НАМЗХ-ны 25 жилийн ой тохиож буй энэ өдрүүдэд тус холбооны залуус дуу хоолой, сэтгэлээ нийлүүлэн “Гэрэлтэх эхлэл” төслийн хүрээнд 9 дүүрэг, 21 аймгийн эмнэлгийн эмч, сувилагчдын амрах өрөөг тохижуулж байгаа аж. Төслийн хүрээнд өнөөдөр Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Яаралтай тусламжийн эмч, сувилагчдын амрах өрөөг хүлээлгэн өглөө.
УИХ-ын гишүүн Н.Учрал НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн хувьд тохижуулсан өрөөгөө хүлээлгэн өгч эмч, эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлжээ.
Тэрээр сошиал хуудаснаа “Энэ эмнэлгийн орон дээр эрлэгийн элчтэй нүүр тулж, үхэл амьдралын зааг дээр тэмцэлдэж байсан өдрүүд өчигдөрхөн мэт санагдаж байна.
Ингээд хөл дээрээ зогсчихсон, эмч сувилагч нарынхаа амрах өрөөг тохижуулаад хүлээлгэн өгч буй энэ торгон агшныг илэрхийлэх үг дутах шиг. Эмнэлэг хүний амьдралд төрөх цагт өлгий, өвдөж, орчлонгоос одох цагт мөн л өлгий нь болдог орчин. Хүн эмнэлгийн орон дээр удаан хэвтэх мөчдөө юу эсийг бодох билээ.
Алтан гарт эмч нартаа бүх хүмүүсийг чин сэтгэлээсээ өлгийдөж, өөрийн хүүхдээ асарч буй мэт нандигнадаг сэтгэлд нь талархаад баршгүй. Холбооны Ерөнхийлөгч гэхээсээ илүү энэ эмнэлэгт хоёр сарын турш хэвтэн эмчлүүлж хамгийн ойроос зовлон, жаргалыг нь мэдэрсэн иргэн хүний хувиар ирсэн.
Шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа УИХ-ын гишүүний хувьд Ажлын хэсэг байгуулан эмч, эмнэлгийн ажилчдын ажиллах орчин нөхцөл, цалин хангамж, бусад бэрхшээлтэй асуудлыг шийдэхээр ажиллаж буйгаа энэ дашрамд та бүхэнд дуулгамаар байна.
Эрүүл энхийн манаанд зогсож байгаа хүн бүхэнд хүртээмжтэй, цаг үе, нөхцөл байдалд нь нийцсэн өөрчлөлт шинэчлэлтийн бодлогыг хэрэгжүүлэх тэр цаг ойрхон байгаад би, бид эргэлзэхгүй, ухрахгүй дуу хоолой нь болсоор байх болно. Нийгмийг гэрэлтүүлэхээр нэгдсэн НАМЗХ-ны залуустаа чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэжээ.