Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатарын сүүлийн үед бүтээж буй шударга дүрийн цаана...

Сүүлийн үед банкны өр зээлийн асуудлаар чанга дуугарагчдын нэг нь Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар. Тэр хотын даргатай хонь чоно биш юмаа гэхэд таагүй харилцаатай нэгэн. ХААН-ы хувьчлалд хамааруулж эхэлсэн асуудал Үндэсний хөрөнгө оруулалтын банк руу үүл мэт шилжиж, шударга дүр бүтээх агшин хэмээн тооцож адгаж байх шиг харагддаг.

Түүнийг Монголын улс төрд гавьяатай, гайтайг нь жишиж харах барьц бага ч сайнаасаа илүү саар тал нь түрүүлж сэтгэлд буудаг.

У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байх үед тэрбээр хоёр ч Засгийн газар дамжин Сангийн сайдаар ажилласан. Гэвч түүнийг сайдын эрх дархтай явах үед Монгол Улс саарал жагсаалтад бүртгэгдэж сандарч тэвдэж байсан үе бий. Өр ширээ нимгэлж байна гэж өчнөөн тоо баримт дурдаж хуудас хуудсаар бичиг цаас үзүүлж байсан ч гадаад өр багасах нь байтугай нэмэгдсэн. Гадаад зах зээлээс босгосон бондуудын эргэн төлөлтийг зээл болон бас дахин бонд гаргах замаар төлсөн. Төлөх ч гэждээ, өрийг өрөөр түр аргацаасан гэсэн үг. Түүний үед төсвийн сахилга бат огтохон ч сайжраагүй гэдгийг дараа дараалан баталж байсан алдагдалтай төсөв, үүнийг нөхөх гэж өрийн таазыг өндөрсгөн байж авсан үр өгөөж тааруухан гадаад зээлүүдээс анзаарч болно.

УИХ-ын гишүүн бөгөөд Сангийн сайд гэсэн төр засгийн давхар давхар дээлтэй данагар албан тушаалтай байсан хэрнээ улс төрч хүний үлгэрлэл, манлайллыг үзүүлж чадаагүй. Хотгор шанагын уурхай, “Ганнам”-йн Монгол сайдаар хүртэл нэрлэгдэж байв. Түүнчлэн түүний төрсөн нутаг Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай холбоотой идэж уусан гэх баримтуудыг цахим хуудсаараа дамжуулан нийтэд дэлгэж, "Энэ цайрчихсан худалчийг яая даа байз” гэж адгаж байсан удаатай.

Тэрбээр тухайн үед “Хотгор шанагын уурхайн лицензийг УБХ-ын гишүүн асан П.Улаанхүү, Болгар улсын Элчин сайд асан Л.Дүгэржав нараас Алтангэрэл болон таны ах нар чинь 350.0 сая төгрөгөөр худалдаж аваад БНСУ-ын төрийн өмчит компанид 51 хувийг нь 12.0 сая доллароор зарсан яах аргагүй л үнэн шүү дээ. Яг өнөөдөр 51 хувь нь БНСУ-ын төрийн өмчит компанид, 34.5 хувь нь Алтангэрэлд, 14.5 хувь нь Болормаа гэж эмэгтэйд байгаа. Энэ талаар надтай нүүр тулаад мэтгэлцээрэй гэж Ч.Хүрэлбаатар танд фэйсбүүкээр олон хэллээ. Чаддаг юм бол намайг гүтгэсэн гээд цагдаад өгчихөөрөй” гэж цахим орчинд мэдэгдэж байв.

Ч.Хүрэлбаатарын улс төрд түшиц болдог газар нь Увс аймаг. Тойрогтоо чухам ямар бүтээн байгуулалт ажил хийж байгааг нь сонгогчид нь мэдэх байх. Гэхдээ Засаг дарга асан Д.Цэндсүрэн:

“Нэмээд хэлчихье. Нүүрс боловсруулах 14.0 тэрбумын төслийг өөрийнхөө ах Ч.Гантулгын найз Баатарсүрэнд өгч юу ч хийгээгүйг чинь Баасан эгч сая гаргаж тавилаа. Баатарсүрэнгийн компаниас 3.0 тэрбум төгрөг хэний данс руу шилжсэн нь удахгүй тодорхой болохоор чи хаашаа харж үхнээ. Баригдана даа баригдана. Нүүрс,гурил хоёрын хулгай баригддаг юм ш дээ, Хүрлээ” хэмээн жиргэж байв.

Энэ бол 2017 оны эцсээрх явдал. Дээр өгүүлээд байгаа 14 тэрбумын өртөгтэй нүүрс боловсруулах төслийн тухайд гэвэл Увс аймгийн Бөхмөрөн суманд 800.0 сая төгрөгөөр баригдаад 20 хоног ажиллаад дахин хэзээ ч ажиллаагүй нүүрснээс хий гаргаж цахилгаан үйлдвэрлэх төслийн талаарх яриа юм. 12 КВ-ын чадалтай цахилгаан станцын энэ төсөл хэрэв хэрэгжсэн бол баруун гурван аймгийг импортын эрчим хүчээс хамааралгүй болно гэсэн өөдрөг төсөөлөл тухайн үед яригдаж байсан санагдана.

Ганнамд Монголын нэг сайд гурвын гурван орон сууцтай гэх мэдээлэл 2020 оны долдугаар сард нийтлэгдэж байв. Сөүлийн Ганнам дүүрэг бол дэлхийд зартай өндөр өртөгтэй газруудын нэг. Тэгээд Монгол даяар тэр сайдыг хайж “...Ганнамд гурван орон сууцтай сайд Ч.Хүрэлбаатар байжээ” гэж шуугиж байв.

Энэчлэн түүний өнгөрсөн рүү өнгийвөл тийм ч сайрхмаар дүр зураг харагдахгүй.

Тэрбээр хэд хэдэн удаа Засгийн газрын гишүүүнээр ажиллаж байв. Харин сайдын ажлыг хэр зэрэг хийж, хариуцсан салбартаа ямар шинэчлэл өөрчлөлт авчирсан бэ гэж харвал учир дутагдалтай, чамлахаас аргагүй. Эрх мэдэл, албан тушаал сайдын зангарагаа улс орны тусын тулд харуулж чадаагүй. Тэгсэн хэрнээ одоо эх орончийн дүр босгож, шударга хүний драм бүтээж суудаг болжээ. Ялангуяа Засгийн газарт халаа сэлгээ хийх, давхар дээл өмсгөх сургаар энэ байдал нь бүр ч идэвхжээд илэрхий попроод байх шиг харагддаг.

Түүний мөрөөдөл, далдхан хүсэл нь Ерөнхий сайд болох. Хдэнтээ УИХ-д сонгогдож, хэдэнтээ сайдын алба хашшиж, бас улсын санхүү мөнгийг атгаж байсан хүн сайдаасаа огцорч сул гишүүн явна гэдэг нэг талаасаа гунигтай, бас гомдолтой. Гэтэл Засгийн газарт ганцхан удаа орж ажиллаж байсан нэг бацаан урдуур нь тэс хөндлөн дайрч Ерөнхий сайд болж, өөрийг нь огцруулчихаар бүр ч ууртай байгаа байхаас яах билээ.

Алсарч буй сайдын нэр нүүр, карьераа наашлуулах боломж нь шударга үнэний тугчийн дүрд тоглох явдал гэдгийг тэр анзаарсан бололтой.

Б.Тулга

Ч.Хүрэлбаатар 1.3 тэрбум тонн нөөцтэй ордыг 68 сая тонн болтол нь даржээ
Ч.Хүрэлбаатар 1.3 тэрбум тонн нөөцтэй ордыг 68 сая тонн болтол нь даржээ
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.