Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: Хэн хэн хаана байгааг харж авлаа

Ерөнхий сайдаар томилогдоод есөн сарын нүүр үзэж буй Л.Оюун-Эрдэнийг огцруулах “яриа” дөрөв дэх сараас нь эхлээд гарсан. Энэ нь зунжин, намаржин ямар ч идэвхжилгүй ч нээлттэй хэвээр байв. Харин сүүлийн хоёр долоо хоногийн туршид сүрхий идэвхжив.

Хоёр долоо хоногийн өмнө болсон Соёлын яам, ХХМТГ-ын хамтран зохион байгуулсан Digital nation, тэр үйл явдалтай давхацсан шатахууны хомсдол хоёртой холбоотойгоор Ерөнхий сайд, Засгийн газрын сайд нарыг ёстой нэг гөвсөн.

Гэхдээ эдгээр үйл явдлуудад гурван талаас Ерөнхий сайдыг огцруулахаар “ажилласан” гэх мэдэээлэл улс төрийн хүрээнд яригдаж байна.

Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэд улс төрийн дайснууд бий. Хүн, хүчин бүр нь эсэргүүцэн дайсагнах өөр өөрийн шалтаг шалтгаантай.

Сөрөг хүчин АН бол Ерөнхий сайд, МАН-ын даргыг эсэргүүцэх жам ёсны эрхтэй. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж мөн л Л.Оюун-Эрдэнэтэй дайсагналцах улс төрийн тодорхой шалтгаануудтай. УИХ-ын дарга М.Энхболдыг бол ярилтгүй. Хэзээ ч эвлэрэхээргүй ан цавтай үлдсэн гэж олон нийт ч, улс төрийн хүрээнийхэн ч хардаг. Сүүлийн хэд хоногт өрнөсөн улс төрийн халуурлын үеэр хуучин фракцынхаа УИХ-ын гишүүд голдуу нөхдүүдтэй ойр ойрхон уулзалдаж, нэлээд хөдөлгөөнтэй өнжсөн гэдэг яриа “хоёр ордон”-оор яригдсаар байна. Хоёр ордон гэж Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордныг хэлж байгаа хэрэг. Ер нь бол ийм том талууд Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулахад хамтарсан гэсэн яриа хөөрөө хаа сайгүй байна. Гэвч одоогоор бүтэлтэй үр дүнд хүрч чадсангүй.

Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдгээр дайралтад тэгтлээ тэвдэж сандарсангүй өнгөрөв бололтой. Тэрбээр өнгөрсөн баасан гаригт АН-аас зохион байгуулсан жагсаалын талаар “...Сөрөг хүчин төр засагтаа шүүмжлэлтэй хандах ёстой. Ардчилсан нийгэмтэй Монгол Улсад олонх нь засгийн эрхийг барьж, цөөнхдөө хүндэтгэлтэй хандах ёстой.

Үндсэн хуулийн дагуу иргэд тайвнаар жагсаал цуглаан зохион байгуулах, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй. Иргэдийн жагсаж цуглах эрхэд хүндэтгэлтэй хандаж, тавьж буй шаардлагыг нь шүүмжлэл бус зөвлөгөө гэж хүлээн авч, ажилдаа тусгах ёстой гэдгийг Засгийн газрын өмнөх хуралдааны үеэр анхааруулсан. Миний хувьд ковид болон вакцинжуулалтыг улстөржүүлэхгүй байгаасай гэж хүсч байна. Өмнө нь бодлогогүй улстөржилтөөс болж вакцин тасалдсан асуудал үүсэж байсан. Энэ асуудал дээр л бид нэгдмэл байр суурьтай байх ёстой юм. Бусад зүйлд бид туйлын хүндэтгэлтэй хандаж байгаа. Жагсаал зохион байгуулж байгаа хүмүүс бол халдвар хамгааллын дэглэм сахиулж, тайван жагсаал зохион байгуулахад л хариуцлагатай хандах нь зүйтэй” гэв. Эндээс дээрх дүгнэлтийг хийж болох юм.

Нөгөөтэйгүүр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үйл явдлуудын талаар “...Хэн хэн хаана байгааг харж авлаа...” гэсэн тухай “хоёр ордон”-ы хавиар өрөө өрөө дамжин яригдаж байна. Энэ яг юу гэсэн үг болох нь ойлгомж муутай л юм. Гэхдээ тэрбээр намын даргаар томилогдож байх үедээ “...Би эхлээд эв нэгдлийн талд зогсоно. Зөрчил надаас эхлэхгүй” гэж байжээ.

Эдгээр “дэл сул” мэдээллээс харвал “хаана байсан”-аа мэдэгдсэн нөхдүүддээ Ерөнхий сайдын зүгээс ямар нэг реакц үзүүлэх бололтой юм.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

ЭМЯ: Коронавируст халдварын 1,501 тохиолдол шинээр батлагдаж, 14 хүн нас барлаа
ЭМЯ: Коронавируст халдварын 1,501 тохиолдол шинээр батлагдаж, 14 хүн нас барлаа
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.