Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг эргэн тойронд үйл явдал ар араасаа хөвөрч байна. Монголын 3 шатны шүүхээс хорих ял сонссон Т.Чимгээ нарт эрүү шүүлт тулгасан хэргээр ТЕГ-ын дарга асан генерал Б.Хурц нарын 9 хүн шүүхээс хорих ял авлаа. Энэ нь Т.Чимгээ нарт эрүү шүүлт тулгаж, хэргийг хүлээлгэсэн гэсэн агуулга юм. Ингэснээр С.Зоригийг хөнөөсөн гэх Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэрэг өөрөөр эргэхээр болж байна.
С.ЗОРИГИЙН АР ГЭР: ГЭМ ЗЭМГҮЙ ХҮМҮҮСИЙГ ШИЙТГЭСЭНД БИД ХАРАМСДАГ
Б.Хурц нар хорих ял аваад удаагүй байхад энэ хэргийг батлах шиг С.Зориг агсны ах С.Баяраа, дүү С.Оюун нар олон жилийн дараа анх удаа хэвлэлээр мэдэгдэл түгээв. Тус мэдэгдэлд “"Монгол Улсын засгийн газраас саяхан Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн материалыг бүхэлд нь төрийн нууцаас гаргаж нээлттэй болгохоор шийдвэрлэсэн нь зөв зүйтэй алхам боллоо гэж талийгаачийн ар гэр бид үзэж байна.
Өнгөрсөн хугацаанд хэргийг төрийн маш нууцын зэрэглэлд хамруулж, шүүх ажиллагааг бүх шатанд хаалттай явуулсныг бид анхнаас нь эсэргүүцэж, энэ үндэслэлээр шүүх хурлуудад зөвхөн өмгөөлөгчөө оролцуулан хохирогч бид оролцоогүй.
Бид хэргийн материалыг нууцаас гаргахыг шаардаж прокурор, шүүх, УИХ зэрэг төрийн байгууллагуудад удаа дараа хандаж байсан боловч аль нь ч нааштай шийдвэрлэж байгаагүй.
Шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэгт ч ихээхэн эргэлзэж байгаагаа бид тухайн үед мэдэгдэж байсан билээ. Одоог болтол хэргийг шийдвэрлээгүй, үнэн мөнийг тогтоогоогүй байгаа гэж талийгаачийн ар гэр бидний зүгээс үзэж байна. Хэргийг илрүүлээгүйгээр барахгүй гэм зэмгүй хүмүүсийг хилсээр шийтгэсэнд бид маш их харамсдаг, цаашид ч гэсэн энэ хэргийн улмаас хэн нэгэн хэлмэгдэх ёсгүй гэсэн хатуу байр суурьтай байдаг юм.
Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг илрээсэй хэмээн энэ олон жил биднийг дэмжиж хамт байсан ард түмэндээ талархаж байна” гэсэн нь анхаарал татна. Нэг ёсондоо тэд ч бас Т.Чимгээ нарыг хэрэгтэн биш гэж үзэж байгаа гэсэн үг. С.Зориг агсны эхнэр Б.Булган ч ийм байр суурьтай байдгаа хэвлэлээр нэг бус удаа мэдэгдэж байсан удаатай.
Энэ мэдээлэлтэй зэрэгцээд Т.Чимгээ нар суллагдах нь гэсэн шум сошиал сүлжээнд, бүр цахим хэвлэлээр тарж эхлээд байна. Харин энэ асуудалд тэр бүр ам нээгээд байдаггүй Улсын ерөнхий прокурорын газраас тайлбар мэдээллийг өчигдөр өгснийг бид мэдээлсэн.
ПРОКУРОР: ШҮҮХ Т.ЧИМГЭЭ НАРЫГ СУЛЛАХ АСУУДЛЫГ ШИЙДНЭ
Прокурор “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулахаар Улсын Ерөнхий прокурор дүгнэлт бичиж хяналтын шатны шүүхэд хүргүүлсэн.
Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах тухай дүгнэлтийг хүлээн авсан шүүх хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан шийдвэрүүдийн аль нэгийг гаргаж шийдвэрлэнэ. Үүний дараагаар Т.Чимгээ нарыг суллах эсэх асуудал нь шийдвэрлэгдэнэ" хэмээн тайлбарлалаа.
ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ:
41.4 дүгээр зүйл.Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх хүсэлтийг шийдвэрлэх
2.Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах тухай дүгнэлтийг хүлээн авсан шүүх хянан хэлэлцэж, олонхийн саналаар шийдвэр гаргана.
3.Шүүх дүгнэлтийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргасан бол энэ талаар хүсэлт гаргагчид мэдэгдэнэ.
4.Шүүх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзвэл шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дараахь шийдвэр гаргана:
4.1.тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллыг тогтоож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах;
4.2.хэргийг прокурорт буцаах гэж заажээ” гэсэн байгаа юм.
Б.ХУРЦ, Г.ЭРДЭНЭБАТ: Т.ЧИМГЭЭ НАР ХЭРЭГ ҮЙЛДСЭН НЬ ОЛОН БАРИМТААР НОТЛОГДСОН
Хэргийн зангилаа, тайлал одоо шүүх дээр очиж байна. Т.Чимгээ нар хохирогч, эрүү шүүлтэд өртсөн, энэ хэргийг үйлдээгүй гэх баримт, үйл явдал энэ талд давуу эрхтэй байна. Гэвч нөгөө талд хэргийг илрүүлсэн баг болох ТЕГ-ын дарга асан Б.Хурц, ажлын хэсгийн ахлагч орлогч прокурор Г.Эрдэнэбат нарын тайлбар өөр байдаг. Мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс онцлоход Б.Хурц, Г.Эрдэнэбат нар шүүх хурал болохоос өмнө хэвлэлд ярихдаа “Бид хэргийг илрүүлсэн. Бүх нотлох баримт Т.Чимгээ нарын эсрэг байдаг. Тийм ч учраас 3 шатны шүүх ял оноосон. Эрүү шүүлт явагдаагүй. Гүйцэтгэх ажиллагаа л хийгдсэн. Эрүү шүүлт гээд байгаа бичлэгээс авсан баримт яллах дүгнэлтэд үндэслэл болоогүй. Хорих ангид Б.Содномдаржааг дарамталсан гээд байгаа хүмүүс шүүх хурал дээр яллагдагчаар оролцоогүй. Зочид буудалд Т.Чимгээд гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа ажилтан хэргээс цагаадаад гарчихсан. Энэ бол эрүүл шүүлт биш гэсэн үг. Нөгөө талаар шүүх аливаа дарамт шахалтад өртөхгүй л бол хэрэгтнүүдийг суллах үндэслэлгүй” гэсэн агуулгыг ярьсан.
Энэ хэрэг дээр мэдээж улс төр бий. Хэрэг үйлдэгдсэн 23 жилийн өмнөхөөс л улс төр эхэлснийг монголчууд мэддэг болсон. Одоо ч тэр өрнөж л байна. Гагцхүү улс төрөөс ангид энэ хэрэг шийдэгдэх эсэх нь бас л эргэлзээтэй нөхцөл байдалд байна. Ямартаа ч шүүх Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрхэн үзэхээс цаашдын нөхцөл байдал шалтгаалахаар болоод байна.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР