Төрийн банкны зарим удидлагууд хуурамч бичиг баримт үйлдэн үйлчлүүлэгчдийнхээ хадгаламжийн мөнгөнөөс завшсан гэх хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж байгаа юм байна.
Тодруулбал, тус банкны Тээврийн товчоон дахь салбарын захирал Ч.Ариунгэрэл, ахлах теллер С.Алтанчимэг, VIP теллер Б.Мөнхсүрэн нар хуйвалдан, хадгаламж эзэмшигчдийн дансны мэдээлэлд нэвтрэн их хэмжээний мөнгөтэйг нь мэдэн хуурамч баримт бүрдүүлэн зээл авсан хэрэгт холбогдон ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгагдаж байгаа талаар Өнөөдөр сонинд мэдээлжээ.
Тус сонинд бичсэнчлэн дээрх гурван хүн 2018 оны тавдугаар сарын 29-нөөс хойш 44 иргэний нэр дээр хоёр тэрбум гаруй төгрөгийн, 70 зээлдэгчийн нэр дээрх 2.7 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй зээл гаргаж банкандаа их хэмжээний хохирол учруулсан гэнэ.
Төрийн банкны Тээврийн товчоон дахь салбарын захирал Ч.Ариунгэрэл нь салбарын захирлаар 2014 оноос хойш ажилласан нэгэн аж. Энэ хугацаандаа банкаар тогтмол үйлчлүүлдэггүй, эсвэл өндөр настай, хадгаламждаа их хэмжээний мөнгөтэй иргэдийн мэдээллийг албан тушаалаа ашиглан судалж байжээ. Улмаар тэдний хадгаламж дахь мөнгийг барьцаалан зээл авч, хүүгийн төлөлт нэртэйгээр шилжүүлэн хувьдаа завшиж байсан нь тогтоогдсон гэнэ.
Ч.Ариунгэрэл, С.Алтанчимэг, Б.Мөнхсүрэн нар 2018 оны долдугаар сараас аравдугаар сарын 10 хүртэлх хугацаанд 25 хүний нэр дээрх хугацаатай хадгаламжийн мөнгийг өөрсдийнх нь зөвшөөрөлгүй, хуурамч бичиг баримт бүрдүүлэн хадгаламж барьцаалсан зээл нэрээр 1.9 тэрбум гаруй төгрөг авсан нь ч батлагдсан аж.
Мөн зарим харилцагч нартай тохиролцож, 41 хүний нэр дээр бүртгэлтэй данснаас 2.4 тэрбум төгрөгийн болон ам.долларын зээл авсан нь тодорхой болжээ.
Түүнчлэн Төрийн банкны Тээврийн товчоон дахь салбарын захирал Ч.Ариунгэрэл 18 харилцагчийн нэр дээр 90 сая төгрөгийн эрхтэй кредит карт захиалан 73 сая гаруй, өөрийн хамаарал бүхий 20 харилцагчийн нэр дээр 92 сая төгрөгийн эрхтэй карт захиалан 79.7 сая төгрөгийг хувьдаа завшсан гэнэ. Ийнхүү хууль бусаар авсан зээлээ өөр зээлдэгчийн данснаас “зээлийн хүү” нэрээр шилжүүлж байсан юм байна. Ийм байдлаар хамгийн багадаа л 154, дээд тал нь 516 сая гаруй төгрөг шилжүүлсэн байж болзошгүй байгаа гэнэ.
Төрийн банкны зарим удирдлагууд харилцагчдынхаа хадгаламжаас тэрбумаар нь хумсалжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.