Сар шинийн баяр дөхсөн нүргээнт өдрүүдэд олны сэтгэлийг шимшрүүлсэн нэгэн сэдэв давалгаалсан нь СӨХ хийгээд лифт буюу цахилгаан шатны асуудал байлаа. Жаахан таагүй зүйлийг бид монголчуудын сайн мэдэх Д.Нацагдоржийн “Цагаан сар ба хар нулимс” зохиолоор жишээ татдаг шиг, тийм нэг харьцуулалт гарч ирэв. Үнэхээр “Цагаан сар ба хар нулимс” гэж зүйрлэм үйл явдал болоод өнгөрлөө. Баянгол дүүргийн нийтийн орон сууцны нэгэн байрны цахилгаан шат удаан хугацаанд эвдрэлтэй байсны эцэст гурван настай хүүхэд түүнийг налж зогсоод улмаар цааш унаж амь насаа алджээ. Сар шинийн баяр тэмдэглэх гэж бум бужигнаж, түм түжигнэсэн өдрүүд харамсалтай мэдээгээр “амьсгалж” байна. Үнэхээр харамсалтай. Цөөхөн монголчуудын, нэгэн залуу гэр бүлийн элэг эмтэрч байна.
Энэ үйл явдлыг нийгэм маань сошиал орчинд хэлэлцсээр л байна. Ингэхдээ зарим нь барилгын компанийн буруу гэж. Зарим нь лифт угсралтын компанийн буруу гэцгээж. Хууль, дүрэм уншиж, судалсан, асуудалд бодитой ханддаг олонхи нь харин тухайн байрны СӨХ буюу Сууц өмчлөгчдийн холбооны буруу гэцгээжээ. Үүнээс үүдэн “СӨХ ба лифт” гэсэн хэлэлцүүлэг шат шатанд албан болоод албан бусаар өрнөжээ. Зарим нь орон сууцны барилгыг барьсан компанийг буруутгаж, зарим нь иргэд, оршин суугчдын хариуцлагын асуудлыг хөндөж, олонхи нь тухайн байрны СӨХ-д хариуцлага тооцох ёстой гэжээ. Буруутай этгээдэд хариуцлага тооцох учиртай. Бусдад ч гэсэн жишиг сургамж болгож хариуцлагын талаар заавал мэдээлэх ёстой.
Ер нь бол манай улсад өнөөдрийн байдлаар 1976-1986 оны хооронд суурилуулсан, насжилт нь дууссан 130 гаруй лифт байдаг юм байна. Тэгвэл тухайн орон сууц баригдаж ашиглалтад орсны дараах дүрмээр бол СӨХ байгуулагдан ажлаа эхлэхдээ лифтийг угсарсан компанитай гэрээ хийж арчлалт, ашиглалт, эвдрэл гэмтэл, урсгал засварын гэрээг хийж хамтарч ажилладаг юм байна. Энэ үүднээс хэвлэлийнхэн хамгийн түрүүнд “Улаанбаатар лифт” нийслэлийн өмчит үйлчилгээний / НӨҮГ/-т хандан тодруулга мэдээлэл авчээ. Тус газрын дарга Д.Ган-Эрдэнэ хэлэхдээ “Манай байгууллага 60 аж ахуй нэгжийн 170 лифтэнд засвар, үйлчилгээ хийн ажиллаж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 7000 гаруй лифт байдгаас гэрээт СӨХ-үүддээ л засвар, үйлчилгээг нь хийж гүйцэтгэдэг. Заавал мэргэжлийн лифтчин байж, сар болгон үзлэг хийлгэж байх хэрэгтэй. Осол гарсан байрны СӨХ-той манай байгууллага гэрээгүй бөгөөд хоёр жилийн өмнөөс л яригдаж байсан. Цахилгаан шатны аюулгүй байдлын дүрэм гэж бий. Дундын өмчлөлийн тухай хуульд зааснаар орон сууцны цахилгаан шатны эвдрэл гэмтлийг СӨХ хариуцна гэж заадаг. Тиймээс энэ тохиолдолд СӨХ-ны буруу гэсэн үг” гэсэн хариуг өгчээ.
Тэгвэл СӨХ-үүд хэр хариуцлагатай ажилладаг вэ. Энэ асуултад оршин суугчдын олонх нь “Одоогийн СӨХ-үүд маш хариуцлагагүй. Мөнгө татахдаа сайн, үүргээ биелүүлэхдээ муу” гэцгээжээ. СӨХ-үүд ямар тайлбар тавьж байна вэ гэвэл “Түрээслэгч олонтой, тэд төлбөрөө төлдөггүй, хэдэн жилээр хуримтлуулсан өртэй. Иргэд орон сууцны лифт, шат, цонх, орцны хаалга гээд эд зүйлд хайр гамгүй ханддаг. Ахуйн хүрээний архидалт их байдаг. Гаднаас хүмүүс цуглуулж архидаж танхайрдаг. Орц, лифтний хаалга эвдэж, хогоо хаяж, бохир суудаг. Цагдаа, шүүхэд өгөөд нэмэргүй байдаг. Эвдрэл гарахад засуулах гэтэл айлууд мөнгөө төлөөгүй учраас зардал байдаггүй, байсан ч хүрэлцдэггүй” гэхчлэн тайлбар тавьцгаажээ. Гэтэл үнэндээ энэ нь айл өрх бүрээс СӨХ-ийн төлбөрөө шаардан авч, өөрсдийгөө цалинжуулахын зэрэгцээ, засвар үйлчилгээг зохицуулах үүрэг хүлээсэн СӨХ-ийн л үндсэн үүрэгт ажил юм. Дүрэм нь ийм байдаг аж. Иймд сая Баянгол дүүрэгт гарсан ослын дараа нийслэлийн бүх орон сууц, оршин суугчдын цахим нэгдэлд “ Лифт болохгүй гацаад байна гэсэн пост их тавигджээ. Манай байрны лифт ч бас асуудалтай л байна. Бид заавал ямар нэгэн гарз хохирол амсаж байж ухаарах ёстой биш биз дээ. Сая харамсмаар жишээ гарлаа. СӨХ бүх байрнуудын лифтэнд мэргэжлийн байгууллагаар нь шалгалт хийлгүүлээд яаралтай засуулж янзлуулмаар байна” гэсэн шаардлагууд тавигджээ.
Хуучин барилгын хуулиар барилгын чанарын асуудлыг гурван жилийн дотор гүйцэтгэгч компани хариуцах заалт хэрэгжиж байв. Гэхдээ зөвхөн барилгын чанарын асуудал л хамаатай. Харин лифтний асуудлыг зөвхөн лифт угсралтын компани хариуцах заалттай. Барилга ашиглалтад орсэны дараа СӨХ хүлээж аваад лифтний хэвийн үйл ажиллагааг хангах, хог, тог цахилгаан, халуун хүйтэн ус, цэвэрлэгээ гэхчлэн бүх асуудалд хяналт тавьж, хариуцаж ажилладаг. Иймд нийслэлийн удирдлагууд иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хангах үүднээс “Лифт ба СӨХ” гэсэн хэлэлцүүлгийг яаралтай хийж, асуудлыг цогцоор хийх цаг нь иржээ.
Ч.ЗОТОЛ
Эх сурвалж: Зууны мэдээ сонин