“Мөрөөдлийн теарт”-ын жүжигчин СТА Г.Алтаншагайтай ярилцлаа. Тэрбээр “Дундын хүүхэн” нэртэй насанд хүрэгчдэд зориулсан драмын урлагийг шоуг урлагтай хослуулсан шинэхэн, сонирхолтой бүтээлээ үзэгчдийн хүртээл болгохоор тун завгүй ажиллаж явна.
-Зуншлага сайхан болж өнгөрлөө. Таны хувьд энэ зун хэрхэн өнгөрсөн бэ, амарч чадсан уу?
- Зуны амралт сайхан болж өнгөрлөө гэр бүлээрээ Хөвсгөл явж амарлаа. Нутгаараа явлаа. Бас “Оюунлаг” продакшны “Онцгой даалгавар” бүрэн хэмжээний инээдмийн кинонд дүр бүтээсэн. Хүн ер нь үзээгүй газруудаасаа жилд ядаж нэгийг нь үзэх ёстой гэдэг. Энэ жилийн хувьд “Төвхөн” хийд рүү анх удаагаа явж үзлээ. Үнэхээр дуу алдам сайхан газар байсан. Мөн Эрдэнэтийн 40 жилийн ой, Төвийн бүсийн хурд зэрэг олон сумдын ойн баярт оролцож, аялангаа ажиллаа. Оройн шоу арга хэмжээ, тоглолтыг зохион байгуулсан. Одоо ажилдаа орчихоод байж байна.
-Мөрөөдлийн театр одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Есдүгээр сарын 7-ноос шинэ тоглолт эхлэх гээд бэлтгэл ажлаа хийж байна. “Дундын бүсгүй” нэртэй драмын урлагийг шоуг урлагтай хослуулсан шинэ бүтээл маань хоёр хэсгээс бүрдэнэ. Насны хувьд +18 насныханд зориулсан. Гэхдээ зүй бус үг хэллэг, үзэгдэлгүй, өнөөгийн нийгэмд болохгүй байгаа зүйлийг урлагийн хэлээр үзэгчдэд хүргэхээр зорьж байна. Найруулагчаар Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар ажиллаж байгаа юм. Мөн манай багт жүжигчин Ц.Алдармаа, А.Туяа нар оролцож байна. Яагаад “Дундын бүсгүй” хэмээх нэрийг өгснийг үзэгчид ирж үзээд ойлгох л үлдэж байна даа. Ер нь “Мөрөөдлийн театр” хошин урлагаас гадна шоу драмын төрлөөр тоглодог. Шоу драмын чиглэлээр олон жүжиг үзэгчдийн хүртээл болгоод байна. Тухайлбал, хамгийн анх “Миний нууц хүү” жүжгийг тавьж байсныг үзэгч олон санаж байгаа байх. Энэ нь “Мөрөөдлийн театр”-ын нэрийн хуудас болсон бүтээл юм. Бид дараа нь Шведийн зохиолыг орчуулж, Монгол хөрсөн дээр буулгахаар ажиллаж байна. Цаашид шоу драм чиглэлээр, мэргэжил рүүгээ ойртсон, шинэ шинэлэг санаачилгыг хайсан, эрэлхийлсэн, хүмүүст сонирхолтой байдлаар хийхээр төлөвлөөд байна.
-Хошин урлагийг өөнтөглөх хүн цөөнгүй. Ер нь хошин урлагийг шинэчлэх цаг болсон ч гэж ярьдаг. Таны ярианаас хошин урлагт шинэлэг зүйлийг нэмж, шинэчилж байна гэж ойлгож болох уу?
-Ардчилал гарч байсан шилжилтийн хэцүү үед хошин урлаг анх шинэ шатанд байгуулагдан ажиллаж эхэлсэн. Тэр үеийн Б.Батзаяа, Д.Батсүх, Д.Сосорбурам гэх мэтчилэн уран бүтээлчид 30-иад жил Монголын үзэгчдийг үзэх юмтай байлгаж чадсан. Сүүлд сошиал ертөнц хөгжиж, хүмүүс бие биенийгээ муулах дуртай болсон болохоор хошин урлагийнхныг муу хэлж байна. Нөгөө талаасаа аливаа юм шинэчлэгдэж байх ёстой. Бид нар ч гэсэн үзэгчдийнхээ зарим нэг саналуудыг харгалзаж үзэн, шинэчлэгдэх цаг нь болсон байна гэж үзсэн. Тиймээс драмын урлаг руу чиглэсэн, илүү мэргэжлийн бүтээл туурвиж байна. Ц.Гамбаа, Л.Сөрөлт, Г.Эрхэмбаяр бид бүгдээрээ СУИС-ыг төгссөн нэг үеийн төгсөгчид. Эрхэмээ бид хоёр драмын театрт ажиллаж байсан. Бид өөрсдийгөө шинэ шатанд гаргаж, юмыг шинэчилж дахиад үзэгчдээ шинэ бэлэг барихыг мөрөөдөж байна. Манай жүжгийг үзсэн үзэгчид маань бас нэг зүйлийг бодох байх. Бид үзэгчдэдээ гологдож болохгүй, дандаа шинэ зүйлүүдийг хүргэх ёстой. Үүнд цаг хугацаа хэрэгтэй.
-Та өмнө УДЭТ ажилладаг байсан. УДЭТ-ын тайз гэдэг жүжигчний мэргэжил эзэмшсэн хүн бүрийн хүслэн болсон тайз. Энэ тайзыг орхиж хошин урлагт хөл тавьсан нь энэ талдаа илүү сонирхолтой байсных уу?
-Мэдээж хүсэл эрмэлзлээрээ өөрийнхөө юмыг байгуулж үзье ажиллая, хөдөлмөрлөе, хамт олонтойгоо нэгдье гэж бодоод УДЭТ-аас өрх тусгаарлаад долоон жил өнгөрчээ. Энэ хугацаанд үеийнхээ найзуудтай нийлж өөрсдөө шинэлэг сайхан зүйлийг бүтээж, өөрсдийн толгойгоо ажиллуулж, өөрсдийнхөө хүчийг үзэж байна. Мөн өөрөө өөртөө болон амьдралд тавьж байгаа том шалгууруудын нэг л дээ. Одоо бодоход Г.Эрхэмбаяр бид хоёрын энэ шийдвэр зөв байсан бид оносон.
-Та анх урлагт хэрхэн хөл тавьж байв?
-Миний аав урлагийн хүн. Аавыгаа дагаад бүр нэг хоёрдугаар ангид байхаасаа л тайзан дээр гарсан. Сургуулийнхаа бүхий л юманд оролцдог байлаа. Харин яг мэргэжлийн тайз гэвэл драмын театрт 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан жүжгийн Зэлэмийн дүрд тоглосон. Ингэж анх том тайзан дээр гарж байлаа.
-Та өсвөр насандаа хэр мөрөөдөмтгий хүүхэд байв, юуг мөрөөддөг байсан бэ. Одоо эргэн харахад мөрөөдөл тань биелсэн үү?
-Миний багын мөрөөддөг 30 гаруй хувьтай байна гэж хэлж болно. Ер нь их мөрөөднө. Мөрөөдлөө зорилго болгож зорилгоо биелүүлэхийн төлөө явдаг. Бага байхдаа урлагийн хүн болно гэж мөрөөддөг байсан нь биелсэн. Дараа нь өөрийн гэсэн хамтлаг байгуулж олны танил болоод мундаг жүжигчин болох юмсан гэж мөрөөддөг байсан. Одоо үүнийхээ эхлэлээс нь дөнгөж атгачихаад явж байна. Хамгийн гол нь хүмүүс мөрөөдлийг мөрөөдөл чигээр нь орхиж, түүнийгээ мөрөөдөөд өнгөрөх бус мөрөөдлөө амьдрал дээр хэрэгжүүлэх л хэрэгтэй. Үүний тулд илүү хөдөлмөрлөх хэрэгтэй. Зарим хүмүүс мөрөөдөхөд мөнгө төлөх биш гэдэг. Мөнгө төлдөг болсон ч хүн мөрөөддөг л байх хэрэгтэй. Яагаад гэвэл мөрөөдөлтэй байснаар хүн амжилтад хүрдэг. Харин мөрөөдөхгүй байх юм бол юуны төлөө ажиллаж, амьдрах юм. Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө л ажилладаг байх ёстой. Мөрөөдөлгүй бол зорилгогүй, амьдрал утгагүй. Тэгэхлээр хүн болгон мөрөөдөлтэй түүнийгээ зорилго болгож биелүүлдэг л байх хэрэгтэй. Миний хувьд мөрөөдөл эхнээсээ биелж байна. Гэр бүл, үр хүүхэдтэй болоод сайхан айл болно хэмээн мөрөөддөг байсан. Одоо хоёр хөөрхөн хүүтэй, сайхан амьдралыг цогцлоож, хамт олонтой болон бусад залуучуудын адилаар урлагийн салбарт ажиллаж явна. Тэгэхдээ би өөрийгөө харьцангуй амжилттай ажиллаж яваа гэж боддог.
-Цаашид ямар зорилгыг урдаа тавьсан байгаа вэ?
-“Хар сувдны нууц” киноныхоо хоёр дугаар ангийг хийх гээд зураг авалтаа эхлүүлэх гэж байна. Мөн аравдугаар сард европын орнуудаар явна. Одоогоор хамгийн эхэнд биелүүлэхээр зорьж байгаа ажил есдүгээр сарын 7-ноос ҮЭСТО-нд тавигдах “Дундын бүсгүй” жүжгээ үзэгчдэд хүлээлгэж өгөх юм. Үүний араас орон нутгийн ажил үргэлжилнэ. Түүний дараа гадагшаа тоглолтоо хийнэ. Бас нэг томоохон хэмжээний уран сайхны кинонд орохоор төлөвлөж байна.
-Өмнөх дүрүүдээс тань хамгийн хайртай, сэтгэлд хоногшсон дүр байдаг уу?
-Зөндөө бий. “Ийм нэгэн дурлал”-ын Тулгаагийн дүрдээ хайртай “Мойлхон” киноны Содном, одоо бас шинээр хийсэн “Онцгой даалгавар” кинонд ламын дүрд тоглосон энэ их хөөрхөн дүр болсон. Улсын тэргүүний уран сайханч гээд хошин урлагийн тайзан дээр тоглосон тэр дүр маань хүмүүст их хүрсэн байдаг. Ер нь хайртай дүр зөндөө байгаа. Би ер нь олдсон, урдаа байгаа дүрээ л мэргэжлийн хэмжээнд урлаж байх хэрэгтэй гэж боддог. Би инээдмийн жанерт ч тоглодог, драмын театрт тоглодог, ганцаарчилсан өгүүллэг уншдаг. Бүх жанер дээр л тэнцүүхэн байхыг хичээдэг. Олон сайхан түүхэн кинонд тоглож байв. Драмын театрын тайзан дээр гарч байсан. Тэгэхлээр найруулагчийн өгсөн, надад олсон дүрдээ тултал нь тоглохыг хичээдэг.
-Та урлагийн тогоонд олон жил “чанагдаж” байна. Одоо эндээс харахад урлагаас та юуг олж авсан бэ?
-Хүмүүжил, хөдөлмөрч зан чанарыг олж авсан гэж хэлнэ. Хөдөлмөрч байх, үргэлж өөрийгөө хурцалж, бэлдэж байх хэрэгтэй. Хөдөлмөрлөж байж л амжилт ирэх юм байна гэдгийг ойлгосон доо. Цаашид ч илүү сайн хөдөлмөрлөж олон сайхан бүтээл гаргах хэрэгтэй. Урлаг бол хүнийг зөв болгодог. Хувь хүн гэхээсээ илүү бусдын төлөө, амьдралын төлөө байлгаж чаддаг тийм зан чанарыг суулгаж чаддаг. Урлаг бол хүнийг маш сайн хөгжүүлж чаддаг “зэмсэг” гэж хэлнэ.
-Дээр дурдсанчлан танд төлөвлөсөн их ажил байна. Ер нь урлагийн хүн зав муутай байдаг. Таны гэргий сэтгүүлч хүн. Сэтгүүлчийн ажил ч бас цаг наргүй. Та хоёр гэр бүл, хүүхдүүддээ хэр цаг зарцуулж байна вэ?
-Би бол урлагийн хүн гээд гэр бүлдээ анхаарал тавихгүй явж болохгүй. Аль болох гэр бүлдээ цаг гаргахыг хичээдэг, гаргадаг. Ажил, амьдралаа зэрэг амжуулаад явахаас аргагүй. Гэхдээ тоглолтын бэлтгэл эхэлсэн үед үнэхээр цаг бага байдаг. Өглөө гараад орой орно тэр битгий хэл хүүхдүүдтэйгээ хоёр гурав хоног уулзахгүй ажиллах үе ч гарна. Тэр үед бие биенийгээ их санасан байдаг. Ядарснаа ч мартаад хоёр хүүтэйгээ тоглоно. Тэгээд нэг сайхан цэнэг аваад маргааш өглөө нь эрч хүчтэй ажилдаа гараад явах хамгийн сайхан. Гэр бүлээрээ хөдөө гадаа амралтад явахыг их боддог. Би ер нь гэр амьтай, болж л өгвөл гэрлүүгээ явахыг боддог доо. Ер нь өрх гэр толгойлсон, аав хүн гэр бүлдээ л их цаг гаргах нь зүйтэй. Ажил амьдарлаа зохицуулаад аль нэгийг нь орхигдуулахгүй л явах хэрэгтэй. Манай салбарт ажиллаж байгаа зарим хүмүүс “Амжилт олохын тулд олон зүйлийг золиосолсон” гэдэг. Би бол тэгж боддоггүй. Ямар нэг юм золиосолж амжилт олно гэдэгтэй санал нийлдэггүй. Харин ч тэр тусмаа бүгдийг нь амжуулаад нь өөртөө хүч, цэнэг өгч ажлаасаа кайф авч ажиллах ёстой. Түүнээс биш нэг зүйлийг золиосолж амжилт олж болохгүй.
- Таны баримталдаг зарчим юу вэ?
-Би нэг л зүйлийг өөрийнхөө амьдрал дээр дадал болгож хэрэгжүүлж явахыг боддог. Энэ нь ажлынхаа ард гардаг байх, үнэнч байх. Хоёргүй сэтгэлээр дуртай зүйлээ хийж чадах юм бол амжилт ойрхон байдаг. Дуртай зүйлийнхээ үзүүрээс атгаарай тэгвэл амжилт яг ирнэ. Хүн дуртай зүйлээ хийсэн тохиолдолд амжилтаас холуур өнгөрнө гэж хэзээ ч байдаггүй.
-Ярилцлага маань өндөрлөж байна. Сүүлийн асуултыг танд үлдээе?
- Сайхан ярилцлага боллоо. Танай хамт олонд ажлын амжилт хүсье. Намрын ажил ид ундарч байна. Бидний ажил үйлс бүтэмжтэй, зорьсон зорилтдоо хүрээсэй. Би нэг гоё үгээр ярилцлагаа дуусгая. Байхгүй зүйлийнхээ төлөө шаналж байхаар байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай бай. Гэвч байхгүй зүйлээ байлгахын төлөө байнга хөдөлмөрлөхөө санаж бай.
-Ярилцсанд баярлалаа.
Р.Хишигжаргал