Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шүүхийн шинэчлэлд жорлонгийн суултуурт санаа зовдог Н.Баасанжав дэм болох уу?

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд олон нийтийн дунд явуулсан судалгаагаар хамгийн дорой үнэлгээ авсан шүүхийн салбарт шинэчлэл явагдаж байгаа нь сайн хэрэг. Энэ утгаараа шүүхийн шинэчлэл нийгмийн захиалга хэвээр байгаа. Гэвч УИХ-аас ШЕЗ-ийн гишүүдийг томилж, нийгэмд шударга ёс тогтоох ажил явцын дундаа олон нийтийн эргэлзээг төрүүлж эхэллээ. УИХ өнгөрсөн долоо хоногт ШЕЗ-ийн шүүгч бус гишүүдийг томилох шүүхийн шинэчлэлтэй холбоотой маш чухал томилгоог хэлэлцсэн. Энэ үеэр ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Н.Баасанжав гэх эмэгтэй УИХ-ын гишүүдийн шүүхийн шинэчлэлийг хэрхэн хэрэгжүүлэх талаарх асуултад “Шүүх байгууллагаар үйлчлүүлж байхад жорлонгийн асуудал хүнд байдаг. Үүнийг анхаарч ажиллана гэж бодож байна” гэж хариулав. Асуултдаа ийм арга ядсан хариулт авсан хэн ч бухимдах нь мэдээж. ШЕЗ-ийн гишүүнд ийм зүйл ярьдаг хүн нэр дэвшиж байгааг харсан хуулийн салбарынхны бол нүд нь орой дээрээ гарч, чих нь дэлдийсэн нь ойлгомжтой. Харин шүүхэд шударга ёсны салхи сэвэлзэхийг хүлээж байгаа иргэдэд бол үнэхээр гутрахаар зүйл болсон.

Тухайлбал, нэр дэвшигч Н.Баасанжаваас шүүхийн шинэчлэлийн талаар асуусан Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Багшид асуугдаж байгаа хүүхдүүд шиг дэвэн дэлхийн юм хамж яриад байна. Бодлогын асуулт тавихад өөр жижиг асуудал өлгөж ярихаа боль. Асуултад тохирсон бодлогын хариулт өгөөдөх” зэргээр бухимдсан. Гэтэл Н.Баасанжав нь “Сайдтай толхилцож эвгүй байдалд орох бодол алга” хэмээн хариулаад сууж байна лээ.

Үнэхээр харамсалтай. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрх мэдлээсээ татгалзаж, УИХ-аас дэмжлэг авсан шүүхийн шинэчлэл иймэрхүү л янзтай өрнөж байна. Ямар сайндаа УИХ-ын гишүүн С.Чинзориг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүдийг сонгон шалгаруулсан ажлын хэсэг, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт нараас шударга томилгоо нэхэх вэ дээ. Уг асуудлыг хөөгөөд үзэхэд, ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийг сонгон шалгаруулсан нь ч тэр, сонгогдсон нь тэр асуудалтай байгаа.

Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид гуай нэгэнтээ “Асуудал хуульдаа биш хүндээ байна” гэж хэлсэн өнөөдөр биелээд байх шиг. Үнэхээр өнгөрсөн хугацаанд ШЕЗ буюу шүүгчдийг хянадаг байгууллагад хууль хэрэгжүүлдэггүй хүмүүс заларч, олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг шороотой хутгасан нь үнэн.

Тиймээс 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр шүүхэд шинэчлэл хийх заалтыг тусгайлан оруулж, Хуулиар дамжуулан хүмүүсийг нь УИХ дахь ард түмний төлөөллүүдийн оролцоотойгоор шинэчлэх ажил эхэлсэн юм. Гэвч нийгэмд шинэчлэл авчрах, том зорилго энэ удаагийн томилгооноос жорлонгийн суултуур солих асуудал болж хувирлаа. Дашрамд дурдахад, үүнийг сайтар ойлгоогүй зарим сэтгүүлч “Бие засах бол анхдагч эрх. Нэр дэвшигч Н.Баасанжав боломжоо ашиглаад жорлонгийн асуудлыг хөндлөө” гэх мэтээр сайшааж харагдах юм. Уг нь ард иргэд шүүгч нарын жорлонгийн суултуурыг солих биш, шүүх засаглал дахь тогтолцооны шинэчлэлийг хүсээд байгаа юм л даа.

Б.СЭРГЭЛЭН

sonin.mn

Жүжигчин С.Батзориг: Маш их хичээж жин хассан байхад өвчин тусчихсан юм шиг муухай байна гэж олон хүн хэлсэн
Жүжигчин С.Батзориг: Маш их хичээж жин хассан байхад өвчин тусчихсан юм шиг муухай байна гэж олон хүн хэлсэн
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.