Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗАМЫН-ҮҮДЭД БАРИВЧЛАГДСАН СЭЖИГТНҮҮД ХЭН БАЙВ?

-НЭР БҮХИЙ КОМПАНИУД ХИЛ, ГААЛЬ, МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ, ЦАГДААГИЙН УДИРДЛАГУУДТАЙ СҮЛБЭЛДСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ-

Замын-Үүдийн хилийн боомтын хил, гааль, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагын удирдлагуудыг баривчилсан томоохон ажиллагаа өчигдөр өрнөлөө.

Монгол Улсын хүнс, эд барааны импорт орж ирж буй тус боомт дээр урт дараалал үүсч, хүнд суртал гаарсныг дээр доргүй ярьж ирсэн. Тэр бүү хэл хилээр ачааны машины жолооч хилээр нэвтрэхийн тулд олон сая төгрөгийн авлига өгдөг болсон ноцтой зөрчил ШӨХТГ-ын шалгалтаар илэрч байв.

Хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус боомт дээр ажиллаж үйл ажиллагаа хангалтгүй байгааг шүүмжлэн боомтын удирдлагуудад 30 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгөөд буцсан. Тэгвэл араас нь ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан хууль хяналтынхан өчигдөр тус боомт дээр томоохон ажиллагаа явууллаа.

Хууль хяналтынхан өмнө нь тус боомт дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байжээ. Тус шалгалтаар БНХАУ-ын Эрээн хотоос Монголын хил рүү ачаа, бараа оруулдаг компани, хил, гаалийн нэр бүхий албан тушаалтнуудтай сүлбэлдэж авлига авдаг байсан байж болзошгүй” зөрчил илэрсэн аж. Улмаар хууль хяналтынхан “Хил дээрх төрийн үйлчилгээ, ачаа тээврийн хөдөлгөөний царцсан шалтгаан авлигачдаас үүдэлтэй болохыг гүйцэтгэх ажиллагааны явцад илрүүлсэн” гэдгээ Засгийн газарт танилцуулсан гэх мэдээлэл байна.

-10 ОРЧИМ ДАРГА УДИРДЛАГУУДЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЖ, ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ-

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй хууль хяналтынхан Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Д.Зоригоо, Хилийн цэргийн 0108 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Нямбат, Авто тээврийн Үндэсний төвийн Замын-Үүд дэх салбарын дарга А.Хатансайхан, Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогбадрах нарыг саатуулжээ.

Мөн Замын-Үүд дэх сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн дарга, цагдаагийн хошууч Х.Уранбаяр, сумын Засаг дарга Б.Анхбаярт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.

Эдгээр төрийн байгууллагуудын ажилтнуудаас гадна нэр бүхий жолооч нарыг ч холбогдуулан шалгаж эхэлжээ. Тэднийг үгсэн хуйвалдаж хилээр автомашин нэвтрүүлэхэд авлига авдаг сүлжээ бий болгосон гэж буруутгаж байгаа аж.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

Б.Бат-Эрдэнэ: Тун удахгүй хуурамч шатахуун байдаг эсэхийг эцэслэж зарлана
Б.Бат-Эрдэнэ: Тун удахгүй хуурамч шатахуун байдаг эсэхийг эцэслэж зарлана
 
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн “зөөлөн сандал”-ын мөрөөдөл нь “хатуу сандал” руу чулуудчихав уу
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн “зөөлөн сандал”-ын мөрөөдөл нь “хатуу сандал” руу чулуудчихав уу
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.