулж байна. Дэлхийн хурдацтай хөгжилд хөл нийлүүлэн алхах нь бидний хувьд амжилт биш юм. Харин энэхүү хөгжлийг илүү гэрэлтэй, илүү эерэг болгох нь залуучууд бидний хувьд ахмад болон дараа үеийнхээ өмнө хүлээх үүрэг билээ. Ийм шинэчлэлд мэдрэг байж, хөгжилд түүчээлэгч байя” хэмээн уриалсан юм.
Ээлжит бус Их хуралд зочин илтгэгчээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нар оролцох бол академийн сургагч багш нараар МАН-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газрын дарга Г.Баярхүү, МАН-ын Технологи инновацын газрын дарга Н.Жавхлан, НАЗА-ийн Захирал Б.Золбадрал, мастер трэйнер Э.Чинзориг, НАЗА-ийн бүсийн сургагч багш Т.Буяндэлгэр нар хүрэлцэн иржээ.