Утааг “айлгасан” стандарт
Улаанбаатар дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын жагсаалтад аман хүзүүдэж байсан нь ердөө жил гаруйн өмнөхөн. Гэтэл өнгөрсөн өвөл нийслэлчүүд утаа үзэж, угаар үнэртсэнгүй. Мэргэжлийн байгууллагуудын албан ёсны тандалт, судалгаагаар Улаанбаатар хотын агаарын бохирдол 50 гаруй хувиар буурсан байна. Утаа ийнхүү хоёр дахин буурахад юу нөлөөлсөн бэ?
Олон хүн сайжруулсан шахмал түлш гэж хариулах нь мэдээж. Харин би энэ асуултад “Стандарт” гэж хариулна. Гэр хорооллын 220 гаруй мянган айл өрх бүгд өнгөрсөн өвөл стандартын шаардлага хангасан түлш түлэх болсноор хоолой хорсгож, нүд бүрэлзүүлсэн утаанаасаа салж чадсан юм. Мөн галладаг зуух, пийшингээ стандартад нийцүүлж, гэр, байшингийнхаа дулаалгыг стандартын дагуу чанартай сайн хийж гүйцэтгэсэн нь ч утаа буурахад нөлөөлсөн. Хот эдгээр стандартыг иргэддээ мөрдүүлж чадсанаараа 20 жил ярьсан хорт утааг ганцхан өвлийн дотор хоёр дахин буурууллаа. Эндээс иргэд ч тэр, төр захиргааны байгууллагууд ч тэр нэг л зүйлийг ойлгож, мэдэрсэн болов уу. Тэр нь стандарт гэдэг зүйл ямар чухал болохыг, бас түүнийг үл тоож, хэм хэмжээ, норм, нормативыг нь зөрчих юм бол ямар аюултайг хаа хаанаа сайтар ухаарсан гэдэгт эргэлзэхгүй байна.
Стандарт гэдэг хэдийгээр хууль биш ч гэлээ түүнийг хууль мэт ягштал дагаж мөрдөх юм бол хүний амьдрах орчны аюулгүй байдал бүрэн хангагдаж, амьдралын баталгаа сайжирдгийг Улаанбаатарын утаа буурсан жишээнээс харж болно.
Тиймээс яг үүн шигээр хотын өмнө тулгамдсан олон асуудлыг шийдэх боломжтой. Тухайлбал, бүхий л салбарт стандартаа мөрддөг болчихвол авто машины түгжрэл, замын хөдөлгөөний осол болон ахуйн шинжтэй бэртэл гэмтэл, обьектийн гал түймэр, үер усны аюул, тэр бүү хэл хоол, хүнс, амьдралын хэвшлээс шалтгаалан үүсдэг халдварт болон халдварт бус өвчнүүд буурна. Стандарт бол хүний эрүүл, аюулгүй орчинд аж төрөх эрхийн баталгаа төдийгүй үндэсний аюулгүй байдлын нэг хамгаалалт болдог гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолдог. Стандартын ямар чухал вэ гэдгийг үүнээс харж болох юм.
Зорилтот жилийн зорилтууд
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан ажлаа авсныхаа дараахан хоёр агентлаг шинээр байгуулсны нэг нь Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар байсан нь санамсаргүй хэрэг биш байв. Түүнчлэн хотын дарга 2020 оны анхны захирамжаараа энэ оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласан нь ч суурин болон түр оршин суугчидтайгаа нийлээд Монгол Улсын хүн амын тэн хагас нь амьдарч буй саятан хотын тулгамдсан олон асуудлыг шийдэх гол гарц, амин судсыг олж харж, гарц гаргалгаа, шийдэл зохицуулалтыг нь тодорхойлж чадсаных юм.
Хотод амьдарна гэдэг бол дүрэм, журам, стандартад захирагдаж, тэдгээрийг дагаж мөрдөнө гэсэн үг. Тиймээс стандартыг хэрэгжүүлэх нь төр захиргааны байгууллагын үүрэг, зорилго гэхээсээ илүү иргэн бүрийн оролцоо шаардах ажил. Үүнийг ч хотын удирдлагууд зорилтот жилийнхээ эхэнд онцолж байв. Хотын төр, захиргааны болон мэргэжлийн байгууллагуудын хувьд 2020 онд олон улсын стандартад нийцсэн цогц дүрэм журмыг боловсруулж байгаа бөгөөд тэдгээрийг иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар 2019 онд хотын стандартын баримт бичиг болох гурван товхимол гаргасан бол энэ жил 22 нэр төрлийн хотын стандартын баримт бичгийг боловсруулан батлуулах юм байна. Улаанбаатар хотод өмнө нь стандартын баримт бичиг гэж байгаагүй аж. Тиймээс “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд Улаанбаатар стандартын цогц дүрэм журамтай болох нь. Ингэснээр нийслэл хот маань дэлхийн хотуудын жишгээр хөгжиж, иргэд оршин суугчид нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.
“Нэг хот-Нэг стандарт” жилийн ажил Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулахуйц нөхцөлд үйл ажиллагаа явуулж буй 379 барилгын гадна талын хашаа, хайсыг стандартын дагуу болгуулахаас эхэлж, энэ ажил яг одоо ид үргэлжилж байгаа аж. Зургаадугаар сарын нэгэн гэхэд барилгын хашаа, хайс бүгд стандартын дагуу болно. Үүнтэй зэрэгцэн хотын гэр болон орон сууцны хороолол дахь хүүхдийн талбайн аюулгүй байдлыг хангах зорилготой хяналт, шалгалтын ажлууд ч эхэлжээ. Мэргэжлийн байгууллагын судалгаагаар нийслэлийн 301 байршилд хүүхдийн тоглоомын талбайд стандарт алдагдсан гэдэг дүгнэлт гарсан юм билээ. Цаашид гудамж, талбай, авто зам, автомашин, явган болон дугуйн зам, барилгын гаднах орчин, бүх төрлийн худалдаа, үйлчилгээ гээд олон салбар, чиглэлээр стандартуудыг мөрдүүлэх, сурталчлан таниулах ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
Даяаршсан стандарт
Монголчууд анх 1924 онд дугуй модон ширээний стандартыг баталж байжээ. Түүнээс хойш стандарт гэдэг энэ үг мэргэжлийн болон ахуйн хүрээнд нэвтэрч, ажил хэрэг болж эхэлсэн түүхтэй юм билээ. Эдүгээ манай улсад 6300 гаруй стандарт мөрдөгдөж байгаа. Үүний 1000 гаруй нь олон улсын стандарт.
Цаашид олон улсын стандартыг үндэсний хэмжээнд нэвтрүүлэн, дагаж мөрдөх шаардлага бий. Энэ чиглэлээр чамгүй ажлууд хийсэн гэдэг нь дээр хэлсэнчлэн олон улсын 1000 гаруй стандартыг мөрдөж байгаагаас тодорхой. Арав гаруй жилийн өмнөөс Монгол Улсын Засгийн газраас нийгэм, эдийн засгийн салбарт төдийгүй төрийн захиргааны салбартаа ч Евро стандартыг нэвтрүүлэх бодлого барьж эхэлсэн. Тухайлбал, Европын холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг нэвтрүүлэх төсөл хүртэл хэрэгжүүлсэн. Энэ төсөл хэрэгжиж дууссан уу, үгүй юу бүү мэд. Ямар ч л байсан Улаанбаатар маань Парис, Лондон шиг болчихоогүй л байгаа. Уг нь Евро стандарт гэх мэт олон улсын стандартыг нэвтрүүлснээр манай улсад олон давуу тал бий болно. Гол нь амьдралын чанар, аюулгүй байдал сайжирч, баталгаажна. Дэлхий нийт даяаршихын хэрээр улс орнууд нэг стандарттай болохыг зорьж, тэмүүлж байгаа.
Тиймээс Австралийн зоогийн газар, баар, рестораны үйлчилгээний хэм хэмжээ, дүрэм горим, соёл нь Их Британийхтай яг ижил, Австрийнх Германыхтай адилхан, тэр бүү хэл Ази тивийн Солонгосын үйлчилгээний газрууд АНУ-ынхтай яв цав нийцэж байдаг нь Евро стандарт буюу Европын холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээг мөрддөгийнх. Ийнхүү нэг стандарттай байхын давуу тал олон. Евро стандартыг нэвтрүүлсэн улс орнууд хоорондоо 7200 гаруй бараа, бүтээгдэхүүнийг тарифын болон тарифын бус хөнгөлөлттэй нөхцөлөөр харилцан солилцдог. Монгол Улс энэ даяаршсан сүлжээнд багтаж гадаад худалдаагаа өргөжүүлэхийн тулд Евро стандартыг нутагшуулахаас өөр аргагүй.
Түүнээс гадна үндэсний хэмжээнд мөрдөх стандартуудынхаа тоог ч нэмэх шаардлага бий аж. Манай улсад 6300 орчим стандарт мөрдөгдөж байгаа нь дэлхийн улс орнуудтай харьцуулахад 10 дахин бага үзүүлэлт юм билээ. Тиймээс цаашид стандартуудынхаа тоог наанадаж дөрөв, тав дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэж үздэг байна. Тухайлбал, өндөр хөгжилтэй орнуудад 40-50 мянган стандарт мөрдөгддөг. Ингэж бүхий зүйл нь стандарттай байж улс орон хөгждөг ажээ. Товчхондоо бол стандартын эцсийн зорилго нь хүний эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, амьдралын чанарыг сайжруулах, улмаар улс орны хөгжлийг түргэтгэхэд чиглэдэг.
“Нэг хот-Нэг стандарт”
Баталсан хуулийг мөрддөггүй, гаргасан стандартыг хэрэгжүүлдэггүй “өвөрмөц онцлог” нь өнөөгийн Монголыг муу муухай харагдуулж байгаа. Өдөр бүр, алхам тутамд тохиолдож буй бэрхшээл, саад, хүнд хэцүү, муу муухай бүхэн дээрхээс л үүддэг. Дунд сургуулиудын биеийн тамирын талбайн стандарт алдагдсаныг хүүхдийн амь насны төлөөстэйгөөр ухаарч сэхээрсэн гашуун сургамж саяхных. Монголд авто тээврийн ослоор жилд 500 гаруй хүн амь насаа алдаж байгаа нь авто замын стандарттай шууд холбоотой. Хотын авто замын стандартаар бол хажуугаараа явган хүний болон дугуйн замтай, тусгаарлах зурвас буюу ногоон байгууламжтай, борооны ус зайлуулах сувагтай байх ёстой боловч энэ стандарт ихэнхдээ мартагддаг эсвэл монголчлогддог. Зуны улиралд жаахан бороо ороход хотын төвийн бүх зам усанд автдаг нь стандартад нийцсэн ус зайлуулах байгууламжгүйнх.
Агаарын бохирдлын нэг гол эх үүсвэр автомашины хувьд ч гэсэн стандарт үзүүлэлтүүд нь хангалтгүй. Нийт тээврийн хэрэгслийн 80 хувь нь арваас дээш жил ашиглагдсан “явдаг уурын зуухнууд”. Нийтийн тээврийн үйлчилгээнд 12-оос дээш жилийн насжилттай автобусыг явуулахгүй гэсэн стандарт баталсан боловч амьдрал дээр 75 хувь нь арваас дээш жилийн настай байгаа гэсэн судалгаа гарчээ.
Иргэдийн амьдралын чанарт ноцтой аюул занал учруулж байгаа хүчин зүйл зөвхөн агаарын бохирдол биш. Барилга, орон сууцны стандарт алдагдсанаар Улаанбаатарын өнөөгийн олон хүндрэл, бэрхшээл бий болсон. Орон сууцны барилгын гадна орчинд автомашины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжтай байх ёстой боловч үүнийг мөрддөггүй. Ийм стандартаар баригдсан 40, 50 мянгат, III, IV хороолол гээд хуучны бүх орон сууцны хорооллын доторх ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбайд барилга бариад дүүргэчихсэн. Шинээр баригдаж байгаа орон сууцнууд гаднахь орчны стандартыг мөрдөх нь байтугай галын машин орж гарах гарцгүй шахам баригдах болсон. Дээр нь барилгын чанарыг ярих юм бол шинээр баригдаж буй барилгуудын хана, шал, тааз, хаалга цонх, сантехникийн шугам бүгд л ямар нэг байдлаар стандартын зөрчилтэй.
Манай улсад үйлдвэрлэж буй нийт цонх, хаалганы 80 хувь нь стандартын бус байгааг мэргэжлийн байгууллага тогтоосон. Монголын хаалга, цонхны холбоо болон МХЕГ хамтран 2009, 2010 онд ашиглалтад орсон барилгуудын вакуум цонх, хаалганд шалгалт хийхэд 85 хувь нь стандартын шаардлага хангаагүй цонх байжээ. Өнөө цагт завсраар нь салхи үлээж, мөстөж цантдаг вакуум цонхгүй шинэ орон сууц олоход бэрх.2007 онд манай улс вакуум цонхны стандартыг баталсан боловч түүнийгээ мөрддөггүй. Мөрдүүлдэггүй гэж ч болно. Тиймээс вакуум цонх үйлдвэрлэгчид өөр өөр орны стандартаар цонхоо үйлдвэрлэсээр. Сүүлдээ хэрэглэгчдийг ч, өөрсдийгөө ч төөрөгдүүлсэн таван өөр стандарт бий болсон байна.
Түүнчлэн манай улсад мөрдөж буй стандартууд нь өөрөө стандарт бус байгааг мэргэжлийн байгууллагууд тогтоосон байдаг. Гурван жилийн өмнө Шадар сайдаас гаргасан удирдамжийн дагуу улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа бүх стандартыг шалгаж нягтлахад 300 гаруй стандарт нь шаардлага хангахгүй болохыг тогтоож байжээ. Мөн 2000 гаруй стандартыг шинэчлэн сайжруулж олон улсын түвшинд хүргэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан аж.
Энэ мэтээр стандарт мөрддөггүйгээс, эсвэл огт стандартгүйгээс, байгаа стандартууд нь өөрөө стандарт бусаас болж салбар салбарт олон арван тулгамдсан асуудал хуримтлагдсан. Тэр бүх бэрхшээл, хүндрэлийг арилгахын тулд асар их хөрөнгө мөнгө зардаг ч үр дүн нь тааруухан. Энэ нь жишээлбээс, архидалтын эсрэг тэмцэхдээ архи ууж байгаа шалтгаантай нь бус архитай л тэмцээд байснаас болж үр дүнд хүрдэггүй гэдэг шиг л юм. Нэмээд хэлэхэд агаарын бохирдол яг үүнтэй адил. Утааг бууруулна гэж 20 жил ярьж, уг ажилд зарцуулах төсөв нь хэдэн арван тэрбумаар нэмэгдсээр ирсэн ч үр дүнд хүрээгүй. Үүний шалтгаан нь нь ердөө л стандартыг мөрдүүлээгүйнх л байв. Стандарт түлш, стандарт зуух, пийшин, стандарт хэрэглээг нэвтрүүлснээр утаа арилсан. Тэгэхээр Улаанбаатарынхны шүдний өвчин болсон бусад олон асуудал стандартыг мөрдөж хэвшсэнээр шийдэгдэнэ.
Тиймээс нийслэлээс 2020 оныг “Нэг стандарт-Нэг хот” зорилтот жил болгон зарласан. Үүнийг нийслэлд энэ жил стандартын хувьсгал болно. Амьдрах орчинд хувьсал, дэвшил гарна гэж хэлж болно.