Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Р.Эрхэм 2012 оны 4-р сард бичсэн нийтлэлийг дахин хүргэж байна.

Одоогоос яг 2 жилийн өмнө нэгэн ноцтой үйл явдал өрнөсөн нь Оюу Толгойн Хөрөнгө Оруулалтын Гэрээ (ХОГ) хүчин төгөлдөр боллоо хэмээн эрх баригчид  яаруу сандруу мэдэгдсэн явдал байсан юм.Түүнээс  6 сарын өмнө буюу 2009 оны 10-р сарын 6-ны өдөр энэ ХОГ-нд (мөн түүнтэй салшгүй холбоотой 2 өөр гэрээнд) Төрийн ордонд сүр дуулиантайгаар гарын үсэг зурж маш ихээр яаравчлан хөөрцөглөж байсныг хүмүүс сайн санаж байгаа байх.

Эрдэмтэн, мэргэжилтнүүд, иргэний хөдөлгөөнийхний бүхий л анхааруулга, санал зөвлөгөөг үл тоомсорлон  хөнгөн хуумгай үйлдсэн эдгээр гэрээ нь “бушуу туулай борвиндоо баастай” гэгчээр жам ёсоороо анхнаасаа эрх зүйн чадамжгүй хэлцэл болчихсон билээ. Энэ байдал ХОГ болон нэг хэсэг нууцалсан Хувь нийлүүлэгчдийн гэрээ олон нийтэд ил болох үед бүрмөсөн тодорхой  болсон.  Монголчуудад нэн ашиггүйгээр, тэгэхдээ бүр хамгийн адгийн хувилбараар хийгдсэн луйврын шинж чанартай, гамшгийн уршигтай гэрээ гэдэг нь олон түмэнд улам ойлгомжтой болохын хэрээр эрх зүйн хувьд эдгээр гэрээн дээр анхнаасаа үүссэн гацаа мухардал ил,далдуур улам ужгиран хурцадсан билээ.

Анхнаасаа эрх зүйн чадамжгүй гэдэг нь эдгээр гэрээ бүр байгуулагдаж эхлэх  үеэсээ Монгол Улсад үйлчилж буй хууль тогтоомжийг зөрчсөн, тиймээс  анхнаасаа хууль бус, тиймээс анхнаасаа хүчин төгөлдөр бус тохиролцоо мөн гэсэн үг юм.

 

 

Оюу Толгойн гэрээ хууль зүйг зөрчсөн

 

 

Энэ байдал маш олон баримтаар, маш олон үйл явдлаар хөдөлшгүй ноглогдож байгаа. Монголчууд энэ бүхний амьд гэрчүүд. Мэдээллийн хэрэгслүүдээр ч хангалттай гэхээр хэмжээнд баталгаажиж, нэгтгэгдэж цацагдсан. Үүнээс илүү илэрхий зүйл энэ хорвоод ховор гэхээр.

Нэлээд анхаарал татсан баримтад “Оюу Толгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний тухай” УИХ-ын 2009 оны 57-р тогтоол яах аргагүй ордог. Оюу Толгойн гэрээг ямар нөхцөл,болзлын үндсэн дээр байгуулж болох вэ? гэдгийг УИХ-аас Засгийн газарт бүр тусгайлан үүрэг болгож даалгасан энэхүү тогтоолын хамгийн чухал хоёр заалт (2. ба 3.)-ыг зөрчиж гэрээг байгуулсан нь дэндүү тодорхой байдаг.  Тухайлбал, ”Эрх зүйн орчныг бүдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг  50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн Газар (С.Баяр)-т үүрэг болгосугай” гэсэн 3-р заалтыг үл ойшоосны уршгаар эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар ямар ч арга хэмжээ аваагүй төдийгүй анхны хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа ердөө 2-5 жилд хэлбэлзэх боломжтой байх байсныг мэдсээр байж шууд үгүйсгэн 30 жилээр гэрээнд хатуу тогтоож УИХ-ын үүрэг,даалгаврыг илт гуйвуулан зөрчиж улс,үндэстэндээ асар их хохирол учруулахаар гаднынхантай тохиролцчихсон юм.

Энэ бүхнийг хүмүүс шүүмжлэн хөндөх болгонд эрх мэдэлтнүүд ичгүүр сонжуургүй худлаа ярин мэлзэн бултаж аргацааж буй билээ. Өөр нэг баримт дурдвал, “Ашигт малтмалын тухай” 2006 оны хуулийн заалт 5.6.-д “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина” гэж заасан байдаг.

Тэгвэл үүнийг бүрэн зөрчиж, харин ч  бүр эсрэгээр нь ямар ч хувьцаа арилжихгүй байхаар гэрээнд тохиролцсон байдаг. Ингэж хууль зөрчиж монголчуудыг үлэмж хохироохын зэрэгцээ хажуугаар нь бас эрх мэдлээ хэтрүүлэн дураараа дургиж Үндсэн хууль, УИХ  ба Засгийн газрын тухай хуулиудын холбогдох өдий төдий заалтыг давхар зөрчсөн байх жишээтэй.Энэ мэтчилэн маш олон эрхзүйн актыг зөрчсөн баримт бий. 2010 оны 4-р сард нийтлэгдсэн урьдчилсан судалгаанаас үзэхэд, зөвхөн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа нийт 8 хууль, 3 тогтоолын 20 гаруй заалтыг агуулгын хувьд зөрчиж, нийт 5 хууль, 1 тогтоолын 20 гаруй заалтад харшилсан үйлдэл хийсэн байдаг юм. Үүнийг яаж ч үгүйсгээд нэмэргүй.

Ер нь аливаа гэрээ хууль бус эсэхийг баттай тогтооход заавал олон тооны нотолгоо ч шаардлагагүй. Хөдөлшгүй,маргашгүй ганцхан баримт байхад л бүрэн хангалттай байх тохиолдол цөөнгүй бий.Хуульт ёс оршсон цагт Оюу Толгойгоо алдахгүй

УИХ-ын 20 гишүүн 57-р тогтоолын хэрэгжилтийг хангахыг өнгөрсөн намар хүчтэй шаардахад МАНАН-гийн эрх баригчид бүр цагаандаа гарч байж л уг шаардлагыг хэрэгсэхгүй өнгөрч (түр намжааж) дөнгөсөн түүхтэй.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга тэргүүтэй эрх мэдэлтнүүд төрийнхөө хууль зүйг огоорон гаднын компаниудын ая таалал, шахалтад нийцүүлэн хэрхэн хүчгүйдүүлж, завхруулж байгааг тэр үед монголчууд телевизийн  сувгуудаар харж “ийм ч удирдлагатай байх гэж дээ, ийм байхад энэ улс орон яаж өөдөлж хөгжих вэ дээ” хэмээн харуусч гутарсан, дотроо нэгийг бодсон.

Чухамхүү хууль хэрэгжүүлэх үүрэг, тангараг, даалгавартай өндөр албан тушаалтнууд ажлаа олигтой хийхгүйгээр үл барам хууль зүйг умартан дураараа тонгочиж байгаа учраас л өнөөгийн Монголд хуульт ёс, тэрчлэн шударга ёс устаж үгүй болох нь тун холгүй болчихоод байгаа билээ.

Оюу Толгойн хууль бус гэрээ үүний тод жишээ. Одоо энэ ордыг ашиглахтай холбоотой бүхий л үйл ажиллагаа хууль бус үндсэн дээр явагдаж байна. Яаж ч төсөөлсөн энэ байдал сайн үр дагаварт хүргэхгүй. Одоогоор болж байгаа мэт харагдавч нэг их удаан үргэлжлэхгүй.

Монгол Улсад хуульт ёс гэх үнэт зүйл бүрэн төгс биш ч гэлээ ямар нэгэн хэмжээ, хэлбэрээр оршиж буй цагт эрх баригчид гадаадын компаниудтай дуу хоолойгоо авалцан хүчин төгөлдөр гэрээ бий гэж хэд ч мэдэгдээд, хүчлэн дарамтлаад үнэн мөнийг даван дийлж чадахгүй ээ.

Монголын ард түмэн 20 жилийн өмнө Үндсэн хуулиа баталж, хууль дээдлэх зарчимд тулгуурласан эрх зүйт төрийн тогтолцоог сонгон авсан нь ийнхүү Оюу Толгойн асуудал дээр одоо ач тусаа өгч байна гэж хэлж болно. Эрх зүйт төрийн давуу талууд  энэ мэтчилэнгээр цаашдаа маш олон асуудал дээр тод илэрч  монголчуудад  нөмөр нөөлөг болж, үр өгөөжөө өгнө гэдэгт бид огт эргэлзэхгүй байна.

Ийм өнцгөөс авч үзэхэд ч “Өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн Оюу Толгойн орд маань бидний мэдэлд байсаар байна, гаднынханд луйврын гэрээгээр алдчихаагүй байна”  гэх чихэнд чимэгтэй мэдээг монголчууддаа дахин хүргэж болохоор байгаа юм.

 

Цоо шинэ гэрээ хэрэгтэй

 

Хууль бус гэрээг, тэгэх тусмаа улс,үндэстний хувь заяанд асар их хор хөнөөлтэй гэрээг хууль ёсных болгож хүлээн зөвшөөрөх шаардлага монголчуудад огт байхгүй ээ. Хууль зүйн тийм боломж ч Үндсэн хуулийн хүрээнд өгөгдөөгүй.

Одоо тэгээд бүтээн байгуулалтыг зогсоох юм уу? гэх маягийн асуудлыг гэрээний эзэд, хамгаалагчид босгож магадгүй. Үүний хариулт их энгийн. Нэгд, хууль бус ба алдаа, бульхайтай үйл ажиллагааныхаа үр дүнг хариуцацгаа; хоёрт, “зуурсан бантан, жонхууны” Tань балгыг Монголын төр, ард иргэд үүрэх, хариуцах, хүлээн зөвшөөрөх боломжгүй; гуравт, хууль тогтоомжид нийцсэн гэрээ байгуулж байж л ажил,үйлдвэрлэл хэвийн явагдах эрх зүйн боломж нээгдэнэ хэмээн юуны өмнө хариулж болох юм.

Хууль бус гэрээг хууль ёсных болгож ном ёсоор нь зохицуулъя гэвэл, нэг бол Үндсэн хууль ба холбогдох хууль тогтоомжийг өөрчлөх, эсвэл ард нийтийн санал асуулгаар асуудлыг нэг тийш болгох, эсвэл цоо шинээр гэрээ байгуулах гэсэн 3 гарц л бий. Өөр бүх шийдэл бүгдээрээ анхнаасаа хууль бус, тиймээс хүчин төгөлдөр бус байх нигууртай.

Ер нь монголчууд Оюу Толгойн гэрээтэй холбоотойгоор нэг зүйлийг ухаарсан биз ээ. Юу вэ гэвэл, энэ гэрээ хууль ёсных уу? хүчин төгөлдөр үү? гэх аж ахуйн нэг гэрээтэй холбоотой асуудал бүр яван явсаар Монгол Улсад ерөөс хууль зүй байх уу, үгүй юу? гэх зарчмын асуудал болж хувирчихаад байгааг ойлгосон байх аа.    

Энэ улс оронд төр шиг төр байх ёстой, тиймээс хуульт ёс ноёрхож гуйвалтгүй хэрэгжих ёстой, тиймээс хэнбугай ч хууль тогтоомжид захирагдах ёстой гэсэн энгийн үзэл санааг  бид баримталдгийн хувьд энэ Оюу Толгойн гэрээ чинь хууль бус болчихжээ, хүчин төгөлдөр бус юм байна аа, огт болохгүй нь ээ гэж учирлаад байгаа билээ.

Гэтэл гадна,дотнынхон нийлсэн бөөн “хар хүч” Монголын хууль, Монголын төр огт хамаагүй гэх нь холгүй аархан аяглаж эрх дарх,хүч,мөнгөөр түрэмгийлэн дайрсаар хууль бус гэрээгээ хүлээн зөвшөөрүүлэхийг, Оюу Толгойн баялгийг хууль бусаар эзэмшилдээ оруулж цөлмөхийг, улмаар Монголыг санхүү-эдийн засгийн талаар атгаж хянахыг, бүр эцэс сүүлд нь Монголын төрийг юу ч биш болгож хувиргахыг санаархсаар байна.

Тэдний энэ зорилго бүтэх тавилангүй бөгөөд ард түмэн үүнд тун удахгүй цэг тавих биз ээ.

 

 

Өөрчлөх, цуцлах тухай ярихад учир бий

 

Оюу Толгойн гэрээг өөрчлөх ёстой, цуцлах  хэрэгтэй, өөрчилж чадахаас өнгөрлөө гэх мэдээ, мэдээлэл, санаа бодол олонтаа гарч байгаа билээ.Өөрчлөх,цуцлах санал,шаардлага тавьж байгаа нь тун сайшаалтай ч энд нэг зүйлийг анхаарах нь зүйтэй санагдана.Өөрчлөх,цуцлах гэх үг, томъёоллыг гэрээ хууль ёсных болсон, хүчин төгөлдөр болсон гэх утга агуулгыг урьдчилан хүлээн зөвшөөрсөн үед л хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Өөрөөр хэлвэл, хүчин төгөлдөр гэрээ байвал  л түүнийг өөрчлөх, эсвэл цуцлах тухай ярьж болно.

Өөрчилнө, цуцлана гэх нь гэрээ хүчин төгөлдөр гэдгийг хүлээн зөвшөөрснөө битүүхэн илэрхийлж байгаагаас өөрцгүй бөгөөд тухайн гэрээний зүйл, заалтуудад захирагдахаас өөр аргагүй нөхцөл байдалд өөрсдийгөө сайн дураар оруулна гэсэн үг юм.Анхнаасаа хууль бус, тиймээс хүчин төгөлдөр бус гэрээний тухайд бол өөрчлөх, цуцлах гэрээ ерөөс байхгүй тул өөрчлөх,цуцлах тухай ойлголт ч үүсэхгүй.Иймд өөрчлөх,цуцлах тухай ярихдаа хүрвэл энэ учир зүйг бодолцож Оюу Толгойн гэрээ хүчин төгөлдөр болсон гэх буруу ташаа ойлголт, уур амьсгалыг нийгэмд түгээхээс аль болох зайлсхийх нь монголчуудын эрх ашигт нийцнэ.

 

Оюу Толгойн гэрээ нь улстөрчдийн чанар чансааны хэмжүүр

 

 

Хуульт ёс  болон үндэсний эрх ашгаа уландаа гишгэн дээд зэргээр танхайрч буй эрх мэдэлтнүүдэд дээрх зүйлс огт хамаагүй байгаа нь үнэн. Өнөөгийн төр хууль тогтоомжоо хэрэгжүүлж чадахгүй ба хүсэхгүй байгаа нь ч бас бодит зүйл. Гэхдээ үүнийг үндсээр нь өөрчлөх боломж Монголчуудад бий.

Оюу Толгойн асуудал Монголын улстөрчдийн жинхэнэ нүүр царай, дүр төрхийг ард түмэнд олон удаа маш тод таниулж өгсөн гэж хэлж болно. Энэ хатуу шалгуур, сорилтыг ноён нуруутай давж чадсан хүмүүс л цаашид итгэл даах чадвартай гэдгийг иргэд анзаарсан болов уу.

Удахгүй болох сонгуулийн дүнд ард түмний төлөө ажилладаг хүчирхэг төр бүрэлдэн тогтож, хуульт ёсыг эрхэмлэн дээдэлж, чандлан мөрдөж эхлэх аваас Оюу Толгойн гэрээ хүчин төгөлдөр бус гэдгийг албан ёсоор зарлан мэдэгдэж, цоо шинэ гэрээ хийх үйл явц өрнөх биз ээ.

Тэгсэн цагт гайхамшигт Оюу Толгойгоо алдчихлаа, цөлмүүлчихлээ, ашиг багатай гэрээ хийчихлээ хэмээн үеийн үед харамсах зовлонгоос монголчууд эгнэгт ангижирна.

Нэн хариуцлагагүй, уг чанартаа эх орныхоо эрх ашгаас урвасан албан тушаалтнуудын  хар гайгаар  бий болсон мухардмал байдлын хор хохирол, үр дагаврыг монголчууд олон үеэрээ амсан үүрч, зовж зүдрэх аюул сарнин арилна.  Улс орноо нуман тулгуурт оруулсан гэмт этгээдүүд “Оюу Толгойн Трибунал”-аар бүрэн илчлэгдэнэ.

Анхны хөрөнгө оруулалтын хэмжээ 2007 онд 2,7 тэрбум доллар байснаа ямар учраас бараг 2 дахин нэмэгдэв? Говийн бүсийн суурь (дэд) бүтцийг хэрхэн бий болгох вэ? хаана, яаж орчин үеийн хот,тосгон байгуулах вэ? гэх мэт тулгамдсан олон асуудлыг Монголынхоо дээд эрх ашигт нийцүүлэн ном ёсоор нь нэгд нэгэнгүй нягтлан шийдэж таарна.  

Товчхондоо, Монголчууд эргэлтийн шинж чанартай  энэ цаг  үед  хүч,санаагаа нэгтгэж сонголтоо зөв хийж чадвал Оюу Толгой болон бусад баялагтаа жинхэнэ ёсоор эзэн болж улс,үндэстнээ авран хамгаалах, хөгжүүлэх нөр их ажлаа шинжлэх ухааны үндэслэлтэйгээр оновчтой  явуулах боломж байна.  

 

“Ирээдүйтэй хөгжил” зөвлөлийг үүсгэн байгуулагч Р.Эрхэм