20-р зууны эхээр Монгол оронд Манжийн үеийн мөнгө хүүлэлтийн хүү жилийн 24 хувь байсан гэгддэг. Тэгвэл өнөөдрийн Монголд арилжааны банкнуудын зээлийн хүү 19-21 хувьтай байна.
Арилжааны банкны зээлийн хүү 20%-аас дээш хувьтай байвал үүнийг олон улсад мөнгө хүүлэлт буюу мөлжлөгийн систем гэж үздэг аж. Гэвч мөнгө хүүлэлтийн эсрэг Монголын олон нийт огт тэмцэхгүй байгаа.
Үүний шалтгаан нь юу болох тухай "Өргүй Монголын төлөө" үндэсний хөдөлгөөний тэргүүн Т.Баярхүү Sonin.mn-д дараах тайлбарыг хийв.
Тодруулбал Т.Баярхүү: "Монголчууд өрөнд орсон нь Монголчуудын сэтгэлгээнд байна. Та нар өөрсдөө итгэх ёсгүй хүмүүст итгэж, итгэх ёсгүй номлолд итгэж, зальтан луйварчин, оффшорчдод хууртсан байна гэдэг соён гэгээрүүлэх ажлыг өнгөрсөн хугацаанд хийлээ. Монголын ард түмэн, бизнес эрхлэгчид, жирийн тэтгэврийн зээлтэй хөгшин, өдөрт иргэний үнэмлэхээ тавиад дэлгүүрээс нэг талх зээлээр авдгаасаа эхлээд бүгд мөнгө хүүлэгчдийн барьцаанд орчихсон гэдгээ ер нь мэдчихсэн. Гэхдээ нэг зүйлийг арай гүйцэд ойлгож чадахгүй байна. 1911 онд Монголын ард түмэн бас л жирийн ард түмнээсээ эхлээд том олигархиуд нь хүртэл Манж, Хятадын мөнгө хүүлэлтийн барьцаанд орсон байсан. Ингээд Манж, Хятадын мөнгө хүүлэгчдийн эсрэг боссон ард түмний их тэсрэлтийг тухайн үеийн эх орончид зөв зохион байгуулж чадсан учраас хувьсгал ялсан юм. Одоо өнөөдөр юуг ойлгуулах гээд байна гэхээр... Яг 1911 онд бол төсөөлдөө, яг өмнө чинь шүд нь арзайсан данжаад Манж, Хятад байж байгаа. Нүдэнд чинь яг ингээд Хятад харагдаад байгаа учраас ард түмэн шууд босоод цусаа урсгаад, амиа үл хайрлаад тэмцчихэж байгаа юм. Гэтэл өнөөдөр арзайсан шүдтэй, мөнгө хүүлэгч Хятадын чинь оронд нэг их гоё зангиа зүүсэн, мэдэхгүй байж худлаа элдэв онол ярьсан, олон улсын сан, банк, Монголбанк, Худалдаа Хөгжлийн Банк, "Хаан" банк гээд гоё гоё нэртэй, хамгийн гоё оффистой, хамгийн хээнцэр, чамин, худлаа Англиар ярьсан нөхдүүд гарч ирчихээд байна л даа. Тэгэхээр нөгөө 1911 онд бол маш амархан, шүд нь арзайсан Хятад данжаадуудыг цөм цохиод хувьсгал хийж чадаж байсан бол өнөөдөр хэлбэрийн хувьд мөнгө хүүлэгч нь өөр болчихсон байгаад асуудал байна.
Тэгэхээр Sonin.mn-ы уншигч олонд хэлье, Худалдаа Хөгжлийн Банкны Д.Эрдэнэбилэг, Хаан банкны Ц.Баатарсайхан, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, ОУВС-ийн мэргэжилтнүүдийг бүгдийг нь нийлүүлээд 1911 оны үеийн мөнгө хүүлэгч арзайсан шүдтэй балиар данжаад гээд ойлгочих. Мөн чанар нь яг ижил шүү." хэмээсэн юм. Дашрамд дурьдахад "Өргүй Монголын төлөө" үндэсний хөдөлгөөний хамт олон "Өргүй Монголын төлөө үндэсний чуулган"-ыг зохион байгуулах гэж байгаа бөгөөд хамтран ажиллах сонирхолтой хүмүүсийг 89278927 дугаарын утсаар холбогдохийг урьж буй ажээ.
Э.Мягмар