Баянзүрх дүүргийн хэмжээнд энэ сарын 12-ны өдрөөс гэр хороолол дундах шороон замыг хусч, тэгшлэх мөн орон сууцны хороолол доторх хатуу хучилттай авто замын нөхөх, сэргээн засварлах ажлыг эхлүүлсэн билээ. Иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хийж буй бүтээн байгуулалт, тохижилтын ажлын хүрээнд дүүргийн НҮГ-3 ОНӨААТҮГазраас 3 дугаар хороо буюу Сансарын тунель орчмын орон сууцнуудын дундах замыг нөхөх, сэргээн засварлах ажлыг өнөөдрөөс хийж эхэллээ.
Дашрамд дурдахад, төлөвлөгөөний дагуу НҮГ-3 ОНӨААТҮГазраас дүүргийн 15 байшин хороонд нийт 1976 м.кв талбайн замын нөхөөсийг хийж, сэргээн засварлах юм. Харин өнгөрсөн хугацаанд тус газраас дүүргийн 22 дугаар хорооны ‘’Төгөл хус’’ хотхоны 100 м.кв талбайн хатуу хучилттай авто замын нөхөөсийн ажлыг амжилттай хийж гүйцэтгээд байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.