Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өргөс авахад ч өвддөг

Д.Сумьяабазарыг анх Хотын дарга болоход гайхаж байлаа. Тэрбээр УИХ-ын гишүүнээсээ бууж очсон. Бас Уул уурхайн сайдаар ажиллаж, Тавантолгойн IPO бараг хийж явсан том амбийцаа ийн хаяж байв. Уг нь тэр үед Д.Сумьяабазарынхаар Тавантолгойд IPO хийж чадсан бол өнөөдөр Монгол Улс олборлосон олон сая тонн нүүрсээ Цагаан хаданд овоолчихоод сууж байхгүй л байв. Гэвч манайхны “хувийн ашиг сонирхлыг хамгаалах улс төр” улсын эрх ашгийг давдаг жамаар Д.Сумьяабазар ялагдсан. “...Тавантолгойг авч үлдлээ” энэ тэр гэж PR-дсаар унагасан. Угтаа Монгол ялагдсан л даа.

Ингэж Хотын дарга болсон Д.Сумьяабазар жил хагас ажиллаж байна. Тэр Хотын дарга болоод “Хотын хууль” дээр сууж, өнгөрсөн зун наадмын өмнөхөн УИХ-аар батлуулсан. Энэ хуулийг 2008 оноос хойшхи Хотын дөрвөн ч дарга УИХ руу зүтгүүлээд амжилт олоогүй байсан юм. Тэр хүртэл хот 1994 онд Н.Багабанди гуайг УИХ-ын дарга байхад батлагдсан “бичил” хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байв.

Харин уг хууль батлагдсанаар хотын төсөв, санхүүг шийдэж, хууль, эрх зүйн орчинтой болчихож байгаа юм. Энэ талаар Хотын дарга Д.Сумьяабазар хуулиа батлуулчихаад “...Түгжрэлийн асуудлыг шийдэх системтэй ажил хийхээр төлөвлөсөн. Сүүлийн 30 жилийн хугацаанд явж ирсэн бодлогын гажуудлыг засахын тулд Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталлаа. Түгжрэлийг бууруулахад хот төлөвлөлт, авто замын сүлжээг шинэчлэх, нийтийн тээврийн чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний зохицуулалт, төлөвлөлтийн инженерчлэл, эрх зүйн зохицуулалтын хүрээнд таван цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” гэсэн байдаг. Үүнийг дагаад Засгийн газар “Монгол Улсын шүдний өвчин” болсон хотын түгжрэлийг бууруулахад жил бүр 420 тэрбумаас доошгүй төсөв шийдэж өгсөн. Мөн Богдхаан төмөр зам, хурдны зам зэргийг дэмжиж, тодорхой шийдвэрүүдийг гаргаад байгаа юм.

Түүнчлэн сая, цагаан сарын үеэр Ерөнхий сайдын Хятадад хийсэн айлчлалаар хотын түгжрэлийг бууруулахтай холбоотой хоёр томоохон төслийн асуудал яригджээ. Айлчлалын бүрэлдэхүүнд яваад ирсэн Хотын дарга Д.Сумьяабазар “...Улаанбаатар хоттой холбоотой хоёр том төслийг багтаасан нь олзуурхууштай хэрэг. Эхнийх нь хөнгөн галт тэрэг байгуулах төслийн хүрээнд таван жилийн хугацаанд гурван чиглэлд 50 км орчим үргэлжлэх гүүрэн байгууламж байгуулахад БНХАУ-ын талаас, тэр дундаа Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос онцгой анхаарч, бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. ...2024 ондоо багтаан хөнгөн галт тэрэгний эхний туршилтыг хийх боломжтой. Мөн хурдны замын ажлуудыг эхлүүлнэ. Туулын хурдны замын ТЭЗҮ, ажлын зураг нь хийгдчихсэн, бэлэн байгаа төслийн нэг. Тэгэхээр таван жилийн дотор тус хоёр төслийг багтаан хийх саналыг БНХАУ-д албан ёсоор тавьсан. Талууд хоорондоо зөвшилцөн, хэлэлцээрийн түвшинд явж байна. Миний хувьд ажлаа хийж дуусгаж чадна гэж бодож байна” гэж ярьсан. Хотын дарга Д.Сумьяабазар лав түгжрэлийн тухайд иймэрхүү чиг шугамтай үзэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, хотын түгжрэлийг бууруулах ажлыг засагтай хамжаад бодитойгоор эхлүүлсэн байна. 30 жилийн хугацаанд хийгдээгүй ажил шүү дээ.

Харин эдгээрийг хийхэд, түгжрэлтэй холбоотой бусад асуудлыг шийдэхэд 420 тэрбум төгрөг хаана ч үгүй. Тэгэхээр хот өөрөө хөрөнгө босгох шаардлагатай. Хот ч гэж, Д.Сумьяабазар ийм менежмент хийх үүрэгтэй болчихож байгаа юм.

Ерөөсөө энэ түгжрэл чинь Улаанбаатар хотын бүтэн 30 жилийн “хөгжил”-ийн үр дүн шүү дээ. Өнгөрсөн 30 жилд хот яаж “хөгжиж” ирснийг та бид хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Газрын наймаатай холбогдоогүй Хотын дарга байсангүй. Газрын наймаанаас нь эхтэйгээр Улаанбаатар хотын төлөвлөлт, архитектур бүрэн алдагдсан.

Тиймээс Д.Сумьяабазар нар байж болох хамгийн боломжит хувилбарыг тооцож, дээрх Богдхаан төмөр зам, хурдны зам, хөнгөн галт тэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээр болсон хэрэг. Дээрээс нь энэ түгжрэл хотын иргэдийн “тархи”-тай ч холбогддог.

Нэмээд, хот өөрөө асуудал ихтэй. Тэр аяараа аж ахуйн ажил л даа. Өнөөдөр энэ хотод Монгол Улсын хүн амын тал буюу 1.6 сая хүн ажиллаж, амьдарч байна. Тэр утгаараа хүний бүхий эрх, бүх хэрэглээг эрүүл, аюулгүй хангах үүргийг бас хүлээнэ гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор хотоос олгодог 74 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. 2022 оны хоёрдугаар сарын 15-нд үйлчилгээний салбарын цагийн хязгаарлалтыг цуцаллаа. Гэвч бүгдэд таалагдахгүй. Заавал нэг шүүмжлэл гарч ирж байгаа юм. Зовлонтой л ажил. Гэхдээ Д.Сумьяабазар энэ бүгдээс халширч, таалагдах гээд гүйгээд байдаггүй шиг байгаа юм.

Өөрөө “...Бид түгжрэлийг бууруулах ажлын төлөвлөгөөг гаргалаа. Гэлээ гээд маргааш нь хийнэ гэсэн үг биш. Шат дараатайгаар хэрэгжүүлнэ” гэж хэлээд л гөвүүлж харагдсан. Гэтэл бодит үнэн нь энэ. Өнөөдөр эхэллээ гээд өдөртөө түгжрэлгүй болчихгүй. Өргөс авсан юм шиг түгжрэл арилахгүй.

Энэ хооронд зарим механик зохицуулалт хэрэг болдог. Дэлхийн том хотуудад ч ингэдэг. Тухайлбал, зарим сургуулдийн цагийн хуваарьт өөрлөлт оруулж, автомашины жолооны хүрд, үйлдвэрлэсэн он зэргийг харгалзсан хатуу гэмээр арга хэмжээг авдаг байна. Өөрөөр арга байхгүй. Хотын замыг өргөн болгоё гэх нээ, газар байхгүй. Зарчихсан. Байшин барилга нураалтай биш. Бөөн асуудал болно. Хэдэн гарааш буулгахад хэл яаж гарав даа. Тэгэхээр хотынхон түгжрэлийг бууруулахад хувиа оруулж, жаахан жаахан хязгаарлалт үзэх л хэрэгтэй гэсэн үг. Ер нь бол өргөс авахад ч өвддөг л юм.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улаанбаатар хот хувийн хэвшил, иргэдэд аж ахуй эрхлэх тааламжтай талбар байх ёстой
Улаанбаатар хот хувийн хэвшил, иргэдэд аж ахуй эрхлэх тааламжтай талбар байх ёстой
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.