БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нэгэн өндөр өртөгтэй тендерийг будлиантуулсан тухай мэдээлэл хэд хоногийн өмнө зарим хэвлэлээр гарсан. Сануулбал, 12 тэрбум төгрөгийн өртөг бүхий Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлгийн барилгын тендерийг мань сайд хувийн сонирхлоор шийдсэн тухай юм.
Гэтэл энэ тендерийг авахын тулд сайд Ц.Цогзолмаа маш ноцтой үйлдэл хийсэн байна. Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулийн Хавсралт 2-т заасан “ Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2018 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын XIII.1.1.4-т “Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлгийн барилга төслийн Монголын талын хөрөнгө /Улаанбаатар/, эхлэх хугацаа 2015, дуусах хугацаа, төсөвт өртөг 12.900, санхүүжүүлэх дүн 5.00” гэж заажээ.
Гэтэл сайд Ц.Цогзолмаа 2018 оны тавдугаар сарын 05-ны өдрийн А/299 тоот “Жагсаалт батлах тухай” тушаалаараа 2018 оны Төсвийн тухай хуулийн Хавсралт 2-ыг хуулж тавиад “XIII.1.1.4.1. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн барилга” гэж нэмэлт оруулж бичсэн байна.
Сайд Ц.Цогзолмаа үүнээс 40 хоногийн дараа тендер зарлахдаа Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулийн Хавсралт 2-т зааснаар нь буюу “Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлгийн барилга төслийн Монголын талын хөрөнгө /Улаанбаатар/, эхлэх хугацаа 2015, дуусах хугацаа, төсөвт өртөг 12.900, санхүүжүүлэх дүн 5.00” гэж зарласан байгаа юм.
Асуудлын гол нь энэ. Маш ноцтой.
Үүнээс цаашаа бол энэ том төслийг “Эрдэнэт Орчлон” хэмээх компани ямар ч өрсөлдөгчгүйгээр “өрсөлдөөд” авчихсан байгаа юм. Сүүлийн хэдэн жил барилгын компаниуд ажилгүй суугаад яаж баларч байгааг бид мэднэ.
Энэ ажиллагааг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Т.Ням-Очир гүйцэтгэсэн. Ингэхдээ ч бас ноцтой алдаануудыг гаргасан байна. Тэрээр“Эрдэнэт Орчлон” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг 2018 оны долдугаар сарын 19-нд үйлдэхдээ хоёр ноцтой зөрчил гаргасан. Нэгэнт буруу эхэлсэн ажиллагаа цаашаа бүр “далийгаад” явчихсан байгаа юм.
Эхний бичгийг яамны бланк гаргаж, тэгэхдээ сүүлийн хэсэгт нь “Шаардлага хангасан гүйцэтгэлийн баталгааг энэхүү мэдэгдэл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор ирүүлээгүй нь гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгох үндэслэл болно” гэсэн байна.
Уг ньсайд Ц.Цогзолмаагийн уг төслийг өгөхөөр бэлдсэн “Эрдэнэт Орчлон” ХХК төслийн нийт өртгийн 5.0 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг 2018 оны наймдугаар сарын 2 гэхэд байршуулсан байх ёстой. Тэгэхгүй бол тендерийг хүчингүйд болгож, дахин зарлах учиртай.
Тиймээс дээрхтэй яг нэг огноотой бичиг үйлдсэн байгаа юм. Хамгийн ноцтой нь тэр албан бичгийг Ц.Цогзолмаагийн бланк дээр бичээд, сүүл хэсэгт дээр дурдсан 14 хоногийг 21 хоног болгосон байна. Харин гарын үсгийг Т.Ням-Очир зурсан байгаа юм.
Энэ асуудлаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Т.Ням-Очир хуулийн өмнө дуудагдах нь нэгэнт тодорхой.Бас болоогүй, нөгөөх “Эрдэнэт Орчлон” ХХК нь гүйцэтгэлийн баталгааг хуулийн хугацаанаас дөрөв хоног хэтрүүлж банкинд байршуулсан.
Өөрөөр хэлбэл, сайд Ц.Цогзолмаа “Эрдэнэт Орчлон” ХХК-ийг тендерт ялуулахын тулд өөрт байгаа бүх эрх мэдлийг ашиглан хуулийг өөрчилж, уландаа гишгэсэн байгаа юм.
Асуудал ингээд дууссангүй. “Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлгийн барилга төслийн Монголын талын хөрөнгө /Улаанбаатар/” гэсэн нэрээр зарласан тендерийн гүйцэтгэлийн гэрээг 2018 оны наймдугаар сарын 6-нд байгуулахдаа “Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих АШУҮИС-ийн эмнгэлгийн барилга төслийн Монголын талын хөрөнгөөр хэрэгжих АШУҮИС-ийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ” гэж байгуулжээ.
Ингээд 2018 оны аравдугаар сарын 4-нд нь 856.327.994 төгрөгийн төлбөрийг БСШУСЯ-аас “Эрдэнэт Орчлон” ХХК-ийн данс руу шилжүүлжээ.
Үүнээс гадна бас нэг ноцтой сэжим илэрч байгаа юм. “Эрдэнэт Орчлон” ХХК-тай гэрээ байгуулаад удалгүй захирлынх нь хүүг яамныхаа мэргэжилтнээр ажилд томилсон байна.
Эндээс үзвэл сайд Ц.Цогзолмаа нь Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын төсөвт 2018 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, орлого төвлөрүүлэх байгууллага, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого, төсвийн ерөнхийлөн захирагчид төсөв зарцуулах эрх олгох, Төсвийн тогтворжуулалтын сан болон Ирээдүйн өв санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээ, Ирээдүйн өв сангаас улсын төсөвт олгох шилжүүлэг болон улсын төсөвт төлөх өглөг барагдуулалтын хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 2.1-д “Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасны зөрчсөн.
Мөн Төсвийн тухай хуулийн 3.4-д “Төсвийн харилцааг зөвхөн энэ хуулиар зохицуулах бөгөөд орон нутаг, салбарын үйл ажиллагаанд санхүүжилтийн эх үүсвэрийн хэмжээг хуульчлан тогтоох, түүнийг хуваарилах аливаа харилцаа үүнд нэгэн адил хамаарна”, 14.2.3-д “өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах”, 24.4-т “Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно”, 29.3.2-т “улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт багтсан төсөл, арга хэмжээний нийт өртөг, эхлэх болон дуусах хугацаа, төсвийн жилд зарцуулах хэмжээгээр тусгах”, 41.2.3-т “төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж, тайлагнах” гэснийг тус тус зөрчсөн байна.
Эрх баригчид хоорондоо дайтаж, олны анхаарал тийш хандаад байгаа ийм үед иймэрхүү үйлдэл дарагдаад өнгөрөх магадлал өндөр.
Гэвч Засгийн газрын нэг сайд хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн Монгол Улсын хуулийг засч, улсын төсвийн 12 орчим тэрбум төгрөгийн өртгөтэй тендерийг “өөрийн “компанидаа өгсөн гэмт хэрэг дарагдаад өнгөрөх ёсгүй юм.
Эх сурвалж: news1.mn Д.Бат-Очир