Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хадгаламжийн хүү буурсан ч зээлийн хүү хэвээр байна

Банкны шинэчлэлийн хүрээнд арилжааны банкуудыг хувьцаат компани болгох бэлтгэл ажил эхэлж зарим банкууд хувьцаагаа томоохон компаниудад санал болгож эхлээд байна. Түүнчлэн, банкны хадгаламжийн хүү буурсан мөн хугацаагүй хадгаламжийн хүүг тэглэсэн, өндөр хүү амлахгүй байх, зээлийн хүүг урьдчилж авахгүй байх зэргээр шинэчлэл хийгдсээр байгаа тухай Монголбанкнаас мэдээлж байна.

Харилцагч салбар дээр ирээд мөнгөө авахыг хүсэхэд гаргаад өгөх бэлэн мөнгөгүй байж болохгүй. Эцсийн дүндээ банкны ашгийг нэмэгдүүлэх, тогтвортой түвшинд нь хадгалахыг актив, пассивын хосолсон удирдлагаар хийдэг. Энэ удирдлагаа зөв хийгээгүйгээс иргэд хохирох нь зээлийн хүү өндөр байгаагаас шалтгаалдаг. 2020 оны байдлаар, 18 их наяд төгрөг буюу ДНБ- ий 55 хувьтай тэнцэх хадгаламж банкууд дээр байршиж байна. Монголд зээлийн хэрэгцээ өндөр учраас банкуудын хадгаламж татах өрсөлдөөн ч гэсэн хүчтэй өрнөдөг. Харин 2020 оноос харилцахын болон хугацаагүй хадгаламжийн хүүг тэглэж банкууд хадгаламжид тусгай хүү өгдөг байсныг болиулсан. Улмаар 2021 он гарсаар хадгаламжийн хүү 6.9 хувьд хүрэв. Түүнчлэн хадгаламжийн өртөг буурснаар зээлийн хүү ч буурч, 13.3 -15 хувьд хүрчээ.

Тоймловол том банкуудын жилийн хугацаатай хадгаламжийн хүү 7-8 хувьтай байна. Тэр дундаа, Хас банк болон Төрийн банкны хүү хамгийн бага байна. Харин Капитрон болон Богд банкны жилийн хугацаатай хадгаламж энэ сарын эхээр 10 гаруй хувьтай хамгийн өндөр байсан бол яг өнөөдрийн байдлаар Тээвэр хөгжлийн банкных хамгийн өндөр буюу 10.5-11 хувьтай байна. Том банкуудтай харьцуулахад жижиг банкуудын эх үүсвэр татах чадавх бага байдаг учраас өндөр хүү амладаг. Тухайлбал, Тээвэр хөгжлийн банк яг энэ нөхцөлд зах зээлээс 40 гаруй тэрбум төгрөгийн хадгаламж татахаар бусад банкуудаас өндөр хүү амлаж буй дүр зураг ажиглагдаж байна. Гэхдээ энэ хэрээр зээлийн хүү буурах учиртай.

Харин өнөөдөр репо санхүүжилтын 10 хувьтай байгаа бизнесийн зээлийг эс тооцвол арилжааны банкуудын бизнесийн зээл жилийн хүү 13.3-15 хувийн хүүтэй байна.

ЭХ ҮҮСВЭРИЙН ЗАРДАЛ ӨНДӨР БАЙГАА НЬ ЗЭЭЛИЙН ХҮҮГ ӨНДӨР БАЙЛГАДАГ

Түүнчлэн чанаргүй зээл ихтэй банкуудын хувьцааг авах аж ахуйн нэгж, иргэн тэр бүр байх уу, нөгөөтэйгүүр банкны нийт хөрөнгө буюу актив өссөөр байхад зээлийн хүү яагаад буурахгүй байгаагаас иргэд хохирдог гэхмэтчилэн асуудлууд урган гарч байна. Өөрөөр хэлбэл, зээлийн эх үүсвэрийн зардал өндөр байгаагаас зээлийн хүү өндөр байгааг зарим УИХ-ын гишүүн ч хэлдэг. Тиймээс Банкны тухай хуульд зээлийн хүү, хадгаламжийн хүүг банкууд олон нийтэд ил тод мэдээлж байх үүргийг хуульд тусгасан. Уг нь хадгаламжийн хүү буурвал зээлийн хүү буурч тэр хэрээр чанаргүй зээлийн хэмжээ буурах зүй тогтолтой гэдэг.

Банкны олгосон зээлийн тодорхой хэсэг нь чанаргүйтдэг. Монголд 1998 онд хоёр зээл тутмын нэг, 2000 онд таван зээл тутмын нэг, 2020 онд арван зээл тутмын нэг нь чанаргүй зээл болдог байна. Мэдээж банкуудын бүтцээс шалтгаалан зээлийг шалгах процесс янз бүр явдаг. Амьдрал дээр зээлээ маш найдвартай төлдөг харилцагч байх ч банкны үнэлгээний системд орохоор зээл нь хангалтгүй гарах тохиолдол олон бий. Заримдаа зээлийн төлөөх банкуудын өрсөлдөөн ч чанаргүй зээл бий болгох эрсдэлтэй. Тухайн харилцагчдаа зээлийн хэмжээг нь ахиу гаргаж өгөх гэснээс эргээд тухайн харилцагч нь зээлийн дарамтад орох үзэгдэл ажиглагддаг гэж эдийн засагч,шинжээч Г.Батзориг хэлж байна. Өнөөдр банкуудын нийт актив сүүлийн арван жилийн дотор 9.2 их наяд төгрөгөөс 35.8 их наяд төгрөг болж зургаа дахин өссөн. Үүнээс 2020 оны сүүлээр нийт хадгаламжийн хэмжээ 17.2 их наяд, үүний 11.9 хувь нь чанаргүй зээлийн хэмжээ.

Системийн хамгийн нөлөө бүхий Хаан банкны нийт хөрөнгө 12.1 их наяд төгрөг үүнээс 5.0 их наядыг нь зээл болгон гаргасан. Харин чанаргүй зээлийн хэмжээ 7.1 их наяд. Мөнгө түүнтэй адилтгах актив нь 4.8 их наяд төгрөг.Тэгэхээр нийт хөрөнгийн 60 орчим хувь нь хадгаламж, 40 хувь нь активт ногдох хэсэг гэсэн үг. Ер нь банкууд мөнгө олох нь чухал боловч олох эх үүсвэрт илүү их эрсдэл үүрч нийт хөрөнгийнхөө 40 хувийг зээлд зарцуулдаг байна.

Чанаргүй зээлийн хэмжээ хэр байхаас шалтгаалж зээлийн эрсдэлийн сан байгуулагдана. Тус сан нь банкны ашигт шууд нөлөөлдөг үзүүлэлт юм.

Нөгөө талаар тоо хэмжээг дангаар ярих нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл, тухайн банкны зээлийн багцын хэдэн хувь нь чанаргүйтсэн байгааг чанаргүй зээлийн харьцаа гэх үзүүлэлт илэрхийлнэ. Чанаргүй зээлийн харьцаа үзүүлэлтээр Хаан, Голомт, Хас банкных ойролцоо түвшинд байна. Харин Төрийн банкны хувьд сүүлийн таван жилд огцом өсчээ. ХХБанкны чанаргүй зээлийн харьцаа 18 онд огцом өссөн ч эргээд буурах хандлагатай байгааг эх сурвалжаас харж болно.

Зургийн эх сурвалж http://www.mandalasset.mn

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Д.Сумъяабазар: Газар чөлөөлөлт хийхгүйгээр бүтээн байгуулалтын ажил явахгүй
Д.Сумъяабазар: Газар чөлөөлөлт хийхгүйгээр бүтээн байгуулалтын ажил явахгүй
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.