Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг салбарынхаа гадаад худалдааны үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Мал эмнэлэг, үржлийн газрын удирдлагуудтай санал солилцох уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд Сайд Б.Батзориг бид нэг л засгийн газарт ажиллаж, төрийн үйл хэргийг удирдан чиглүүлж байна. Малчид, ард иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн махны экспорт, малын өвс тэжээлийн импортыг шуурхайлах ажлыг дан ганц Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам шийдэх боломжгүй. Иймээс ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог нэгтгэж, салбарын гадаад худалдааг хөнгөвчилж, дэмжиж ажиллах зөвлөмжийг мэргэжлийн хяналт, гааль, татварын ерөнхий газрын удирдлагуудад өглөө.
Нэн тэргүүнд ОХУ-аас 50 мянган тонн өвс тэжээлийг импортлон, малчдад хүргэх мөн хүн амын хүнсний хангамжийг тогтвортой хадгалах үүднээс 225 мянган тонн хүнсний улаанбуудай, 10 мянган тонн үрийн улаанбуудайг импортлох ажлыг гааль, мэргэжлийн хяналт, татвар зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран шуурхай зохион байгуулах хэрэгтэй байна.Мөн үржлийн бус малыг экспортлох, хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн хуралдаанаар тогтоосон квотын дагуу адуу үхрийн мах экспортлох үйл ажиллагааг хөнгөвчлөх, хэрэгжилтийг хамтран зохион байгуулах чиглэлийг холбогдох төрийн байгууллагуудад салбарын сайд өглөө.
Үүнээс гадна Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хаврын улирлын хэрэгцээнд зориулан нийт 16 мянган тонн мах бэлтгэн, тогтвортой үнээр зах зээлд нийлүүлэхээр бэлтгэл ажил хангагдаж байна. Энэ ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдийн орон нутгаас бэлтгэх малын гарал үүслийн гэрчилгээнд, бэлтгэх, хадгалах махны чанарт, худалдан борлуулах тоо хэмжээнд онцгой хяналт тавьж ажиллах шаардлагатайг Сайд Б.Батзориг тодотгон хэлсэн юм.