УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ сарын 18-ны орой жолооч барьж яваад ноцтой осол гаргасан бичлэг нь цахим орчинд ил болсон. Тэрбээр машинд ганцаараа явсан бөгөөд согтолтын зэрэг нь өндөр байсан гэдэг мэдээлэл байгаа юм. Мөн түүнийг Тээврийн цагдаагийн албаны Хан-Уул дүүрэг дэх хэлтэст зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн талаар бид өмнө мэдээлсэн.
Түүний энэхүү бичлэг ч цахим орчинд ил болж, нийгмийг цочирдуулсан. Түүний хувьд ноцтой гэмтэл аваагүй ч энэ нь ёс суртахуун болоод УИХ- ын гишүүнээс эгүүлэн татах хүртэл асуудлыг хөндөх томоос том шалтгаан болж байна.
Хамгийн хачирхалтай нь, Б.Пүрэвдорж гишүүн “Зөрчлийн хэрэгт шийтгүүлсэн хуулийн этгээдэд өршөөл үзүүлэх тухай” хуулийн төслийг 2020 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн барьсан билээ. Тэгвэл УИХ-ын эрхэм гишүүн бусдын бус өөрийнхөө төлөө энэхүү хуулийн төслийг санаачилсан нь ил болж, нүүр хийх газаргүй болж байна.
Учир нь, түүний хөлөглөж явсан 63 78 УНЦ дугаартай “Ниссан Тиана” маркийн автомашины өнөөдрийг хүртэл төлөөгүй нийт 43 удаагийн торгуультай гэдэг нь ил болсон.
Тодруулбал, 20 мянган төгрөгөөр 39 удаа, 50 мянгаар хоёр удаа, 25 мянгаар нэг удаа, арван мянгаар нэг удаа гээд нийтдээ 915 мянган ТӨГРӨГИЙН ТОРГУУЛИА тэрбээр огт төлөлгүй явж иржээ.
Жирийн иргэн байсан бол Зөрчлийн тухай хуулиар оноосон торгуулиа төлөөгүй тохиолдолд шүүх захирамж гарган, ШШГЕГ-ынхан албадан төлүүлдэг. Гэтэл эрхэм гишүүнд энэ бас үйлчилдэггүй бололтой.
Эцэст хэлэхэд, энэ бүхнээс харахад Б.Пүрэвдорж гишүүнийг эргүүлэн татах асуудлыг УИХ-ын Ёс зүй, хариуцлагын хороогоор хэлэлцэж, эрхэм гишүүд чухалчлан авч үзэх шаардлагатай болж байна даа.