АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн албан тушаалтныг утсаар дарамталж, саналын тоо нэмэхийг шаардаж буй ярианы бичлэгийг “Washington Post” сонин олон нийтэд дэлгэжээ.
Өнөөг хүртэл сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй маргасаар байгаа тэрбээр гол өрсөлдөөнд мужуудын нэг Жоржиа мужийн төрийн нарийн бичгийн дарга, нэг намын Брэд Раффенспергерийг утсаар дарамталж, саналын тоог нэмэхийг шаардсан байна.
Тэд нэг цаг орчим утсаар ярихад Трамп Раффенспергерийг мужийн сонгуулийн үр дүнг өөрчлөхгүй бол түүнийг гэмт хэрэгтэн болгоно хэмээн сүрдүүлжээ. Трамп “Манай улсын иргэд сонгуулийн үр дүнд бухимдалтай байна. Ялангуяа Жоржиа мужийн иргэд. Учир нь би энэ мужид ялалт байгуулсан. Саналын хуудсыг дахиж тоолох хэрэгтэй байна. Надад яг 11780 санал хэрэгтэй байна” хэмээн ярьжээ.
Одоогоор талуудын хэн нь ч энэ талаар тайлбар хийгээгүй байгаа ба Жоржиа мужийн саналын тоо нэмэгдсэн ч Трамп нэгэнт ялагдсан нь тодорхой болсон билээ. АНУ-ын Үндсэн хуулийн дагуу шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол энэ сарын 20-ны өдөр болно.