Арванзургаадугаар зууны үеэс манай улсад дэлгэрсэн Буддын шашин бол монголчуудын дийлэнх хувьд нь хүрч сүсэг биширлийг нь олж авч чадсан дэлхийн томоохон гурван шашны урсгалын нэг. Тэр ч утгаараа Төв Гандан хийдийн газар бол монголын ард түмний түүхийг өөртөө агуулсан өв уламжлалт газар байсаар ирсэн байсаар ч байгаа.
Энэ их өв уламжлал, түүхийн үнэт зүйлсийг өөртөө агуулсан Монголын Бурхан Шашин Төв Гандантэгчилэн хийдийн зүйл ширхэг бүрийг хариуцсан нярав байна гэдэг бол ихээхэн хариуцлагатай ажил гэдэг нь хэнд ч ойлгомжтой.
Энэхүү албыг 1990-ээд оноос 2014 он хүртэл хашиж байсан хүн бол МБШТ Гандантэгчинлин хийдийн их Шанзодва А.Ариунжаргал юм. Түүнийг няравын албыг он удаан жил хашсаныг сонссон хэнбугай ч ажлаа онц сайн хийдэг хүн байж таараа гэж бодохоор. Гэвч бодит байдал дээр тэрбээр албаа тийм ч үнэнч хашиж чадаагүй юм.
Учир юунд вэ гэвэл МБШТ Гандантэгчинлин хийдэд түүхийн дурсгалт хосгүй үнэт эд өлгийн зүйлсийг хадгалан үлдэх, хамгаалах зорилгоор 4 жилд нэг удаа улсын тооллого хийгддэг. Харин эдгээр тооллогод Их Шанзодва А.Ариунжаргал нярваар ажиллаж байх хорь гаруй жилийн хугацаандаа улсын сан хөмрөгөөс нийтдээ 70 гаруй эд зүйлс дутаасан байдаг.
Улсын үнэт түүхийн дурсгалт өвийг нүдний цөцгий мэт ариглан хайрлаж гамнах, эд өлгийн зүйлс алдагдсан тохиолдолд хариуцлага хүлээх ёстой хүн бол яалт ч байхгүй А.Ариунжаргал нярав. Гэтэл тэрээр хариуцлага хүлээх нь байтугай 2014 онд МБШТ Гандантэгчинлин хийдийн санхүүгийн асуудлуудыг дангаар шийддэг “Санхүүгийн алба”-ыг хариуцсан дарга болсон байна. Эсвэл Гандангийн хуулинд хариуцлага хүлээнэ гэдэг тушаал дэвшүүлэхийн нэр байх.
Одоо Монгол улсын хамгийн том шашны төвийн санхүүг барьдаг болсон энэ хүний үед хэчнээн үнэт зүйл алга болж бидний өв уламжлал устаж буйг бид таашгүй. Энэ талаар бид үргэлжлүүлэн эрэн сурвалжилж мэдээлэх болно. Үргэлжлэл бий..