Төгөлдөр хуурч, АНУ-ын Аризонагийн их сургуулийн докторант Э.Мөнхшүртэй ярилцлаа.
ХБК, СУИС-д суралцаж төгссөний дараа Чикагогийн их сургуульд мэргэжлээрээ магистрын зэрэг хамгаалсан тэрбээр өдгөө “Хөгжмийн зохиолч Б.Шаравын төгөлдөр хуурт зориулсан бүтээлүүд” сэдвээр докторын зэрэг горилон суралцаж байгаа аж. Хөгжмийн зохиолч Б.Шаравтай эчнээ танил болсон тэрбээр алсын орноос утсаар ярьж мэдээлэл авч байжээ. Гэтэл хөгжмийн зохиолч өнгөрсөн зургадугаар сард “Охин минь, ирж уулзаж чадах уу” гэсэн байна. Хөгжимчин судлаач нүүр тулж уулзан тодруулах зүйлсээ бэлтгээд иртэл Б.Шарав гуайн тэнхээ нэлээд тааруу болсон байжээ. Гэхдээ тэд уулзаж амжсан юм билээ. Хөгжмийн зохиолч бага насандаа сумын клубт хөгжим тоглож, дуулж байгаа хүмүүсийг анх харж, сонсоход тэр гэж хэлэх аргагүй ер бусын орчинд орох шиг мэдрэмж төрсөн тухай ярьж өгчээ. Дараагийн уулзалтаар бол тэд зөвхөн харцаараа л ярилцсан байна. Төгөлдөр хуурч Э.Мөнхшүр судалгааны ажлаар Хэнтий аймгийн Жаргалтхаан сум явахаас нь өмнө уулзсан юм.
-Нөхцөл байдал ийм болсон болохоор төлөвлөгөөгөө өөрчлөх үү?
-Тийм ээ, өөрчилсөн. Одоо надад Монголдоо ажиллах дөрвөн л долоо хоногийн хугацаа байна. Б.Шарав гуайн шавь нар, найз нөхөд, мөн түүний уран бүтээлийн андуудтай уулзах болж байна.
-Та судалгааны ажлын сэдвээр яагаад түүний бүтээлүүдийг сонгосон бэ?
-Төгөлдөр хуурчийн хувьд энэ зэмсэгт зориулсан монгол, хаана ч тоглосон Монголын хөгжмийн зохиолчийнх гэдгийг илтгэх, мэргэжлийн өндөр түвшинд бичсэн бүтээлүүд сонгоё гэж шийдсэн юм. Монгол зохиол гэхийн учир нь хөгжмөөр дамжуулж Монголоо сурталчлах, эх сайхан орныхоо тухай мэдээллийг дэлхийн улс гүрнүүдэд түгээх зорилготой. Эхэндээ Монголын орчин цагийн мэргэжлийн хөгжмийн урлагийг үндэслэгч гэдэг Ардын жүжигчин С.Гончигсумлаа гуайн төгөлдөр хуурт зориулсан бүтээлүүдийг судлахаар төлөвлөсөн байсан юм. Гэтэл докторын зэрэг хамгаалуулах комиссын гишүүдийн нэг нь зөвшөөрөөгүй.
-Яагаад?
-Тодорхой тайлбар хэлээгүй, хангалтгүй байна гэсэн. Тэгэхээр нь Б.Шарав гуайн зохиолуудаас сонсгоход “Шинжлэх ухааны үүднээс судлах бүтээлтэй зохиолч байна” гэсэн. Тэгээд л ажлаа эхлээд явж байгаа минь энэ. Б.Шарав гуайн хөгжмийн зохиолуудын талаар англиар бичсэн нь үгүй юм билээ. Тэгэхээр энэ талд миний оролцоо, үүрэг их байх юм байна гэж ойлгож байгаа.
-Эхний төлөвлөгөө тань ямар байсан бэ. Дэлгэрэнгүй ярьж болох уу?
-Эрдмийн ажил бүхэлдээ хөгжмийн бүтээлүүдийг ардын дуу, аялгуунаас хэрхэн сэдэвлэв, Шарав гуай өөрөө хэн юм, тодорхой дуунуудыг юуны учир сонгож найруулан хөгжмийн бүтээл болгов, ингэхдээ хөгжмийн ямар хэллэгийг сонгож илэрхийлэв, хэнд зориулав, яаж хөгжимдвөл ардын маягтай болох вэ, эдгээр бүтээлийг төгөлдөр хуур суралцагсдад яаж заах вэ гээд олон талаас нь харж, дүгнэх цогц ажил юм. Тэндээ бэлтгэл ажлыг боломжийн түвшинд хийсэн. Монголдоо ирж хийх ажлын төлөвлөгөөг тусад нь гаргасан юм. Хөгжмийн зохиолчийн нутагт нь очиж, тэндхийн урлагийнхантай, хөгжимчид байдаг бол тэдэнтэй уулзаж ярилцах, нутгаасаа төрсөн хөгжмийн зохиолчийн бүтээлүүдээс тоглодог бол тоглуулах, бичлэг хийж, сонсоод, хөгжмийн зохиолчийн бичсэнтэй харьцуулаад, өөртэй нь дахин дахин уулзаж санаснаар нь, зорьсноор нь тоглож байгаа эсэхийг асуух байсан юм. Тухайн бүтээл төрсөн түүх, явцын талаар ярилцах, тэгэх зуураа бүтээлийн талаарх ойлголт минь зөв эсэхэд шинжилгээ хийх байлаа. Мөн хөгжмийн зохиолчтой ярилцахдаа их олон асуултад хариу авах байсан. Одоо бол Б.Шарав гуайн шавь нар, найз нөхөд, мөн түүний уран бүтээлд үнэлгээ, дүгнэлт өгч байсан хүмүүстэй уулзах хэрэгтэй болж байна.
Ардын дууг ардууд дуулах, мэргэжлийн дуучид тайзан дээр дуулах ондоо. Дууны аялгуу, хөгжмийг ардын авьяастнууд тоглох, мэргэжлийн хөгжимчид сонсогчдод хүргэх бас өөр. Хөгжмийн зохиолч тухайн дуунд сэдэвлэж төгөлдөр хуурт зориулсан бүтээл туурвихдаа энэ ялгаа, зөрүүг хэрхэн гаргаж, ямар аргаар илэрхийлсэн бэ гэдгийг таньж мэдэх нь миний нэг зорилго юм. Б.Шарав гуай хөдөө төрж, өссөн, бүр насанд хүртлээ нутагтаа байсан нь ардын дуу, хөгжимд суурилсан, сэдэвлэсэн хөгжмийн ямар ч төрлийн бүтээл туурвихад нь бага, залуу насандаа олж авсан мэдрэмж нь маш чухал нөлөөтэй байсан гэж бодож байна. Унгарын нэрт хөгжмийн зохиолч Барток гэж бий. Тэр хүн хотод төрж, өссөн ч, ихэвчлэн унгар ардын дуу, хөгжимд тулгуурлаж хөгжим бичсэн байдаг, тэр л сэдвийн бүтээлүүдээрээ алдаршсан. Тэгэхээр түүн шиг хөгжмийн зохиолч, манай Шарав гуай хоёрын хооронд сэтгэлгээний, арга барилын, агуулгыг илэрхийлэхийн тухайд ямар ялгаа байдаг вэ гэдгийг судалганы явцад гаргаж ирэх нь бас нэг зорилго.
-Та ардын дуу, хөгжимд хэр ойр вэ?
-Би хотод төрж, өссөн. Аав, ээж минь бас хотын хүмүүс. Мөн би Америкт долоо дахь жилдээ амьдарч байгаа маань угаасаа монгол ахуйгаасаа хол хүнд улам нэрмээс болж байна. Тийм болохоор би үүнээс илүүгээр Монголоосоо холдохгүйн тулд ядаж өөрийн мэргэжлийн орчинд Монголоо илүү мэддэг байхыг хүсэж байна. Одоо бол Америкт хаа ч байсан, таксид суугаад явсан ч Монголынхоо тухай ярьж, нэг ч гэсэн эерэг мэдээлэл өгөх сөн гэж хичээдэг. Улс орондоо жил ирэх тусам хайртай болоод байгаа. Энэ мэдрэмж Монголын хөгжмийн зохиолчийн төгөлдөр хуурт зориулсан бүтээлүүдийг судлахад, энэ эрдмийн ажлаар дамжуулж, далимдуулж тухайн хөгжмийн зохиолчийн бүтээлийг Америкт, цаашилбал Европт түгээх хүсэл эрмэлзэлтэй болгосон болов уу. Эрдмийн ажлаа мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлнэ. Олон хүн уншина. Тэр хэрээр монгол хөгжмийн тухай мэдээлэл улс орнуудад түгнэ. Докторын зэрэг хамгаалахдаа судалгааны ажлаа ярихын зэрэгцээ бүтээлүүдийг төгөлдөр хуурт тоглоно.
-Сонирхолтой хамгаалалт болох нь ээ.
-Уг нь тийм. Хөгжмийн зохиолч Б.Шарав гуайг өөд болсонд маш их харамсаж байна. Одоо ярьж байхад миний гарын үснүүд босоод байх шиг санагдаж байна. Би уулзаж, тухтай ярьж чадаагүйдээ биш, ид хийж бүтээх насандаа хорвоог орхисонд нь харамсаад барахгүй нь. Онгоцноос буунгуутаа шахам эмнэлэгт очсон л доо. Тэгэхэд бие нь нэлээд муу байсан. Намайг инээмсэглэж угтаад удаан харсан. “Ямар гээчийн нөхөр хаа холоос утсаар яриад, шалгаагаад байв аа” гэж бодсон байх л даа. Харж байснаа дахин инээмсэглээд толгой дохисноо “За, миний охин асуу, асуу. Ах нь чадахаараа хариулъя” гэсэн. Ердөө ганц асуултад хариулаад ядарсан. Ийм л юм болсон. Намайг хараад инээж, таатайгаар толгой дохисонд нь их баярласан. Зорьж ирсэн хамаг хэрэг минь бүтчих шиг л болсон. Ер нь би яагаад Монголынхоо аль нэгэн хөгжмийн зохиолчийн төгөлдөр хуурт зориулсан бүтээлүүдийг судалъя гэж зорьсон бэ гэхээр монгол хүний оюун ухаан, зүрх сэтгэлээс бүтсэн хөгжим дундаас өөрийгөө таних гээд, би болон бид хэн юм бэ гэдгийг мэдэх гээд байгаа юм. Энэ хүслээ Б.Шарав гуайн бүтээлүүдийг судалснаар биелүүлнэ гэж бодож байна. Яагаад гэвэл түүний хөгжим монгол.
-Тэр холоос хөгжмийн бүтээл судлахаар иржээ. Хөрөнгө санхүүг өөрөө шийдсэн үү?
-Би энэ чиглэлийн судалгаа хийхээр АНУ-ын Засгийн газраас санхүүждэг Америкийн, Монгол судлалын төвд хандсан юм. Юу хийхийг зорьж байгаагаа төсөл болгож бичээд, санхүүжилт хүсэхэд дэмжсэн. Тэргүй бол хэцүү байх байлаа. Сонирхолтой мэдээлэл хэлэхэд тус төвийн дэмжлэгээр манай улсад гадаадын 10 судлаач ирсэн. Би хөгжим судалж байгаа бол бусад нь манай улсын хууль, эдийн засаг, мусульман шашны байдлыг судлах гэх зэрэг ажлаар ирсэн. Монголчууд өөрсдийн хүчээр хийж барахгүй байгаа ажлуудын заримд ч болов тус төв санаа тавьж, судалгаанд зориулсан мөнгийг АНУ-ын Засгийн газраас гаргуулж байна. Эдийн засаг тааруу байгаа энэ цаг үед их тустай санагдсан.