Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Франц улсаас Монгол улсад суугаа элчин сайд Хатагтай Элизабет Барзак, Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан атташэ Орелиа Талваз нарыг хүлээн авч уулзлаа.
Сүүлийн жилүүдэд хоёр орны хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа харилцан ашигтай хэлбэрт шилжиж, эрчимтэй хөгжиж байна. Эрчимжсэн мал аж ахуй, мах, сүүний чиглэлийн фермийн аж ахуйг нутагшуулах, малын үүлдэр угсааг сайжруулах зорилгоор мах, сүүний чиглэлийн үхэр, сүүний чиглэлийн ямаа, ноосны чиглэлийн хонийг Францаас импортолсон юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд монгол ноолуурыг дэлхийн зах зээлд илүү өргөн хүрээнд гаргахад хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Жилд 7-9 мянган тонн ноолуур бэлтгэж, дэлхийн ноолуурын зах зээлийн 30 хувийг дангаараа бүрдүүлдэг учраас монгол ноолуур дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтойг онцолсон юм.
Малын удмын сангийн цогцолборын ажил дуусч байгаатай холбогдуулан удмын сан, био технологи, зохиомол хээлтүүлгийн тоног төхөөрөмжийг хөнгөлттэй нөхцөлөөр худалдан авч суурилуулах, мал бүртгэлийн чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг элчин сайдаас хүслээ.