Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Баттөр: Хөл хорионы төгсгөлд нас баралт оргилдоо хүрнэ

Монгол Улсад батлагдаж буй халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж, иргэд хөл хорио үр дүнтэй байгаа эсэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсч буй юм. Мөн олон нийтийн сүлжээнд ХӨСҮТ Covid-19 илрүүлэх шинжилгээгээр бизнес хийж байгаа тухай мэдээлэл тарж байгаа билээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөртэй ярилцлаа.

-Нөхцөл байдал цаашид улам хүндэрнэ гэсэн мэдээллийг зарим хүн өгч байна. Энэ талаар та юу хэлэх вэ? 

-Хөл хорионы төгсгөлд халдварын хамааралтай нас баралт болоод хүндрэлийн тохиолдол оргилдоо хүрнэ. Яагаад гэвэл тохиолдлын тоо нэмэгдсэнээс хойш 2-3 долоо хоногийн дараагаар хүндрэлүүд гардаг. Иргэд хөл хорио тогтоосон байхад халдварын тохиолдол нэмэгдэж буйд гайхаад байна. Халдварын тохиолдлыг бид тогтвортой 800-1000 хооронд нэг түвшиндөө барьж байгаа. Өвчинд нууц үеийн хугацаа гэж бий. Тэр үеийн хугацаанд ногдол өндөр гарч байна. Тооцооллоор бол халдварын тохиолдол буурах хандлага руу явах ёстой. Гэхдээ хүмүүсийн бодож байгаа шиг хөл хорио тогтоогоод л халдварын тохиолдлын тоо шууд 400-500 хооронд болно гэж байхгүй шүү дээ. Мөн хөл хорионы хэрэгжилтэд анхаарах шаардлага үүсч байна. Иргэд маань ухамсартай байж, үр хүүхдээ тоглоомын талбайд гаргахгүй, олноор цугласан газарт очихгүй байх хэрэгтэй.

Нэг шинжилгээний сорьцын хариу хамгийн багадаа хэдэн цагийн дотор гардаг вэ?

-Тодорхой цаг хэлэх боломжгүй. Учир нь сорьц шинжлэх машинаас шалтгаалдаг. Машин сорьцыг унших, шинжлэх явцын хугацаа харилцан адилгүй байдаг. Covid-19-ийг бусад төрлийн амьсгалын замын халдвараас ялган оношлох, халдварын тархалтыг хянах тэрхүү үйл явцад лабораториор баталгаажсан сорьцын дүн мэдээ бол чухал.

-Эмнэлгүүд PCR шинжилгээний хариуг 30 минутаас гурван цагийн дотор гаргаж, эргэлзээтэй хариу өгч байна гэж хардах хүмүүс бий. Сорьц шинжлэх техник хэрэгслийн хүчин чадал хэр байна вэ?

-Түргэвчилсэн шинжилгээний хувьд бол хариу мэдээж богино хугацаанд гарна. Харин PCR шинжилгээний тухайд сорьцыг шинжлэх хэрэгсэл болох машины ажиллах хүчин чадлаас хамаарна. Хүмүүс шинжилгээний хариуг хэдхэн минутын дотор гаргаж байгаа талаар лавлаж, тодруулж байна. Энэ тал дээр олон нийтэд нэг ойлголт өгөх нь зөв болов уу гэж бодож байна. Тодруулбал, ХӨСҮТ-ийн лабораторид шинжилгээний сорьцыг хүлээн авч байна. Ингэхдээ сорьцын мэдээллийг бүртгэл хийхдээ цахимд шууд шивж оруулалгүй, хариу гарсны дараа нэгдсэн хэлбэрээр уншуулахдаа бүртгэлийг давхар хийх тохиолдлууд гарсан. Үүнийг хүмүүс хариуг богино хугацаанд хуурамчаар гаргасан гэж ойлгоод байгаа юм. Түүнээс сорьцыг лабораторид уншуулаагүй байж хариуг эерэг, сөрөг гэж дүгнэнэ гэсэн ойлголт байхгүй.

-ХӨСҮТ-ийн 22 эмч, ажилтан 400 гаруй иргэний шинжилгээний сорьцод засвар хийсэн гэх мэдээлэл гарсан. Яагаад ийм мэдээлэл гарах болов? Сорьцод засвар хийх шалтгаан юунд байсан бол?

-Энэ асуудлын тухайд шалгагдаж байгаа. "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс хойших хугацаанд хуулийн байгууллага хэрэг үүсгээд, мөрдөн шалгаж байна. Надад хуулийн байгууллагаас танай төвөөс эдгээр ажилтнуудыг шалгаж байгаа гэсэн мэдээлэл өгөөгүй учраас би тодорхой хариулт өгөх боломжгүй. Миний хувьд дээр хэлсэнчлэн бүртгэлээ хариу гарах үедээ давхар уншуулсантай холбоотой хардалт байна гэж бодож байгаа. Түүнээс биш эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудын хувьд хүн байна даа, арай ч тийм ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж хэлж болохгүй. Баримт нотолгоогоор баталгаажиж, хуулийн байгууллагаас шийд ирсэн тохиолдолд тухайн холбогдох хүмүүст зохих арга хэмжээг авна. Харин ямар ч нотолгоогүй байхад хүнийг хэлмэгдүүлж, гүтгэж байгаа эсэхийг би дүгнэх эрх зүйн нөхцөл байхгүй.

-“Сөрөг” хариу зарсан гэх мэдээлэлд та ямар тайлбар өгөх вэ?

-Шалгагдаж байгаа хэрэгт миний зүгээс тайлбар хэлэх боломжгүй. Би өөрөө ч тэр хэрэг явдлын шалгах ажиллагааны талаар ямар нэгэн мэдээлэлгүй байна. Хэрэв үнэн болох нь батлагдсан тохиолдолд цөөн тооны хүмүүст хамаарах үйл явдлыг ХӨСҮТ-ийн 800 гаруй ажилчинтай шууд хамааруулан дэвэргэж, мэдээлэл түгээж ташаа ойлголт өгөх нь буруу шүү дээ. Гэм зэмгүй ажлаа хийж байгаа ажилтнууд маань стресстэж байна. Нэр цохож, лабораторийн тасгийг дурдаж, мэдээлэл гаргалаа гээд тэр бодит мэдээлэл гэсэн үг биш. Хуулийн байгууллагын шалгалтаар баталгаажлаа гэхэд тухайн буруутай хүмүүст хариуцлага тооцох нь мэдээж. Гэтэл олон нийтийн сүлжээгээр ХӨСҮТ-ийнхөн гэж хамааруулж ярьж байгаа нь зохисгүй зүйл юм. Халдварын тархалт нэмэгдэж байгаа энэ цаг үед гол ажилдаа төвлөрөхөөс илүү олон нийтийн дунд тархаад буй мэдээлэлд тайлбар хэлээд явж байгаад миний хувьд харамсаж байна. Тиймээс хуулийн байгууллагаас мөрдөн шалгах ажлын хариу гарах хүртэл хүлээцтэй байхыг хүсч байна.

-Халдварын голомтод ажиллаж буй ажилчид өөрсдөдөө шинжилгээ хийж, сорьцын хариугаа гаргадаг юм уу?

-Сорьцыг лабораторид шинжилнэ. Шууд өөрөө өөртөө шинжилгээ хийж, хариу тавих боломжгүй.

-Танай төвд ажиллах хүч хангалттай байна уу?

-Эрүүл мэндийн салбарын бүхий л байгууллагын ажиллах хүч дайчилгаанд явж байна. Зарим эмч, ажилчид маань халдвар аван, ойрын хавьтал гэж тусгаарлагдаж байна. Энэ нөхцөлд эмч, ажилтны нөөц хангалттай гэж хэлэхэд хэцүү. Эрчимт эмчилгээний өвчтөнүүд нэмэгдэж ирлээ гэж тооцоолоход эмч, мэргэжилтнүүд маань тухайн өвчтөн бүртэй харилцаж ажиллах боломжгүй болж, хүний нөөц дутагдана. Ор болоод хүчилтөрөгчийн аппарат байлаа гэж бодоход нэг эмч тэр олон аппаратыг зэрэг ажиллуулах боломжгүй. Хэрэв ХӨСҮТ-д эрчимт эмчилгээний хүнд өвчтөнүүд ихээр ирвэл бусад эмнэлгийн байгууллагуудаас хүний нөөц татахаас өөр сонголтгүй болж байна. Цаашид вакцинжуулалт амжилттай хийгдэж, хоёр дахь тундаа бүгд хамрагдаад, дархлаа тогтчихвол эмч, эмнэлгийн ажилтнуудыг өвчтөнтэй хамт заавал 14 хоног тусгаарлаж, ажиллуулах шаардлагагүй болно. Тиймээс өнгөрсөн долоо хоногоос эрүүл мэндийн салбарынхан, хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын дархлаажуулалт үргэлжлэн хийгдэж байна.

-Одоо хүнд өвчтэй хүн хэд байна вэ?

-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд маш хүнд 63 иргэн байна. Энэ нь Covid-19-өөр өвчилсөн нийт хүмүүсийн хоёр хувийг эзэлж байна. Хүнд өвчтөний тоо 241 буюу нийт хүмүүсийн 7.1 хувь юм. Энэ тоо бол хөл хорио тогтоохоос өмнө 7-10 хоногоос хоёр дахин нэмэгдсэн статистик. Цаашид өсөх хандлагатай байгаа ч ерөнхий төлвөөр тооцоолбол буурна гэж үзэж байна.

Эмнэлгийн ажилчдын хувцас, хувийн хамгаалах хэрэгслийн нөөц хэр байгаа вэ?

-Бид эмч, мэргэжилтнүүдийн болоод урвалж хэрэгслийн нөөцөө тооцоолж гаргасан. Энэ тал дээр ХӨСҮТ-ийн тухайд одоогоор боломжийн байна. Гэхдээ орон нутгийн халдварын тохиолдол нэмэгдэж, тийшээ шинжилгээ оношилгооны урвалжуудыг хуваарилбал мэдээж хомстох магадлал бий. Дээр нь хариу арга хэмжээний багууд цөөн байсан бол одоо тархалт нэмэгдэхийн хэрээр тус багуудыг нэмж байгаа. Иймд улсын хэмжээнд нөөцийн асуудлыг мөн анхаарч тооцох хэрэгцээ байна.

 

С.УНДАРМАА

эх сурвалж: news.mn

Ц.АНАНДБАЗАРТ ЯДАЖ Н.ГАНТУЛГА ШИГ ЁС ЗҮЙ АЛГА
Ц.АНАНДБАЗАРТ ЯДАЖ Н.ГАНТУЛГА ШИГ ЁС ЗҮЙ АЛГА
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.