Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүнийг үхтэл зодчихоод эгцлээд уучлалт гуйчихаагүй Н.Түвшинбаяр ТАМГА ТЭМДЭГТЭЙГЭЭ Л НОЦОЛДОЖ ЯВНА!

Олимпийн аварга Н.Түвшинбаяр. Одоогоос 13 жилийн өмнө тэрээр монголчуудыг нэгтгэсэн. Олимпийн тэнгэрт монгол төрийн далбааг алтан медалийн тавцан дээр мандуулсан нь үнэн.

Харин өнөөдөр тэрээр их гундуухан явна. Монгол түмэн ч итгэл алдарч эхэллээ.

Одоогоос яг 3 сарын өмнө тэрээр хүний амь насанд ноцтой заналхийлсэн хэрэгт холбогдсон юм. Согтуурсан үедээ өөрийн багын найз, улсын начин Э.Энхбатын биед маш ноцтой гэмтэл учруулан зодсон дуулиан дэгдсэн. Гурван сар өнгөрөхөд хохирогч Э.Энхбат эдгэрэх битгий хэл ирээдүйд хөл дээрээ босч чадах эсэх нь тодорхойгүй, харь улсын эмнэлэгт шаналан хэвтэж байна.

Харин Н.Түвшинбаярыг хуулийнхан 45 хоног цагдан хориод суллав. Одоо гадуур дуудсан цагт байцаалт өгөөд явж байна. Хэрэг хуулийн хүрээнд шийдэгдэнэ.

Тэгвэл энд өөр нэг зүйл бий. Зарим нэгэн энэ асуудал хуулийн хүрээндээ шийдэгдэнэ, монголчуудыг нэгтгэсэн аварга байгаа юм гэх зэргээр өөриймсөглөн хандах нь ч байна. Гэхдээ үгүй юм. Олимпийн аварга хүн. Энэ нэр хүндийг дагаад хариуцлага, ёс зүй ямагт нэгдүгээрт явах ёстой. Харин тэрээр үүнийгээ маш ноцтой зөрчлөө.

Өнгөрсөн 3 сарын хугацаанд монгол түмний өмнө гарч ирээд эгцэлж хараад уучлалт гуйчихсангүй. Тэр бүү хэл Э.Энхбат начины эхнэр маш их гомдолтой байгаагаа удаа дараа илэрхийлсээр байгааг харахад хохирогчийн ар гэрээс ч уучлал хүссэн эсэх нь бүрхэг байна. Ёс зүй, хариуцлага үүнд л яригдах ёстой юм.

Харин өнөөдөр Н.Түвшинбаярыг дагасан Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгчийн тамга тэмдэгийн асуудал яригдаж эхэллээ. МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг ажлаас нь түдгэлзүүлсэн.

"Олон улсын олимпын хорооноос “Танай олимпын хорооны Ерөнхийлөгч гэмт хэрэг үйлдсэн байна. Танай байгууллага ямар ёс зүйн хариуцлага тооцсон бэ” гэх утга бүхий албан бичиг удаа дараа ирүүлсэн. Тавдугаар сарын 27-нд Н.Түвшинбаяр дарга ажил дээрээ ирсэн. Ингэхдээ Олон улсын олимпын хороо руу “Ажлаа хийх хүсэлтэй байна” гэх захидлыг илгээсэн байна лээ. Олон Улсын олимпын хорооноос ёс зүйн хариуцлага тооц гэж хэлсний дагуу манай хорооны гүйцэтгэх зөвлөл хуралдаж, ажлаас нь түдгэлзүүлэхээр болсон. Гэтэл хурал болж байх үеэр МҮОХ-ны тамга, тэмдгийг авч явсан байна. Тамгаа авчирж өгөөд, ажлаа албан ёсоор хүлээлгэн өгнө гэж найдаж байна. Хэрэв энэ маргаан удаан үргэлжилбэл манай улсын тамирчид өөрийн улсын далбааг мандуулж чадахгүй, цагаан тугтай олимпод оролцох эрсдэл үүсэж болзошгүй” хэмээн МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар ярьжээ.

Үүнээс харахад манай аварга хүний амь насыг хохироохыг завдсан ноцтой хэрэгтээ бус тамга тэмдэгтэйгээ ноцолдсоор явна. Нэр хугарахаас яс хугар гэдэг дээ. Монгол түмний итгэлийг хүлээсэн аварга уг нь ерөнхийлөгч гэх цаг зуурын албан тушаалаа хаяад найзынхаа эрүүл мэндэд санаа тавин, уучлалт гуйгаад залбираад сууж байх л ёстой юм!

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

ЭМЯ: Коронавирусийн 1143 тохиолдол нэмэгдэж, 42-80 насны ГУРВАН хүн нас баржээ
ЭМЯ: Коронавирусийн 1143 тохиолдол нэмэгдэж, 42-80 насны ГУРВАН хүн нас баржээ
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.