Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Зүмбэрэллхам: Төрийн алба цэгцрээгүй цагт мянган уул уурхай байгаад ч улс хөгжихгүй

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхамтай ярилцлаа.

-Шинэчлэн найруулж баталсан Төрийн албаны тухай хууль 2019 оноос хэрэгжиж эхэлсэн. Үүнээс өмнө төрийн албан хаагч улс төрийн намын гишүүн байхыг хориглох гэх мэт шийдвэрүүд гарч байсан. Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн найруулж баталснаар төрийн албыг улс төрөөс ангид байлгахад чиглэлд ямар дэвшил гарсан бэ?

-Төрийн алба улс төрөөс хараат бус байх асуудал бол олон улсын жишигт төрийн алба, улс төр хоёр хоорондоо ялгамж, заагтай байх ёстой гэсэн онолоор батлагдсан үзэл баримтлал юм. Манай Төрийн албаны тухай хуульд энэ үзэл баримтлал 2008 онд анх тусгагдсан. Харин 2017 онд батлагдаад 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж буй Төрийн албаны тухай хуульд бол төрийн алба улс төрөөс хараат бус байх ёстой гэдгийг илүү баталгаажуулж, зөрчигдвөл ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг нь давхар тусгаж өгсөн. Хариуцлагыг нь тодорхой зааж өгсөн гэсэн үг. 2008 оны нэмэлт өөрчлөлтөөр “Төрийн албан хаагч улс төрийн намын гишүүнчлэлгүй байна” гэдэг заалт шинээр орсон ч хариуцлагын тухай заалт байгаагүй. Тийм учраас энэ удаагийн шинэчлэн найруулсан хуульд хариуцлагыг зааж өгсөн. Улс төрийн албан хаагч нь төрийн албаны томилгоонд аливаа хэлбэрээр оролцож, нөлөөлөх гэж оролцсон нь нотлогдвол огцрох үндэслэл болно. Томилогдсон албан тушаалтан байвал халагдах үндэслэл болно гэсэн заалтыг маш тодорхой оруулсан.

-Улс төрийн албан тушаалтан төрийн албаны томилгоонд нөлөөлж байгаа эсэхийг хэн хянах вэ. Төрийн албаны зөвлөл хянах уу?

-Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэг Төрийн албаны зөвлөлд бий. Төрийн алба нь улс төрөөс хараат бус байх байнгын хяналтыг тавина гэсэн тодорхой заалт хуульд байхгүй боловч ерөнхий чиг үүргийнхээ хүрээнд Төрийн албаны зөвлөлд энэ нь түлхүү хамааралтай. Хуульд тодорхой заасан зүйл бий. Төрийн албанд томилогдохоор нэр дэвшсэн хүн эсвэл төрийн албаны томилгоонд хамаарч байгаа албан хаагчийн томилгооны асуудалд улс төрийн албан тушаалтны болон бусад нөлөө бүхий албан тушаалтны зүгээс нөлөөлөх гэж оролдсон бол энэ тухай тэмдэглэл үйлдээд Төрийн албаны зөвлөлд өгнө. Төрийн албаны зөвлөл түүнийг хянаж үнэн, зөв эсэхийг нь тогтооно. Хэрэв үнэн байвал хуульд заасан хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авах зохицуулалттай.

-Шинэчлэн найруулж баталсан Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш Төрийн албаны зөвлөлд энэ төрлийн тэмдэглэл ирсэн тохиолдол хэд байна вэ. Томилгоонд нөлөөлсөн нь тогтоогдсон тохиолдол байгаа юу?

-Шинэ хууль хэрэгжиж эхлээд нэг жил, нэг улирлын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, тэмдэглэл ирүүлсэн тохиолдол байхгүй. Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаад маргаан хянан шийдвэрлүүлэх журмаар хэлэлцэгдсэн нэлээд олон хэрэг бий. Томилж байгаа албан тушаалтан нь хууль зөрчсөн, хуулийг зөв хэрэглээгүй асуудлууд гарч байна. Түүнээс биш яг одоогоор “томилоход, халахад энэ хүн нөлөөлсөн юм” гэдэг тайлбар, тэмдэглэл ирээгүй. Цаашид гарахыг үгүйсгэхгүй. Гарч болзошгүй гэдэг үүднээс Төрийн албаны тухай хуульд хориглох заалт оруулсан юм.

-Одоог хүртэл ийм тэмдэглэл ирээгүй байгаа нь юутай холбоотой гэж үзэж байна вэ. Өмнө нь улс төрийн албан тушаалтан төрийн албаны томилгоонд нөлөөлсөн тухай мэдээлэл гардаг байсан шүү дээ?

-Төрийн албаны тухай хуульд ийм заалт орсон нь тохиолдлын зүйл биш. Монголын ард түмэн, төрийн албаныхан, хэвлэл мэдээллийнхэн ч бүгдээрээ л харж байгаа зүйл бол нэг сонгууль явагдсаны дараа төрийн албанд хөдөлгөөн ордог. Төрийн албан хаагчийг халж, сольсон гэх асуудал их гардаг. Тэр ч утгаараа сонгуулийн дараах нэг жилд Төрийн албаны зөвлөлд ирэх өргөдөл, гомдлын тоо нэмэгддэг нь нууц биш асуудал. Энэ асуудал яагаад сонгуулийн циклтэй давхцаад байна вэ гэвэл төрийн албанд улс төрийн нөлөө байгаагийн том илрэл. Өнөөдөр яг тийм нэртэй албан тушаалтан нөлөөлөөд ийм шийдвэр гаргалаа гэдгийг нотолж, баталсан зүйл зарлагдаагүй болохоос биш энэ асуудал хавтгайрсан гэдэг нь тодорхой. Үүнийг нууж, хаагаад байх шаардлага байхгүй. Төрийн албаны тухай хуулийг 2017 онд шинэчилж найруулах болсон гол үзэл санаа бол энэ асуудал шүү дээ. Сонгууль бүрийн дараа төрийн алба хөдлөөд байна, төрийн албыг ном журмын дагуу ажиллуулахгүй байна гэдэг. Ингэж сонгуулиас сонгуулийн хооронд төрийн албыг хөдөлгөөд байхаар төрийн албанд мэргэшсэн албан хаагчид ажиллах, шатлан дэвших итгэл үнэмшил буурч эхэлсэн. Ер нь байнга хөдөлж байдгаас болоод Төрийн алба мэргэшихгүй байна гэдэг асуудал Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн боловсруулахад яригдсан шүү дээ. Энэ хуулийг баталсан хугацааны хувьд сонгуулиас хойш 1-2 жил өнгөрсний дараа баталсан. Хурцадмал бус цаг үед батлагдсан гэсэн үг. Магадгүй энэ хуулийн хүчин чадлыг үзэх цаг хугацаа нь ирэх сонгуулийн дараагаас эхэлж, бидэнд сорилт тулгарч магадгүй.

-Олон нийт ч бас ийм хүлээлттэй байгаа байх. Сонгуулийн дараа төрийн алба улс төрөөс хараат бус байж чадах нь уу, шинэ хууль хэрхэн зохицуулах нь вэ гэдэг нь анхаарал татаж байна.

-Тийм. Улстөрчид гэдэг чинь бас “хадны мангаа” биш шүү дээ. Уг үндсээр ньаваад үзэх юм бол төрийн алба, улс төр хоёр тусдаа зүйл биш. Улс орныг хөгжүүлэх бодлого улс төрийн хүрээнд боловсорч байдаг. Баталсан бодлогыг нь төрийн алба хэрэгжүүлдэг. Энэ утгаараа улс төр, төрийн алба хоёр хоорондоо уялдаа холбоотой. Харин мэргэшсэн төрийн алба хуулийнхаа дагуу үйл ажиллагаа явуулж байхад нь зогсоох, өөрчлөх, ажиллах албан хаагчийг нь томилох, халах асуудалд нь нөлөөлөх зэргээр улстөрчид хөндлөнгөөс “гар дүрж” болохгүй. Дээлээр зүйрлэж яривал, улстөрчид гурван товчтой, ийм материалтай, тийм загвартай дээл хийнэ гэдгийг төрийн албанд захиалахаас биш дээлийн захыг нь Доржоор оёулахгүй, товчийг нь Цэрэнгээр хадуулахгүй гэж нөлөөлөх юм бол тэр дээл чанарын баталгаагүй болно. Өөрсдийнх нь цуглуулсан хүмүүсээр тэрхүү дээлийг нь хийлгэвэл хачин юм болно шүү дээ. Дээл муухай болсны эцсийн хариуцлагыг захиалагчийн өмнө хэн ч хариуцах боломжгүй болно биз дээ.

-Төрийн захиргааны албан тушаалын хамгийн дээд албан тушаал бол төрийн нарийн бичгийн дарга. Сүүлийн жилүүдэд төрийн нарийн бичгийн даргын албан тушаал дэд сайдаасаа ялгаагүй улс төрийн албан тушаалтан шиг болсон. Тухайлбал, ойр, ойрхон солигддог. Харин шинэ хуулиар ямар хүнийг төрийн нарийн бичгийн даргаар томилохыг тодорхой зааж өгсөн байх аа?

-Төрийн албаны албан тушаалтанд тавигдах тусгай шаардлагыг өмнө нь журмаар зохицуулж байсныг хуульчилсан. Төрийн нарийн бичгийн дарга болохын тулд төрийн албанд доод тал нь 16 жил ажилласан байх шаардлагатай. Мөн түүнээс доош албан тушаалуудад ч ийм ажилласан жилийн болон доод талын албан тушаалд ажилласан байх хугацаа заасан шаардлагууд бий. Энэ хуулийг дагаж мөрдөөд явбал тохиолдлын хүн төрийн албанд орж ирэхгүй. Доод түвшнээс нь төрийн албанд ажиллаж байгаа хүн бол 16 жилийн дараа төрийн захиргааны хамгийн өндөр албан тушаалтан болж, яамны бүх ажил хэргийг зохион байгуулдаг төрийн нарийн бичгийн даргын зиндааны албан тушаалд очих боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, төрийн албанд анхлан орж байгаа залуу хүн 20-иод жилийн дараа дээд албан тушаалд очиж болно. Өнөөдөр залуус 20 гаруй насандаа буюу эрт сургууль төгсдөг болсон. Тэгэхээр хориод жилийн дараа 40 дөнгөж гармагцаа төрийн нарийн бичгийн дарга хийх, өндөр хариуцлагатай албан тушаал дээр очих боломжтой. Монголчууд “Дөч хүрсэн эр, дөрвөө дарсан ат” гэж ярьдаг. Дөрвөө дарсан ат бол ямар ч ачааг даахаар болдог, 40 хүрсэн эр бол хамгийн хариуцлагатай ажлыг ч хийж чадах чадвартай болдог гэсэн үг. Одоо ч эр, эм ялгаагүй болсон. Энэ логик бол их нуруутай юм шиг байгаа юм. Төрийн өндөр албан тушаалд 40 насандаа очно гэдэг энэ хуулийн тооцоо зөв болсон гэж бодож байна. Үүгээр төрийн алба ч нэлээд цэгцэрнэ. Би энэ тал дээр өөдрөг төсөөлөлтэй байгаа.

-“Төрийн нарийн бичгийн дарга болно доо” гээд зүтгэж байтал сонгуулийн дараа хаанаас ч юм нэг хүн ирээд өмнүүр нь орчихдог үзэгдэл арилсан гэж ойлгож болох уу?

-Тийм. Шинэчлэн баталсан Төрийн албаны тухай хууль бол өмнөх хуулиудын алдаа, дутагдлыг шийдэхийг зорьсон хууль. Өмнөх хуулиар таны дурдсан шиг зүйл болдог байсан. Яагаад гэвэл албан тушаалын тодорхойлолт гэдэг зүйлийг ажил олгогч нь боловсруулаад баталчихдаг. Түүнийгээ Төрийн албаны зөвлөлд өгөөд “Үүний дагуу сонгон шалгаруул” гэдэг. Хуулиараа тэрхүү албан тушаалын тодорхойлолтод нь Төрийн албаны зөвлөлийн оролцоо байдаггүй байлаа. Тэр албан тушаалын тодорхойлолтод нь хүний нэрийг нь заагаагүй л болохоос томилуулах гээд байгаа хүнийхээ бүх шинжийг биччихсэн байдаг байлаа. Харин шинэчилсэн хуулиар энэ алдааг давтахгүйн тулд албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг тусгаж, шатлах дэвших тогтолцоог зааж өгсөн. Өнөөдөр төрийн байгууллагууд албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлд хянуулсныхаа дараа батлах зөвшөөрөл авч байгаа. Төрийн албаны зөвлөлийн батлахыг зөвшөөрсөн албан тушаалын тодорхойлолтыг хууль, тогтоомж өөрчлөгдөхөөс бусад тохиолдолд хэн ч өөрчлөх эрхгүй. Тиймээс өмнө нь давтагдаж байсан алдаанууд энэ хуулиар засагдаж төрийн алба нэлээд цэгцэнд орно гэж харж байна. Улс төрийн том нөлөөлөл орно гэж үзвэл хуулийг өөрчлөх эрсдэл бий.

-Дараагийн сонгуулиар эрх баригч нам солигдмогц өөрийн хүмүүсээ ажилд оруулахын тулд Төрийн албаны тухай хуулийг өөрчилнө гэсэн хардлага энэ хууль батлагдах үед гарч байсан. Одоо ч бас бий.

-Энэ хуулийг зарим улстөрч шүүмжилж байгаа харагддаг. Хувь хүний үзэл бодлыг буруутгах аргагүй. Гэхдээ төрийн албыг төлөвшүүлэхийг хүсэж байгаа бол энэ хуульд тусгасан үзэл баримтлал дээрээ нэгдэх нь зөв.Байгалийн хуулийг өөрчилж болдоггүйтэй адил тогтвортой хууль батлах ёстой. Тоглоомоор зүйрлэж хэлбэл хууль бол дүрэм. Шатар бол нэг л дүрмээр нүүгээд хэдэн мянган жил болж байна. Шатрын дүрмийг хэн ч өөрчлөөгүй. Олон мянган жил нэг л дүрмийг баримталж байгаа учир бүх хүмүүст дүрэм нь ойлгомжтой байхаас гадна 100 жилийн дараа ч энэ л дүрмээр шатар тоглоно. Яг л шатрын дүрэмтэй адил тогтвортой үйлчлэх хуулийг баталж байх ёстой. Яахав, ниймгийн амьдрал өөрчлөгдөхийн хэрээр өөрчлөлт орно уу гэхээс биш үзэл баримтлалыг нь гэнэт гэнэтхэн өөрчлөөд байж болохгүй. Өнөөдөр манайд хууль батлахдаа онол нь хаана байна вэ гэдгийг хайхгүй, тохиолдолд хөтлөгдчих гээд байна.

-Тухайн үеийнхээ бэрхшээлийг л шийдэх гээд байна гэж үү?

-Тийм. Бэрхшээлийг хуулиар голдуу шийдчихгээд л байх юм. Жишээлбэл, төрийн алба улс төрөөс хараат бус байна гэдэг нь онол болчихсон зүйл. Мерит зарчим нь олон улсын хэмжээнд  бас л онол тогтчихсон зүйл. Энэ онолыг баримталж байж л төрийн алба цэгцэрдэг  гэдэг нь олон улс орны туршлагаар нэгэнт нотлогдсон. Төрийн алба цэгцрээгүй цагт мянган уул уурхайгаас орлого оллоо гээд нийгмийн баялаг тэгш зөв хуваарилагдаж хөгжил болж чадахгүй. Улстөрчид “Үүнийг ингэ” гэхэд нь өөдөөс нь “Судалгаа ингэж хэлж байна. Хуульд ингэж заасан. Тиймээс энэ баялаг энд биш тэнд очих ёстой” гээд хэлээд сууж байдаг төрийн албан хаагч, төрийн албатай болсон цагт улс орон хөгжинө.

-“Төрийн албан хаагчид авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, ял сонссон бол дахиж төрийн албанд орох эрхгүй” гэсэн заалт Төрийн албаны тухай хуульд орсон. Хэдэн сарын өмнө УИХ-ын сонгуулийн тухай хууль батлахдаа “Авлига, албан тушаалын гэмт хэргээр шүүхээс ял сонссон хүнийг нэр дэвшүүлэхгүй” гэсэн заалт оруулсан. Сонгуулийн хуулийн энэ заалт Цэц дээр унавал Төрийн албаны тухай хуулийн энэ заалт ч бас унах ёстой гэсэн байр суурьтай хүмүүс бий. Энэ талаар юу хэлэх вэ?

-Улс төрийн алба, төрийн жинхэнэ алба хоёрыг тусад нь авч үзэх хэрэгтэй. Улс төрийн албанд ял шийтгэгдэж байсан гэдгээр авч үзэх нь харьцангуй ойлголт. Жишээлбэл, Төрийн тэргүүнд гарсан улстөрчид олон жил шоронд сууж байгаад, гарч ирээд улс орныхоо лидер болсон түүхүүд олонбий. Тиймээс улс төрийн төвшинд бол энэ арай өөр асуудал. Улстөрчдийг хүмүүс сонгодог. Харин төрийн жинхэнэ албанд ажиллаж байгаад авлига хээл, хахуулийн хэрэгт холбогдоно гэдэг бол төрийн албаны эрх ашгийг худалдсан гэсэн үг шүү дээ. Ийм хүмүүсийг төрийн жинхэнэ албанд ажиллуулахгүй гэдэг бол зарчмын асуудал.

-Энэ нь хүний эрхэнд халдсан үйлдэл болохгүй юү?

-Энэ бол хүний эрхийг зөрчсөн асуудал биш. Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дээр байгаа олон ажил олгогчдын нэг нь л төрийн алба. Төрийн албанд ажиллаж болохгүй гэх нь тухайн хүний хөдөлмөр эрхлэх эрхэнд нь халдаж байгаа зүйл огт биш. Ер нь хүний эрх, нөгөө хүний юм уу, нийтийн ашиг сонирхлоор хязгаарлагддаг. Энэ онолоор авлига авдаг, албан тушаалыг гэмт хэргийн зорилгоор ашиглаж хүнд, нийгэмд хор хохирол учруулдаг хүнийг нийтийн албанд ажиллуулахгүй гэдэг бол зөв зарчим. Ёс суртахуунтай хүн бол авлига авч шийтгүүлчихээд намайг төрийн албанд авсангүй гэж гомдол гаргаад зүтгээд байхгүй нь ойлгомжтой.

ЭМЯ: 1015 иргэнээс коронавирусийн халдвар илэрч, ТАВАН хүн амиа алджээ
ЭМЯ: 1015 иргэнээс коронавирусийн халдвар илэрч, ТАВАН хүн амиа алджээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.