Монгол улсын нийслэл Улаанбаатар хот хөрсний бохирдол болон орчны бохирдлоороо дэлхийн хэмжээнд эхний тавд жагсдаг талаарх мэдээ дэлхий нийтийн мэдээллийн хэрэгслээр өнгөрсөн жил цацагдсан байдаг.Тус мэдээлэл гарахаас өмнө Нийслэлийн мэргэжлийн хяналтыг газраас орчны бохирдлын талаар судалгаа хийхэд Сонгино хайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр хамгийн их бохирдолтойгоос гадна хөрсөндөө их хэмжээний хар тугалга агуулдаг болох нь нотлогдож байсан. Тус мэдээлэл нь монгол хүн өөрийн газар нутагтаа эрүүл оршин суух боломжгүй гэсэн агуулга бүхий мэдээ байсан боловч түр хугацааны дараа тухайн мэдээлэл нь энгийн мэдээ мэт чимээгүй болсон нь үнэхээр харамсал төрүүлмээр. Энэ мэдээллийг яагаад хүргэж байна вэ гэж та гайхаж магадгүй. Монгол хүн бүрд хөрсний бохирдол занал хийлж байгаа гэсний дахин сануулах гэсэн оролдлого юм. Энэ ч гүний усанд нөлөөлж байгаа гэдгийг ч хөрс судлаачид баталсан байдаг.
Гэтэл арав гаруй хоногийн өмнө дэлхийн 120 гаруй оронд сүлжээтэй KFC түргэн хоолны Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах зайсан дахь салбарт үйлчлүүлсэн иргэд энэ сарын 12 ноос эхлэн халдварт өвчний шинж тэмдэг гэсэн зовууртайгаар Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандаж эхэлсэн байдаг. Одоогоор 240 гаруй иргэн түргэн хоолны газрын бүтээгдэхүүнээс хордож 48 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарласан. Тус тоо дахин нэмэгдэх эсэх нь тодорхойгүй байгаа.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын лабораторийн шинжилгээгээр KFC ээс 133 дээж авахад нийт дээжийн 6,7 хувь нь эрүүл ахуйн стандартын шаардлага хангаагүй, 4 өвчтөн 21 ажилчнаас авсан шинжилгээгээр шигеллийн төрлийн нян илэрсэн бол ундны уснаас халуунд тэсвэртэй гэдэсний савханцар, нитратын бохирдол илэрсэн нь ус удаан хугацаагаар бохирдолтой байсны баталгаа гэсэн мэдээлэл хүргэсэн. Мөн иргэдэд өгч байсан ундаанаас E колли нян, тахианы ясгүй мах болон 39 арчдас шинжилснээс гурав нь нянгийн бохирдол илэрсэн гэж мэдээллүүдийг тус тус өгсөн байдаг. Тус мэдээллийн дараагаар зайсангийн орчны усанд дахин шинжилгээ хийнэ гэсэн мэдээллийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өгсөн байдаг. Гэвч дээрх нян нь хөрсний бохирдлоос үүссэн гэхэд нэлээд маргаан дагуулж магадгүй гэдгийг хөрс судлаачид хэлж байгаа юм.
Хэрэв зээ байгалийн хүчин зүйлээс бус дотоод орчны бохирдлын үйл ажиллагаа доголдол, түүхий эдийн зохисгүй хадгалалтаас үүдэлтэй нянгийн бохирдол илэрсэн дахин тодорхой болвол хариуцлагыг “Таванбогд фүүдс” ХХК үйлчлүүлэгч болон монгол хүмүүсийн өмнө хүлээх үүрэгтэй. Цаашлаад нян тээгчтэй ажилтныг зургаан жил ажлуулсан нь буруу гэсэн дүгнэлтийн үндсэн дээр бус Монгол хүний эрүүл биед хариуцлагагүйгээр хандсан “Таван богд” группийн буруу.
Хэзээнээс бизнесийн байгууллагууд хүний эрүүл мэндэд зохистой стандартыг дагуух бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхлэх вэ? Бид гаднын оронд бус Монгол улсдаа амьдарч байгаа эгэл жирийн гэм буруугүй иргэд. Үүнээс үүдээд танд сануулъя. Үндсэн хуулийн 12 зүйлийн хоёрд зааснаар хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдлаас хамгаалуулах эрхтэй гэж заасан байдаг. Монгол хүн бүр хуулиа дээдэлсэн ардчилсан нийгэмд амьдармаар байна. Бидэнд үйлчлүүлээрэй гэсэн тааламжит сурталчилгааны чинь дагуу очиж үйлчлүүлж байгаа иргэдэд хэнэггүй байдал , мөнгөний төлөө шунагч “Таванбогд фүүдс” ХХК занал хийлэх ёсгүй гэдгийг хуулиар заасныг бид нотолж байна.
Мөн нөгөө талаар Монгол улс дэлхийн стандартыг өөрийн улсдаа нутагшуулж байгаагаас гадна өөрийн гэсэн журмын дагуух стандарттай улс. Гэтэл сүлжээ хоолны газрууд хүний эрүүл мэндэд занал хийлж байгаа нь үйлчилгээний байгууллагууд шат шатандаа стандартаа хэрэгжүүлэхгүй хээл хахууль, авилгалаар асуудлаа шийдэж цаасан дээр буулгадгийн томоохон жишээ нь энэ юм. Стандартыг хэрэгжүүлэх ёстой гээд журамлаад заагаад өгсөн л бол үүргээ биелүүлье. Иргэд бид ч гэсэн үйлчилгээний байгууллагуудын үүргээ биелүүлэхийг шаардая.