“Чингис хаан” музейн барилгын нээлтийн ажлыг эхлүүлэх арга хэмжээ өнөөдөр боллоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Энэ өдөр эзэн Чингис хааныхаа музейн бүтээн байгуулалтын ажлыг албан ёсоор эхэлж байна. Энэ музейг хоёр жилийн хугацаанд барина. Дээшээ 9 давхар, газар доороо нэг давхартай байна. Модун Шаньюугаас авахуулаад VIII Богд Жавзандамба хаан хүртэлх бүх хаадын түүхэн үйл явдлыг харуулах юм. Энэ бол монголын ард түмний шүтээн музей болох болно. Монголчууд, жуулчид бүгд Эзэн Чингис хааны музейг үзэж, Эзэн Чингис хаан зөвхөн монголын хаан байгаагүй, дэлхийн хаан байжээ гэдгийг эзэн музейгээс таньж мэдэх байх. Төсөвт 53 тэрбум төгрөг суусан. Музей барихад санхүүжилтэд гацах зүйл үгүй.
Бид үр хүүхдэдээ түүхээ үлдээж, соён гэгээрүүлэх ёстой. Их дээд сургууль болон Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид бүгдээрээ Эзэн хааныхаа музейд ирж, түүхийн хичээлийг сургадаг байгаасай гэж бодож байна. Дотор нь музейд сургалтын танхим, номын сан зэргийг байгуулж байгаа. Эзэн хаантай холбоотой бүх ном, түүхийг үүнд байршуулна. Иргэд үзэж, харж, сурч боловсрох боломжтой. Гадаадад байгаа Элчин сайдуудад тухайн оронд нь байгаа Их Эзэн хааны түүхтэй холбоотой үзмэр, дурсгалыг авчрах, эсвэл хуулбарыг авч ирэх үүрэг өгсөн" гэлээ.
БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр "Олон улсын эрдэмтэн судлаачид цуглан хурал зөвлөгөөн хийх боломжтой. Зөвхөн бодит үзмэрийг шилэн хоргоос үзээд гарах биш виртуаль байдлаар тухайн цаг үед очсон мэт сэтгэгдэл төрүүлэх дэлгэцүүдийг бэлдэж байна. Мөн НҮБ-ын зургаан хэлээр орчуулгыг чихэвчээрээ сонсоно. 36 хааныхаа лааны тосон үзмэр хийлгэнэ.
Энэхүү музейдээ дэлхийгээр тарсан түүхэн дурсгал, үзмэрүүдийг авах, хуулбар авах талаар 36 улстай холбогдсон" гэв.
Сануулахад, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Чингис хаан” музей байгуулах үйл ажиллагааг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах чиг үүрэг бүхий “Эрдэмтдийн зөвлөл”-ийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулж захирамж гаргасан байдаг. Тодруулбал,
Дарга
- Д.Рэгдэл ШУА-ийн ерөнхийлөгч, академич, ШУ-ны доктор, профессор
Гишүүд
- А.Цанжид Философийн хүрээлэнгийн зөвлөх, ШУ-ны доктор, профессор
- Л.Дашням МУСГЗ, доктор профессор
- Г.Мэнд-Ооёо Монголын соёл, яруу найргийн академийн ерөнхийлөгч, зохиолч, яруу найрагч,“Чингис хаан” одонт
- Г.Мягмарсамбуу ШУА-ийн Түхх угсаатны зүйн хүрээлэнгйин салбарын эрхлэгч, доктор профессор
- Б.Цогтбаатар ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор, профессор
- Б.Баатархүү Нийслэлийн архивын газрын дарга, доктор, дэд профессор
- Н.Ням-Осор ИЗИС-ын захирал, доктор, профессор
- Н.Наранбаатар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт
- Г.Пүрэвбат Бурханч лам, доктор