Эрх баригч МАН-ын зөрчил, хуваагдал дахин хүчтэй сэдэрч, Ж.Эрдэнэбат, Б.Чойжилсүрэн тэргүүтэй УИХ-ын нэр бүхий 20 орчим гишүүн Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжих эсэхээ шийдээгүй байгаа төдийгүй дахин зохион байгуулалтанд орсон тухай бид өчигдөр мэдээлсэн билээ. Тэд Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийг огцруулах саналыг ирэх 9-р сарын дундуур юм уу? 10-р сарын эхээр гаргаж, УИХ-д өргөн барихаар төлөвлөж буй юм.
Үүнтэй зэрэгцэн, өдгөө МАН-ыг удирдаж буй У.Хүрэлсүх тэргүүтэй хэсэг ч өөрсдийн боловсруулсан замын зургийн дагуу улс төрийн үйл ажиллагаа явуулж буй аж.
Тэд уул уурхайн салбарт дэг журам бий болгох чиглэлээр ажиллахын сацуу Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ямар ч хамаагүй аргаар УИХ-аар батлуулахын төлөө хэлэлцээр хийж байна.
Хэрэв Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталж чадвал УИХ-ын ээлжит бус сонгуулийг энэ оны 11-р сард зохион байгуулах төлөвлөгөө ч боловсруулжээ.Уг санааг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ихэд дэмжиж буй юм.
Үүнийгээ ч тэрээр 2019 оны 7-р сарын 16-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөө танилцуулах үеэрээ ил цагаан зарлаж, "Эрхэм гишүүд ээ, Та бүхэн сүүлийн арван жилийн туршид яригдаж, хэлэлцэгдсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах сонгогчдын даалгаврыг биелүүлж чадваас түүхэн үүрэг хариуцлагаа биелүүлсэн гэж үзээд УИХ-ыг тарааж, дараагийн сонгуулийг даруй зарлах шаардлагатай боллоо.
Улс оронд ШИНЭ ГАРАА, ШИНЭ ЭХЛЭЛ даруй хэрэгтэй байна. Та бүхэн иргэний болон улс төрийн эр зориг гаргаж эдгээр алхмуудыг хийснээр ардчилсан түүхэнд тэмдэглэгдэн дурсагдах гавъяаг байгуулах болно. " хэмээсэн юм.
Одоогийн байдлаар УИХ ба МАН дахь хүчний харьцаа У.Хүрэлсүхийн бүлэглэлд давуутай байгаа боловч Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлахын тулд заавал Ж.Эрдэнэбат, Б.Чойжилсүрэн нарын тэргүүтэй УИХ-ын 20 орчим гишүүний дэмжлэгийг авах шаардлага тулгарч буй билээ.