ХНХЯамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран “Коронавируст (Ковид-19) халдварын цар тахлын үед ХНХЯ-ны харьяа эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангуулах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах мэдлэг олгох сургалт”-ыг 2020 оны 12 дугаар сарын 11-нд цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулж дууслаа.
Цахим сургалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар, тус яамны ХАБЭА-н хэлтсийн дарга З.Бауыржан, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн дарга Н.Цогбадрах, болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харьяа Сэргээн засах төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн 100 орчим эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцов.
Сургалтыг нээж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар төрөөс баримталж буй бодлого нь иргэн ажилтны амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгоход чиглэдэг. Дэлхий нийтийг хамарсан аюулт өвчин, цар тахал бидэнд эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгох, иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалахад бэрхшээл, шинэ сорилтуудыг бий болгож байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас салбарын бэлэн байдлыг хангуулах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Тухайлбал, манай улсад Коронавируст халдварын анхны багц тохиолдол илэрсэнээс хойш Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, ЭМГ-уудтай хамтран 50 гаруй дадлагажуулах сургалтыг зохион байгуулсан. Цар тахлын үед ажлын байрны бэлэн байдлыг хангуулах, хяналтын арга хэмжээг сайжруулах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах нь иргэн ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, халдварын тархалтыг зогсооход онцгой ач холбогдолтой”-г онцолсон.
Мөн ХНХЯамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат “COVID-19” халдварт цар тахал дэлхийн 218 улс орон, бүс нутагт бүртгэгдэн 65.2 сая гаруй хүн уг халдвараар өвчилсөн бол 1.5 сая гаруй хүн нас бараад байна. Харин манай улсад энэхүү аюулт халдварт цар тахлын анхны дотоод дахь батлагдсан тохиолдол өнгөрсөн 11 дүгээр сарын 10-нд бүртгэгдсэн. Тиймээс Засгийн газрын зүгээс шуурхай арга хэмжээ авч улс орон даяар бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хатуу хөл хориог тогтоон ажилласан.
Ингэснээр Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь, Архангай аймгуудад “COVID-19” халдвар голомтлон гарч буйг тогтоож хариу арга хэмжээ авч ажилласаар байна. Өнөөдрийн /2020.12.11/-ний байдлаар дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 454 тохиолдол батлагдаж буйг ХӨСҮТ-өөс мэдэгдлээ. Мөн эрүүл мэндийн ажилтнууд коронавирусээр халдварласан тохиолдол 19 болж нэмэгджээ.
Энэ цаг үед ХНХЯ-ны харьяа эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангуулах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, эрүүл мэндийн ажилчдын аюулгүй байдлыг хангах, тэднийг мэдээллээр хангах нь нэн чухал учраас уг сургалтыг зохион байгуулж байна. Ингэснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх мэдлэг, чадвар дээшлэх, онцгой байдлын үеийн хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн харж байна” гэлээ.
Харин Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн дарга Н.Цогбадрах коронавируст халдварын үед авч хэрэгжүүлж буй ажлын талаар товч танилцуулахын зэрэгцээ цаг үеэ олсон эрүүл мэндийн ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангахад чиглэсэн чухал сургалт боллоо гэдгийг онцлон хэлсэн юм.
Цахим сургалт нь коронавируст халдвар “COVID-19”-ын сэжигтэй тохиолдол илэрсэн үед ЭМБ-аас авах арга хэмжээ /тусгаарлах, мэдээлэх, хөдөлгөөн зогсоох, хамгаалах өмсгөл гмт/, эмч сувилагч нарын коронавируст халдвараас урьдчилан сэргийлэлт, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд баримтлах халдвар хамгаалал, био аюулгүй ажиллагаа, хог хаягдлын менежмент, хамгаалах өмсгөлийг хэрхэн зөв өмсөх зэрэг чухал ач холбогдолтой сэдвийн хүрээнд явагдлаа.