Хуц, ухна тавьсан аятай төрийн худалдан авах ажиллагаанд тогтмол оролцож ялалт байгуулан, аливаа төрлийн ажил гүйцэтгэх эрхийг “ногоон гэрэл”-ээр авдаг аж ахуйн нэгжүүд цөөнгүй байдаг тухай манайхан өөр хоорондоо жиг жуг гэлцээд л өнгөрдөг. Тэгвэл удахгүй нийслэлийн зүгээс энэ байдлыг цэгцлэх ажлууд хийгдэж эхлэх бололтой.
Монголчууд биднийг тэнгэр харуулаад өрцийг нь хутгаар цоолж байхад дуугүй л байдаг хонь шиг номхон, хүлцэнгүй ард түмэн гэж егөөддөг ч алийн болгон тэгж дуугүй явах билээ. Монгол Улсын хүн амын тэн хагас нь шахуу аж төрж буй Улаанбаатар хотоос эхэлж ийнхү ү эмх цэгцэнд нь оруулаад эхэлбэл цаашид шат шатандаа жигдрэх юмандаа бас байгаа байх аа.
Нийслэлээс зарлаж буй тендерт байнга шахам шалгардаг, тэгсэн хэрнээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, удаа дараа ажил цалгардуулдаг, нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ нь чанарын шаардлага хангадаггүй аж ахуйн нэгжүүдийн нэрийг олон нийтэд ил тодоор зарлах сураг дуулдаад эхлэв.
Танил тал, ар өврийн хаалгаар тендерийн ажил авчихаад, татвар төлөгчдийн мөнгийг юман чинээ саналгүй үрэн таран хийдэг даварсан, дархлагдсан компаниудтай хариуцлага тооцох цаг болсон уу гэвэл тийм. Албатай юм шиг түмний урдуур хамаг боломжийг нь хааж давхиж орчихоод ачил дээрээ тулахаар аль нэг туслан гүйцэтгэгчид бүх ажлаа даатгаж эзэнгүйдүүлээд, эцэс сүүлд нь хариуцлагаас мултардаг компаниуд ам ташсан хэрээ 13 дахихын үлгэрийг амьдралд бодитоор харуулсаар харин ч зөндөө удсан.
Энэ бүхний цаана хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал хөндөгдөж, дүүрэг, хороо, өрхийн эмнэлгийн засвар үйлчилгээ удааширч, хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй засвартай замаар сажилсаар хамаг цагаа үрдэг хохирогчид нь эгэл жирийн ард иргэд. Үнэндээ цаана нь юу болоод байгааг, ямар компани ажил аваад цалгардуулж орхисныг, тэдэнтэй яаж хариуцлага тооцохоо олон нийт бараг мэддэггүйг нь далимдуулагсад улам бүр даварсаар л байдаг.
Тэгвэл одооноос ажил удаа дараа цалгардуулсан компаниудыг түмэн олонд зарлаж, “хар жагсаалт”-д оруулан гайгүй сайн ичээх бөгөөд ингэснээр тендер авч, мөнгийг нь халаасалчихаад тэр чигтээ голгүй мурьдаг явдлыг эцэслэж, аливаа ажлыг буух эзэнтэй, буцах хаягтай болгох нь ээ. Нэгэнт хариуцлагагүй компаниудын нэрс нь ил болсон хойно олон түмний хяналт ч нэмэгдэж, “Манай хорооны цэцэрлэгийн засварын ажилд нөгөө гайхал компани шалгарчихсан байх вий” мэтчилэн дараагийн удаад тендер зарлагдахаас нь эхлээд болгоомжтой хандаж, гүйцэтгэлийг нь хянахад иргэний үүрэг оролцоо ч бас нэмэгдэх буй за.
Тендерийн бульхайтай тэмцэх, 10 хувийн “цавчаа”-г үгүй хийх, төсвийн мөнгийг үр дүнтэй зарцуулах, ажлын хяналт хариуцлагыг дээшлүүлэх үүднээс нийслэлийн бүх шатны худалдан авах ажиллагааг олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд ил тод, нээлттэй зохион байгуулж байхыг хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн жил үүрэг болгож, хэрэгжүүлж эхэлсэн нь үр өгөөжөө өгч байгаа гэнэ лээ.