Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгойгоос Гашуунсухайт, Ганцмод боомтын чиглэлийн уртын урт тээврийг цуцалж, урт-богино болгохоор шийдвэрлэсэн. Үүнтэй хобоотойгоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэж буй жолооч нарын нийгмийн асуудалд анхаарах талаар салбар тус бүрт үүрэг чиглэл өгсөн юм. Тухайлбал, нүүрс тээвэрлэгч жолооч нарын цалинг нэмэх, тэдний нийгмийн баталгааг хангах, жолооч нарт зориулсан иж бүрэн үйлчилгээний цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлэх, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, тогтмолжуулахыг чиглэлийн яамдад үүрэг болгосон.
Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвөөс холбогдох бусад яам, тамгын газрын албаны удирдлагуудыг оролцуулан тээвэрлэгч аж ахуй нэгж, нүүрс тээврийн жолооч нар, төрийн бус байгууллагуудын төлөөллүүдтэй уулзалт зохион байгуулж холбогдох арга хэмжээг шуурхай авч эхэллээ.
Тухайлбал Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар, Автотээврийн үндэсний төвийн дарга П.Дэлгэрнаран нар гадаадын хөрөнгө оруулалттай тээвэрлэгч аж ахуй нэгжийн удирдах албан тушаалтнуудыг хамруулсан уулзалт зохион байгуулсан юм. Тус уулзалтаар Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлэхэд аж ахуй нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд жолооч нарт нэг удаагийн рейс буюу бүтэн эргэлтээр тээвэрлэлт хийх цалин хөлсийг олгохоор тогтлоо. Тодруулбал, нүүрс тээврийн замд олон хоног дараалалд зогсож, машиндаа амьдарч буй жолооч нартаа тээвэрлэгч аж ахуй нэгжүүдийн удирдлагууд тус тусын компаниудад харьяалагддаг жолооч нартаа нэгдмэл байр суурьтайгаар дээрх мөнгөн тусламжийг үзүүлэхээр болсон байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд зарим аж ахуй нэгжүүд энэхүү мөнгөн туслажийг жолооч нартаа олгож эхэлсэн талаар албаныхан хэлж байна.
Мөн Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай өнөөдөр уулзаж, жолооч нарыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ оношлогоо хамруулах, хөдөлмөрийн нөхцөлтөй холбоотой өвчлөлийн судалгааг гаргуулах, өвчлөлийн төрлөөс хамаарч цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг шат дараатайгаар хамтарч хэрэгжүүлэхээр тохирлоо.
ЗТХЯ болон АТҮТ-ийн удирдлагууд дээрх арга хэмжээг нэг удаагийн гал унтраах байдлаар бус, цаашид нүүрс тээвэрлэлтэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд шат шатандаа зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргах шаардлагатай хэмээн үзэж холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулсан өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг ЗТХ-ийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэллээ.