Мөнхийн сэдэв хайр сэтгэлийн бэлэг тэмдэг болсон “Ромео, Жульетта” жүжиг маргааш үзэгчдийн хүртээл болно. Монголын дөрөв дэх Жульеттагаар УДЭТ-ын залуу жүжигчин Г.Номуун сонгогдсон юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
–Монголын үзэсгэлэн гоо дөрөв дэх Жульетта болсонд баяр хүргэе. Таны хувьд анх жүжигчин О.Дөлгөөний хамт Жульеттад сонгогдсон байх аа?
-Баярлалаа. Манай театр анх “Ромео Жульетта” жүжгийг тавих болж найруулагч маань хоёр баг сонгоно гэдгээ мэдэгдсэн. Нээлтийн тоглолтод О.Дөлгөөн, Б.Шинэбаяр хоёр тоглохоор болсон. Харин хоёр дахь багийг бүрдүүлэхийн тулд жүжигчдийн дунд сонгон шалгаруулалт зарласан юм. Энэ сонгон шалгаруулалтыг давснаар Жульеттад тоглох эрхтэй болсон.
–Хамгийн анх Жульеттагийн дүрээр Эрдэнэт хотын тайзан дээр гарсан санагдаж байна?
-Хамгийн эхний тоглолтоо Эрдэнэт хотод хийсэн. Жүжигтээ тоглоод, тайзан дээр гарах бүртээ сайхан мэдрэмжийг авч байна. Маргаашийн тоглолт ч гайхалтай болно гэдэгт эргэлзэхгүй байна.
–Жульеттагаар тайзан дээр гарахад яг юу мэдэрдэг вэ?
-Жүжигчний мэргэжлээр сурдаг оюутнууд болон мэргэжлийн жүжигчдийн мөрөөдлийн дүр нь Жульетта. Энэ дүрд тоглох болсон минь том аз завшаан гэж боддог. Жульеттад хувираад тайзан дээр гарах бүртээ хамгийн дээд аз жаргалыг мэдэрдэг. Гэнэн цагаан, цайлган, ямар ч хир буртаггүй, ариун хайрын бэлгэдэл болсон дүрээр үзэгчидтэйгээ уулзах нь миний хувьд нэр төрийн хэрэг.
–Монголын анхны Жульетта бол жүжигчин И.Одончимэг. Түүнтэй уулзаж, дүрийнхээ талаар ярилцаж байв уу?
-Би өөрийгөө их азтай гэж боддог. Учир нь ээж минь энэ театрт эмэгтэй хувцасны эрхлэгч хийдэг. Тиймээс миний бага нас театртай салшгүй холбоотой. “Ромео, Жульетта” жүжгийг анх тавихад би жаахан байсан мөртлөө өдөр бүр алгасалгүй үздэг байсан. Тухайн үед юу ойлгодог байсан юм бол бүү мэд. Жүжиг дуусахад уйлчихсан байдаг байж билээ. Одоо ч тухайн үед тоглож байсан гавьяат жүжигчин И.Одончимэг, О.Гэрэлсүх болон Г.Урнаа, Г.Алтанбагана гэсэн мундаг жүжигчин ах, эгч нарын царай, хэлж байсан үг хүртэл чихэнд сонсогдох шиг болдог.
–Жаахан байхдаа өнөөдрийнх шиг өөрийгөө Жульеттагаар төсөөлдөг байв уу?
-Дэлхийн бүх хүн энэ алдарт зохиолыг мэддэг. Өөрөө сонгодог бүтээл учир даацтай. Театрын анхны мэдэгдэхүүнгүй хүн ч хайр сэтгэлийнхээ төлөө үхдэг хосын тухай жүжиг гэхээр өө тийм “Ромео, Жульетта” гэх жишээтэй. Миний хувьд бага наснаасаа л энэ бүтээлийг үзэж өссөн гэхээр төсөөлөл байсан. Дунд сургуульд байхдаа зохиолыг нь анх уншсан. Харин оюутан байхад манай анги энэ жүжгийг монголчилж, курсийн ажил хийхэд би Жульеттад анх сонгогдож байлаа.
–Тэгэхээр театрт өнгөрөөсөн бага нас тань жүжигчин болох хүслийн тань эхлэлийг тавьжээ?
-Манайх их олуулаа байсан. Яагаад ч юм би л ээжийгээ дагаж театр дээр байнга ирнэ. Нэг тоглолтыг хэдэн удаа давтаж үзсэн ч уйддаггүй байсан. Уран бүтээлчдийг харж, драмын урлагт дурласнаар жүжигчин болохоор шийдсэн дээ.
–Ромеотой нэг анги гэсэн үү?
-Ромеод тоглож байгаа Шинээ бид хоёр СУИС-ийн нэг анги. Мэргэжлийн хичээлээ гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар багшаар заалгасан. Анх театрын жүжигчин болохоор шалгалт өгөхдөө ч хамт ирж байлаа. Миний хувьд СУИС-ийг төгсөөд “Эмоци” продакшинд ажиллаж, уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Ажиллаж байхдаа театрт шалгалт өгөөд орсон. Хоёр жил дагалдан жүжигчнээр ажиллаад үндсэн жүжигчин болсон.
–Жульетта таны сонгодог бүтээлийн анхны гол дүр бил үү?
-Театрт орсноос хойш том хэмжээний бүтээлүүдийн гол болон туслах дүрд ажилласаар ирсэн. “Үнсгэлжин” жүжгийн Үнсгэлжин, “Норовын намтар” жүжгийн Жимсээ, “Тэнгэрийн хүү” жүжгийн Шива гээд жүжгүүдэд ажилласан байна. Харин яг сонгон шалгаруулалтад тэнцээд авч буй сонгодог бүтээлийн гол дүр минь “Ромео, Жульетта” жүжиг болж байна. Мөн их зохиолч Д.Нацагдоржийн амьдралаар бүтсэн “Жаргаагүй нар” жүжгийн Пагмадуламын дүрд найруулагч намайг сонгосон.
–Дүрийн сонгон шалгаруулалт ямар зарчмаар явсан. Таны хувьд ямар хэсгийг тоглож байв?
-Намайг шалгаруулалтад ороход театрынхнаас гадна гаднаас жүжигчид ирж шалгаруулалтад оролцож байсан. Миний хувьд найруулагчийн зааврын дагуу жүжгийн хамгийн гол хэсэг болох тагтны хэсгийг тоглосон.
–Өмнөх гурван бүсгүй өөр, өөрийн Жульеттаг бүтээсэн байдаг. Г.Номууны хувьд дүрийнхээ ямар онцлогийг илүү гаргах бол?
-Жульетта гэхээр хүн бүхэн даруухан, зөөлөн бүсгүй гэж боддог. Мэдээж хүн юм чинь хүнээс гардаг бүх араншин түүнд бий. Миний хувьд эрх дураараа, өөрийнхөөрөө, зоригтой Жульеттаг бүтээнэ. Гэхдээ гэнэн хонгор, энхрий ялдамхан, уян зөөлөн чанарыг нь орхихгүй.
–Таны хувь хүнд чинь Жульеттатай төстэй зан