Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн засаг даргын ивээлээр хэдэн арван сая төгрөгөөр угжуулсан “Никитон” хамтлагаас ХҮҮХДИЙН ПАРК-ийг авар­ъя!

Нийслэлийн засаг даргын ивээлээр хэдэн арван сая төгрөгөөр угжуулсан “Никитон” хамтлагаас ХҮҮХДИЙН ПАРК-ийг авар­ъя!

Хүүхдийн парк дахь тоглоом дээр тоглож байсан хүүхдүүд амиа алдахаа шахсан ноцтой хэрэг өчигдөр гарлаа.  Ердөө л зуны гурван сарын хугацаанд хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлдэг нэртэй ХҮҮХДИЙН ПАРК гэх тодотголтой  газар үнэн хэрэгтээ хүүхдүүдэд ээлгүй газар болж хувирсныг өчигдрийн жишээ бэлхнээ гэрчилнэ. ҮСАХ-ийн гүйцэтгэх захирал Б.Батнягт гэж нөхөр ослын талаар хэвлэлд ярихдаа “Эвдрэл гарсан даруйд бид эмнэлэг, цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн. Цагдаагийн байгууллага хариуцан ажиллаж байгаа учраас надаас мэдүүлэг авсан юм. Сая л дууслаа. Өрөөнөөсөө гарч нөхцөл байдалтай танилцаж амжаагүй л байна...  Манайд ажиллаж буй ихэнх тоглоомууд 8 дахь жилдээ ашиглаж байна. Зарим нь дөрвөн жил ажиллаж байгаа. Өнөөдөр техникийн бүрэн бус байдлаас болж хүүхдүүд гэмтсэн учраас бид хариуцлагаа хүлээх болно” гэжээ.

Мэдээж тэд хариуцлага хүлээх ёстой. Хэрэв хүүхдийн амь нас үрэгдсэн бол ямар ч хариуцлага хүлээлээ гээд хүүхэд эргээд босч ирэхгүй. Золоор энэ удаа хүүхдүүд бэртээд өнгөрлөө. Гэхдээ битүү гэмтэл доргилт авсан бол тодорхой хугацааны дараа хүүхдүүдийн биед сөрөг шинж тэмдэг илрэхгүй гэх баталгааг хэн ч өгч чадахгүй. Тэгэхээр Хүүхдийн парк гэх мөртөө тоотой хэдхэн тоглоомтой, тэдгээрийнхээ аюулгүй байдлыг бүрэн шийдэж чадахгүй байгаа Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн ХХК-тай хариуцлага тооцох хэрэгтэй юм.

Ер нь энэ Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн ХХК анхнаасаа л Монголын хүүхдүүдийг хулхидсан. 2010 онд “Үндэсний соёл амралтын хүрээлэн” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг  татан буулгаж, дэлхийн жишигт нийцсэн “Disney land” барина гэж Япон улсын “Иточу” корпорацтай хамтарсан хөрөнгө оруулалттай компани байгуулан хувьчилж авсан ч, өдгөө Хүүхдийн парк байх ёстой орон зайд хөлчүү шоучид хөлхдөг болсныг бодит байдал гэрчилнэ.

Хүүхдийн парк л юм бол хүүхдийн л эрх ашгийн төлөө үйлчилдэг газар байх ёстой биш үү. Гэтэл нийт газрынх нь багахан хэсэгт хэдхэн тоглоом ажиллуулсан болчихоод нэжгээд газар дээр нь “Бодь”, MCS, “Мон-Уран”, “Сөүл” групп, “Шунхлай” гэсэн мангасууд дуртайгаа хийж буй.

Бүр болоогүй Монголын рок попын акулуудын нэг гэгддэг “Никитон” хамтлаг Хүүхдийн паркийг хөлчүү шоучдын цэнгээний газар болгож буй  асуудлыг манай сайт өмнө нь хөндөж байсан билээ.

Хүүхдийн паркад тоглох гэж очсон хүүхдүүд тоглоомтой хамт унаж, бэртэх эрсдэл байгаагийн зэрэгцээ “Никитон” клубээр үйлчлүүлж, ууж наргиж, цөс нь хөөрсөн согтуу залуусын хөлд үрэгдэж, бэртэж гэмтэх эрсдэл ч бас бийг тодотгоё. Шулуухан хэлэхэд манай залуус ууж идэх соёлд суралцаагүй. Амсахаараа арслан мэт авирладаг нь олон гэдгийг хэн ч мэднэ. Гэтэл Хүүхдүүд тайван байх ёстой орчинд хөлчүү хүмүүс олноороо байх нөхцөл боломжийг олгож байна гэдэг харамсалтай. Өмнө нь өгүүлж байснаа эргэн сануулахад, урлагийнхан жинхэнэ утгаараа нийгэмд үлгэрлэх ёстой үүргийг хүлээсэн байдаг. Тэр утгаар нь харвал Хүүхдийн парк хүүхдийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулах ёстой гэж дуугарах ёстой төлөөллүүдийн нэг нь “Никитон”-чууд баймаар.

Гэтэл тэс эсрэгээрээ үйлдэл тэднээс гарч байгаа юм.  “Никитон” хамтлаг Монголдоо цор ганц хүүхдийн парк дотор баар нээн ажиллуулж, согтууруулах ундаагаар үйлчилж байна гэдэг тун хариуцлагагүй явдал. Нийгмийн оюун санаанд урлагаар дамжуулан гэгээ түгээх ёстой, тийм үүргийг хүссэн хүсээгүй хүлээгээд авчихсан “Никитон” хамтлаг зөвхөн хүүхдэд зориулагдах ёстой орчныг хүүхдүүдээс булааж байгаагаа ухаарч сэхээрэх цаг болжээ.

2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр  Хүүхдийн парк дотор нээлтээ хийсэн  NICITON LIVE MUSIC CLUB-ын үйл ажиллагааг шалгаж, нягтлаж, хүүхэдтэй ойр орчныг уушийн газар болгон хувиргаж буй асуудлыг цэгцлэхийг хотын удирдлагаас шаардах нь зөв гэж үзэж байна.

Эргэн санахад, Нийслэлийн Засаг дарга Су.Батболдын санаачилгаар Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын намар” нэгдсэн өдөрлөг, шоу болоход нийслэлийн төсвөөс 217 сая төгрөг гарч байсан. Харин тэр мөнгөний тэн хагас буюу 100 саяыг нь “Никитон”, Камертон хамтлаг хувааж авсан баримт цацагдаж байв. Тэгэхээр “Никитон” хамтлагийн хувьд нийслэлийн засаг даргын ивээлд байдаг дүр зураг харагдана.

Тэгвэл төсвийн мөнгөнөөс хэдэн арван саяар нь авч чаддаг  “Никитон” хамтлаг хүүхдийн паркад согтууруулах ундаагаар үйлчилдэг газар нээн ажиллуулж буй асуудлыг Хотын дарга С.Батболд Та дэмжиж байгаа юу гэсэн асуултыг албан ёсоор тавих хэрэгтэй байна.

Уг нь хүүхдүүдээс сайн сайхан ирээдүйг нь булаана гэдэг хамгийн том нүгэл билээ. Хүүхдийн төлөө хийх ажил их байна гэцгээх мөртлөө хэрэг дээрээ тэднээс ая таатай байх, хөгжих, баясах, бие биетэйгээ ойр байх, сайхан дурсамжууд бүтээх ирээдүйг нь, орчныг нь томчууд нь булаасаар байгаа энэ харамсалтай асуудлыг шийдэх хэрэгтэй байна.

Эх сурвалж: Шуурхай.мн Болор

Энэбишийн Мөнх-Очир эргэн ирлээ
Энэбишийн Мөнх-Очир эргэн ирлээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.