Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-ын цэргийн эхний хэсэг Казахстан руу хөдөлжээ

Казахстанд энхийг сахиулах үүрэгтэй ОХУ-ын цэргийн эхний онгоц Пүрэв гарагийн үүрээр ниссэн тухай тус улсын батлан хамгаалах яам мэдээлжээ.

Москвагийн ойролцоох Чкаловскийн агаарын баазаас десантын цэргүүдийг суулгасан Илюшин II-76 ачаа тээврийн нисэх онгоц хөөрч байгааг харуулсан дүрс бичлэгийг ОХУ-ын батлан хамгаалах яамны Звезда телевизийн суваг үзүүлсэн байна.

Шинэ оны эхний өдрөөс Казахстанд шингэрүүлсэн хийн түлшний үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл эхэлсэн юм. Тэмцэл сүүлдээ засгийн газрын эсрэг бослого болж өргөжөөд байна.

Казахстаны ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев стратегийн ач холбогдолтой байгууламжуудаа “гадаадад бэлтгэгдсэн террористууд”-aaс хамгаалах зорилгоор Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллага (ХАБГБ)-аас цэргийн тусламж хүссэн юм.

ХАБГБ-д ОХУ, Армени, Беларусь, Казахстан, Киргизстан, Тажикистан улсууд багтдаг.

Босогчидтой хийсэн мөргөлдөөний үеэр нийт 13 хууль сахиулагч амиа алдсан тухай Казахстаны төрийн төв агентлаг өчигдөр мэдээлжээ. Тэдгээр нь бүгд тус улсын хамгийн том хот Алматыд бүртгэгдсэн гэнэ.

Цагдаа нар өнгөрсөн хугацаанд бослого үймээнтэй холбоотой нийт 2,000 орчим иргэнийг баривчилсан байна.

Казахстаны эрүүл мэндийн яамны мэдээлснээр 1,000 гаруй хүн шархдаж, бэртэж гэмтсэнээс 400 гаруй нь эмнэлэгт эмчлүүлж байгаа гэнэ.

Орон даяар зарласан онц байдлын дэглэм нэгдүгээр сарын 19 хүртэл үргэлжлэхээр болжээ. Энэ хугацаанд шөнийн цагаар хөл хорио тогтоож, хот хооронд шилжилт хөдөлгөөн хийх, олноор цугларахыг хориглох юм.

Босогчдын уур хилэн Казахстаныг олон жил удирдсан 81 настай экс ерөнхийлөгч Нурсултан Назарбаевыг чиглэж байгаа нь тодорхой харагдаж байна.

Тэд “Өвгөнийг зайлуул!” гэсэн уриа хашхирч, Назарбаевын хөшөөг буулгаж байгаа нь сошиал орчинд тарсан дүрс бичлэгүүдээс харагдаж байна.

19 сая хүн амтай Казахстан улсад 1991 онд тусгаар тогтносноос нь хойш иргэдийн бага хэмжээний жагсаал тэмцэл гарч байсан ч энэ удаагийнх шиг өргөн хүрээг хамарч байгаагүй юм.

Эх сурвалж: Russia Today, Reuters

Шинэ хоёр яамыг түр хариуцах сайдууд болон Төрийн нарийн бичгийн дарга нар
Шинэ хоёр яамыг түр хариуцах сайдууд болон Төрийн нарийн бичгийн дарга нар
 
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн “зөөлөн сандал”-ын мөрөөдөл нь “хатуу сандал” руу чулуудчихав уу
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн “зөөлөн сандал”-ын мөрөөдөл нь “хатуу сандал” руу чулуудчихав уу
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.